Боловсролын яамны төлөөлөгчид Астана хотын “TANYM” олон үйлдэлт сургалтын цогцолбор болон Абай Кунанбайевын нэрэмжит 87 дугаар сургууль-гимназийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхдийн хөгжил, суралцахуйг дэмжсэн сургалтын орчин, боловсролын байгууллагын менежментийн сайн туршлагыг судаллаа.
“TANYM” олон үйлдэлт сургалтын цогцолборт хүүхдийн авьяас чадвар, сонирхлыг хөгжүүлэхэд чиглэсэн инженерчлэл, роботик, сэргээгдэх эрчим хүч, 3D технологи, урлаг, спорт, хэлний боловсролын төрөлжсөн сургалт, дугуйлангийн үйл ажиллагаатай танилцав. Тус байгууллага нь хүүхэд бүрийн онцлог, сонирхолд нийцсэн нэмэлт боловсролын үйлчилгээг хүртээмжтэй хүргэж буйгаараа онцлог байлаа.
Мөн Абай Кунанбайевын нэрэмжит 87 дугаар сургууль-гимназийн хэрэгжүүлж буй “Шударга иргэн” цогц боловсролын хөтөлбөр, сурагчдын төлөвшил, үнэт зүйлсийн боловсрол, STEM сургалтын үйл ажиллагаа, сурагчдын бүтээлч байдлыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдтэй танилцлаа. Сургуулийн музей, номын сан, сурагчдын чөлөөт орон зай, хөгжлийн төвүүд нь хүүхдийн оролцоог дэмжсэн, ээлтэй сургалтын орчин бүрдүүлэхэд чиглэсэн байв.
Уулзалтын үеэр төлөөлөгчид сурагчдын сурч хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлэх, аюулгүй, хүртээмжтэй, хүүхэд төвтэй сургалтын орчныг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй “Тохилог сургууль”-ийн сайн туршлагатай танилцаж, сургуулийн орчны төлөвлөлт, сурагчдын сайн сайхан байдлыг дэмжих шийдлүүд, нэмэлт боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх арга замын талаар санал солилцов.
Талууд хүүхдийн хөгжил, суралцахуйг дэмжсэн орчин бүрдүүлэх нь боловсролын чанарыг сайжруулах чухал хүчин зүйл болохыг онцолж, цаашид сайн туршлага харилцан нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.



