Монгол Улсад хүүхдийн зуслангийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой мөн “Зуслантай зун” аяны хүрээнд нийслэл болон орон нутгийн зуслангууд үйл ажиллагаагаа эхлүүлэн, бүртгэлээ авч байна.
Хөвсгөл аймгийн хүүхэд, өсвөр үеийнхний хөгжлийг дэмжих, зуны амралтыг үр өгөөжтэй өнгөрүүлэх зорилготой “Уран дөш” хүүхдийн зуслангийн 2026 оны үйл ажиллагааны нээлт боллоо.

Хөвсгөл аймгийн хувьд 2026 оны зуслангийн ээлжүүдэд эрсдэлт нөхцөлд амьдарч буй болон зорилтот бүлгийн 240 хүүхэд, мөн сум бүрээс сонгогдсон 300 хүүхдийг үнэ төлбөргүй амрааж, хөгжүүлэхээр ажиллаж байна.
"Уран дөш” хүүхдийн зуслан энэ онд нийт долоон ээлжээр үйл ажиллагаа явуулж, 7-17 насны 1200 гаруй хүүхдийг хүлээн авахаар төлөвлөжээ.
Зуслангийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүүхэд хүлээн авах боломжийг өргөжүүлэх зорилгоор 2027 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ амрах байр барихаар төлөвлөж байгаа юм.
Хүүхдийн зуслан хүүхдийг гар утасны хамаарлаас салгах, үе тэнгийн дээрэлхэлтгүй, аюулгүй орчинд нийгэмших хамгийн тохиромжтой газар билээ.




