ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХОНОГ-БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЧӨЛӨӨЛӨЛТ

A- A A+
ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХОНОГ-БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЧӨЛӨӨЛӨЛТ

- Засгийн газрын 2025 оны 225 дугаар тогтоолоор Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолд нэмэлт оруулж, төрийн албан хаагчид олгох нэмэгдлийг тооцох үндсэн цалингийн хэмжээг тодорхойлохдоо цалингийн доод хэмжээг баримтлахаар тогтоож, тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулснаар боловсролын салбарт “албан тушаалын цалин”, “үндсэн цалин” гэсэн цалингийн хоёр өөр ойлголт үүссэн байсан.

Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуульд тодотгол хийх хүртэл Боловсролын болон Сангийн сайд хамтран тухайн оны батлагдсан төсөвтөө багтаан зохицуулалт хийж шийдвэрлэлээ.

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг хосмог хэлбэрээр хөгжүүлэх, ажлын байран дахь сургалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын хариуцлагын зарчимд хэрэгжүүлэх, хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчийн шаардлагад нийцсэн чадварлаг хүний нөөц бэлтгэх, сургалтыг уян хатан, хосолмол хэлбэрээр салбар болон улирлын онцлогт нийцүүлэх шаардлагатай.

Монгол Улсын Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилга, “Монгол хүүхэд залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье" арга хэмжээний хүрээнд мэргэжлийн болон техникийн салбарт аж ахуйн нэгжтэй “Ур чадвартай ажилтан бэлтгэх” иж бүрэн түншлэлийн санамж бичиг” байгууллаа.

Боловсролын зээлийн сан нь 100% төсвөөс хамааралтай, оюутнуудтай байгуулдаг гэрээний зохицуулалт нь жигд бус, мэдээллийн систем нь хуучирсан, тоон датанууд нь хоорондоо зөрчилтэй зэргээс үүдэн тогтолцооны хямралд орсон байна.

Боловсролын зээлийн санг Боловсролын хөгжлийн сан болгон өөрчлөн зохион байгуулахтай холбогдуулан хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг 8 сард багтаан шинэчлэх ажлыг эхлүүллээ. 

2025-2026 оны хичээлийн жилд төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын 717 сургуулийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэг цахим төхөөрөмжид ноогдох хүүхдийн тоо 11 (1:11) байна. Мөн 18,838 анги танхимын 3,362 анги танхим нь ухаалаг самбартай байна.
Нэг цахим төхөөрөмжид ноогдох хүүхдийн тоог 2 (1:2), анги бүрийг ухаалаг самбартай болгох зорилгоор 2026-2028 онд сургалтын зориулалттай 300,000 ширхэг зөөврийн компьютер, 10,000 зөөврийн төхөөрөмж, 15,500 ухаалаг самбарыг жил бүр үе шаттайгаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсролын сургалтын байгууллагуудад үе шаттай нийлүүлэхээр болов.