БНСУ-ын Боловсролын сайд Чой Кё Жин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авлаа

A- A A+
БНСУ-ын Боловсролын сайд Чой Кё Жин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авлаа

Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Боловсролын сайд Чой Кё Жин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, хоёр улсын боловсролын салбарын ойрын болон урт хугацааны түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар хэлэлцээр байгууллаа.

Монгол Улсад хэрэгжиж буй боловсролын багц хуулийн шинэчлэл болон дижитал шилжилтийг эрчимжүүлэхэд энэхүү уулзалт чухал түлхэц болох юм.

УУЛЗАЛТЫН ОНЦЛОХ ҮР ДҮН:

  • "Нэг хүүхэд – Нэг AI багш" зорилтын хүрээнд БНСУ-ын хиймэл оюунд суурилсан сургалтын программ хангамж, онлайн хичээлийн дэвшилтэт туршлагыг нэвтрүүлнэ. Мөн "Naver", "Google" зэрэг технологийн томоохон компаниудтай дижитал сургалтын орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллахаар болов.
  • Хоёр улсын их, дээд сургуулиудын хооронд оюутан солилцоог нэмэгдүүлж, Монголд 2 жил, Солонгост 2 жил суралцаж хос диплом авах "2+2" тогтолцоог өргөжүүлнэ. Одоогоор БНСУ-д 15,000 гаруй монгол оюутан суралцаж байгаа нь гадаад оюутнуудын тоогоор 4 дүгээр байранд жагсаж байна.
  • KOICA-ийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжиж буй сургуулийн үдийн хоолны төслийг үргэлжлүүлж, БНСУ-ын 40 гаруй жилийн туршлага дээр үндэслэн хоол зүйч, нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, чанарын стандартыг олон улсын түвшинд хүргэхэд анхаарна.
  • БНСУ-д амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдийн сурч боловсрох орчныг дэмжих, тус улсад үйл ажиллагаа нь зогссон сургуулийн байрыг монгол сургуулийн зориулалтаар ашиглах, багш нарын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр бодит ажлуудыг эхлүүлнэ.
  • Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл болон бусад томоохон эмнэлгүүдийн боловсон хүчнийг бэлтгэх хүрээнд 1,000 гаруй нарийн мэргэжлийн эмч, сувилагчдыг БНСУ-д дадлагажуулах, мэргэжлийн болон техникийн боловсролын оюутнуудыг "WorldSkills" тэмцээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа хүүхэд бүрд тэгш боломж олгох, дэлхийн жишигт нийцсэн мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэж байна.