Монгол улсын засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар боловсролын байгууллагын шинэ загвар болох “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний санаачилгын талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, сургалтын зориулалтаар ашиглаж байгаа барилгын 35,5 хувь нь төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбогдоогүй, ердийн галлагаатай уурын зуух ашиглаж байна.
2026 онд төлөвлөгдсөн 418.2 тэрбум төгрөгийн тогтмол зардлын 325.1 тэрбум төгрөг буюу 77.7 хувь нь энэ төрлийн зардалд ногдож байна.Тиймээс: “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний загварыг 2026-2030 онд үе шаттайгаар хөгжүүлж, нэвтрүүлэх бөгөөд дараах дөрвөн үндсэн чиглэлээр хэрэгжүүлнэ.
НОГООН СУРГУУЛЬ чиглэлээр сургуулийн барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, ус хэмнэлт, хог хаягдлын менежмент, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжинэ.
УХААЛАГ СУРГУУЛЬ чиглэлээр сургуулийн дижитал шилжилтийг эрчимжүүлж, анги бүрийг интернет, ухаалаг самбартай болгож, хүүхэд бүрийн дижитал сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сургуулийн удирдлагын нэгдсэн цахим систем болон хиймэл оюун ухааны хэрэглээг үе шаттай нэвтрүүлнэ.
ЭРҮҮЛ СУРГУУЛЬ чиглэлээр хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийг тогтолцоонд оруулж, сургуулийн хоол, ундны ус, ариун цэвэр, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, хүүхдийн сурч хөгжих эрүүл орчныг бүрдүүлнэ.
АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ чиглэлээр хүүхэд хамгаалал, сэтгэл зүй болон цахим аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлнэ.


