ДЭЛГЭЦ ШИРТЭХ БИШ БҮТЭЭЖ СУРАЛЦАНА: "AI PLEDO" СИСТЕМИЙГ СУРЛАГЫН ХОЦРОГДОЛТОЙ ХҮҮХДҮҮДЭД ТУРШИНА

A- A A+
ДЭЛГЭЦ ШИРТЭХ БИШ БҮТЭЭЖ СУРАЛЦАНА:

БНСУ-ын “Үндэсний инновацын бүтээгдэхүүн”-ээр батламжлагдсан “AI Pledo” платформыг Монголд нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Эхний ээлжинд хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдэд үе шаттайгаар туршина.
Багачууд зөвхөн таблетын дэлгэц ширтэж, идэвхгүй суухгүй. Харин төхөөрөмжийг ухаалаг AI блоктой хослуулж, гараараа бодитоор үйлдэл хийн, эвлүүлж суралцахаар шийдсэн нь уг платформын гол онцлог юм. Ийм интерактив арга барил дэлгэцийн хэт хамаарлаас сэргийлээд зогсохгүй, хүүхдийн тархины хөгжил, бүтээлч сэтгэлгээнд эергээр нөлөөлөх давуу талтай.
Мөн уг системд математик, англи хэл, кодчилол зэрэг 10,000 гаруй хичээлийн баялаг сан багтжээ. Эдгээр хичээлийг монгол, англи тэргүүтэй олон хэлээр судлах боломжтой. Түүнчлэн анхаарал төвлөрөлт, унших чадвар султай хүүхдүүдэд зориулсан цахим сонингийн тусгай шийдэлтэй. Дуу хоолойг 99.7 хувийн нарийвчлалтай таних технологийн тусламжтайгаар хүүхдүүд сурлагын хоцрогдлоо уйтгартай биш, харин хамгийн хөгжилтэй бөгөөд бүтээлчээр арилгах боломж бүрдэж байна.