ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДУУ ХӨГЖМИЙН БАГШ НАРЫГ МАСТЕР СУРГАЛТАД ХАМРУУЛНА

A- A A+
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДУУ ХӨГЖМИЙН БАГШ НАРЫГ МАСТЕР СУРГАЛТАД ХАМРУУЛНА

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Их Британийн найруулагч, Зена Густхардтай уулзаж, ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.

 

Зена Густхард нь Майкл Жексоны "MJ The Musical", Дэнзэн, Шер нарын "Burlesque", "Bat Out of Hell" зэрэг дэлхийд алдартай томоохон шоу, мюзиклуудын бүжгийн дэглээчээр ажиллаж байсан туршлагатай уран бүтээлч, найруулагч юм.

 

Боловсролын шинэчлэлийн хүрээнд хүүхдүүдэд зөвхөн мэдлэг олгохоос гадна бүтээлчээр сэтгэх, шүүмжлэлтэй эргэцүүлэх, хамтран ажиллах, өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгож хүндэтгэх зэрэг XXI зууны ур чадваруудыг төлөвшүүлэхэд онцгой анхаарч байна.

 

Эдгээр чадварыг хөгжүүлэхэд урлагийн боловсрол чухал үүрэгтэй. Дуу хөгжим, урлагийн хичээл нь зөвхөн дуулах, хөгжим тоглох арга барил эзэмшүүлэх эсвэл мэргэжлийн уран бүтээлч бэлтгэх зорилготой бус, харин хүүхэд бүрийн авьяас чадвар, төсөөлөн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээ, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх, багаар ажиллах дадал төлөвшүүлэхэд чиглэдэг.

 

Боловсролын яамнаас дуу хөгжмийн багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өмнө нь “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр-тай хамтран дуу хөгжмийн багш нарыг чадавхжуулах ажлыг зохион байгуулсан.

 

Уулзалтын үеэр талууд урлагийн боловсролын өнөөгийн чиг хандлага, сургалтын арга зүй, багшийн мэргэжлийн хөгжлийн асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцлаа.

 

Өнөөдөр дэлхий нийтээр хүүхдийн нийгэм, сэтгэл хөдлөлийн хөгжил, харилцааны чадвар, эмпати буюу бусдыг ойлгон хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна. Урлагийн боловсрол нь эдгээр чадварыг төлөвшүүлэх үр дүнтэй хэрэгслийн нэг бөгөөд хүүхдийн цогц хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулдаг.

 

Иймээс дуу хөгжим, урлагийн багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, арга зүйг сайжруулна гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан онцоллоо.