ШУТИС-ИЙН ОЛОН УЛСЫН ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

A- A A+
ШУТИС-ИЙН ОЛОН УЛСЫН ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзан, инженерийн боловсрол, хамтарсан сургалт, судалгааны чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) болон Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургуулийн хамтын ажиллгаа нь 40 жилийн түүхтэй. Хоёр сургууль олон жилийн турш хөгжүүлсэн энэ харилцаагаа сургалт, эрдэм шинжилгээ, технологийн чиглэлээр улам өргөжүүлэх боломжтой юм.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 284 дүгээр тогтоол, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор ШУТИС-ийн салбар Олон улсын инженерийн сургуулийг Хүннү хотод байгуулах шийдвэр гаргасан. Тус сургууль нь Монгол Улсын аж үйлдвэр, эрчим хүч, дэд бүтцийн салбарт шаардлагатай инженерийн мэргэжилтэн бэлтгэхэд чухал ач холбогдолтой.

Уулзалтаар Олон улсын инженерийн сургуулийн анхны элсэлтийг төлөвлөсөн хуваарийн дагуу эхлүүлэх, хос болон хамтарсан дипломын хөтөлбөр хэрэгжүүлэх, кредитийг харилцан хүлээн зөвшөөрөх зохицуулалтыг тохирох асуудлыг хэлэлцэв.

Түүнчлэн хамтын ажиллагааг зөвхөн сургалтаар хязгаарлахгүйгээр сэргээгдэх эрчим хүч, цахилгаан, химийн инженерчлэл, материал судлалын чиглэлээр хамтарсан судалгааны баг ажиллуулах, судалгаа, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургуульд 2005 оноос хойш манай улсын 500 гаруй оюутан суралцаж төгссөн байна. Цаашид монгол оюутнуудад олгох тэтгэлгийн тоо, хэмжээг нэмэгдүүлэх, суралцах боломжийг өргөжүүлэх нь хоёр талын хамтын ажиллагааны чухал чиглэл юм.

Энэ хүрээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан төлөөлөгчид Хөх хотод ажиллаж, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын дэд дарга Сү Хэтэй уулзан, сургуулийн үйл ажиллагааг дэмжих, оюутнуудад олгох тэтгэлгийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон.

Хамтын ажиллагааны үр дүнг бодит ажил болгох нь чухал. Иймд хоёр тал сургалт, судалгаа, оюутны тэтгэлэг, хамтарсан хөтөлбөрийн чиглэлээр ажлын төлөвлөгөө гаргаж, тохирсон ажлуудаа үе шаттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.