ЗУРГААН БҮСЭД КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ АЖЛЫН ЭХЛЭЛ ЦОГТЦЭЦИЙ СУМАНД ТАВИГДЛАА

A- A A+
ЗУРГААН БҮСЭД КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ АЖЛЫН ЭХЛЭЛ ЦОГТЦЭЦИЙ СУМАНД ТАВИГДЛАА

Боловсролын яам болон “Энержи Ресурс” ХХК хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Кембрижийн хөтөлбөртэй сургууль, дотуур байр бүхий цогцолбор байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ нь Монгол Улсын зургаан бүсэд Кембрижийн хөтөлбөртэй сургууль байгуулах бодлогын хүрээнд хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжиж буй эхний бүтээн байгуулалтын эхлэл юм.

Уул уурхайн салбарын томоохон төвүүдийн нэг Цогтцэций суманд ажиллаж, амьдарч буй олон залуу гэр бүл хүүхдүүдээ орон нутагтаа сургаж, гэр бүлээрээ тогтвортой амьдрах хүсэлтэй байдаг. Гэвч ахлах ангийн боловсролын сонголт хязгаарлагдмал байдгаас шалтгаалан хүүхдүүдээ нийслэлд сургах, улмаар гэр бүлээрээ шилжин суурьших шаардлага тулгардаг.

Төслийн хүрээнд Кембрижийн хөтөлбөртэй 320 хүүхдийн багтаамжтай дотуур байр, сургуулийн цогцолбор байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр Цогтцэций сумын хүүхдүүд орон нутагтаа олон улсын хөтөлбөрөөр суралцах, чанартай боловсрол эзэмших боломж нэмэгдэнэ. Мөн орон нутагт ажиллаж, амьдарч буй гэр бүлүүдийн тогтвортой амьдрах нөхцөлд бодит дэмжлэг болно.

Мөн хувийн хэвшлийн боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтыг татварын бодлогоор дэмжих зохицуулалт хэрэгжиж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9 дүгээр заалтаар нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарт хуульд заасан шаардлага хангасан хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив үзүүлсэн аж ахуйн нэгжийн төлбөл зохих орлогын албан татвараас тухайн жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэлх хэмжээгээр хөнгөлөх боломжтой. Сургуулийн барилга, өргөтгөл, лаборатори, спорт заал, дотуур байр байгуулах зэрэг үйл ажиллагаа уг зохицуулалтад хамрагдаж байна.