Шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас эхлэн нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орж эхэлнэ.
Энэхүү хичээл нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилтэй зэрэгцэн нийгэмшил, сэтгэл хөдлөлийн төлөвшлийг дэмжихэд чиглэж байгаа бөгөөд сурагчдад өөрийгөө ойлгох, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах, эерэг харилцаа бий болгох зэрэг амьдралын суурь чадварыг эзэмшүүлэх зорилготой.


Мөн хүүхдийн нийгэм-сэтгэл хөдлөлийн хөгжлийг системтэйгээр дэмжихэд чиглэж байгаа бөгөөд сурагчид өөрийн сэтгэл хөдлөлийг таньж мэдэх, удирдах, өөртөө энэрэнгүй хандах, бусдыг ойлгох, мэдрэмжээ зөв илэрхийлэх, хамтран ажиллах, зөрчил асуудлыг зөв шийдвэрлэх зэрэг амьдралд шаардлагатай суурь чадваруудыг эзэмших юм.
Хөтөлбөр нь “Би”, “Бид”, “Бусад” гэсэн үндсэн агуулгын хүрээнд хэрэгжих бөгөөд сурагчид 6 хүрээ 24 чадамжийг үе шаттайгаар эзэмшинэ. Эдгээр чадвар нь хүүхдийн өөрийгөө танин мэдэх, бусдын мэдрэмжийг ойлгох, өөрийгөө бусдын оронд тавьж сэтгэх, эерэг харилцаа бий болгох, нийгмийн хариуцлагатай оролцох чадамжийг хөгжүүлэхэд чиглэж байна.

Сургалтыг чанартай хэрэгжүүлэх зорилгоор багш нарыг тусгай арга зүйгээр бэлтгэн сургасан бөгөөд сурагч бүрд “Миний сайхан сэтгэлийн дэвтэр”-ийг олгоно. Энэхүү хэрэглэгдэхүүн нь хүүхдийн өдөр тутмын эерэг дадал, зөв хандлага, өөрийгөө ойлгох чадварыг хөгжүүлэхээс гадна гэр бүлийн орчинд харилцан ойлголцол, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Мөн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гарын авлага, зөвлөмжийг боловсруулан түгээх бөгөөд ингэснээр хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн хөгжлийг гэр бүл, сургууль хамтран дэмжих нөхцөл бүрдэнэ. Энэ нь сургалтын үр нөлөөг нэмэгдүүлж, хүүхдийн хөгжилд тасралтгүй ахиц гаргахад чухал хувь нэмэр оруулна.
Хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг зөвхөн мэдлэгээр бус хөгжлөөр нь үнэлэх тогтолцоог хэрэгжүүлнэ. Багш нар хүүхдийн эзэмшсэн 24 чадварын түвшнийг үнэлж, хөгжлийн хэрэгцээг нь тодорхойлон, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх боломж бүрдэх юм.
Нийгэмшихүй, сэтгэл зүйн боловсрол нь хүүхдэд “Би сурагч”, “Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ?”, “Өөртөө болон бусдад хэрхэн энэрэнгүй хандах вэ?”, “Мэдрэмжээ хэрхэн зөв илэрхийлэх вэ?”, “Зөрчлийг хэрхэн зөвөөр шийдвэрлэх вэ?” зэрэг амьдралын чухал ур чадварыг төлөвшүүлнэ.
Боловсролын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү хичээл нь сурагчдад зөвхөн хичээлийн мэдлэг олгохоос гадна өөрийгөө ойлгож удирдах, бусдыг ойлгож хүндэтгэх, хамтран ажиллах, нийгэмд зөв оролцох чадварыг төлөвшүүлэхэд чиглэж байна. Өөрөөр хэлбэл хүүхдэд сэтгэлийн дархлаа, зөв хандлага, зөв харилцааны ур чадварыг төлөвшүүлэх замаар оюуны тамиртай, биеийн тамиртай, сэтгэлийн тамиртай Монгол иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн боловсролын чухал шинэчлэл болж байна.



