“УР ЧАДВАР – МИНИЙ ИРЭЭДҮЙ” МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАР, ХОСМОГ СУРГАЛТЫН ФЕСТИВАЛЬ БОЛНО

A- A A+
“УР ЧАДВАР – МИНИЙ ИРЭЭДҮЙ” МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАР, ХОСМОГ СУРГАЛТЫН ФЕСТИВАЛЬ БОЛНО

Ирээдүйн мэргэжлээ таньж, ур чадвараа сорин, техник мэргэжлийн ур чадварыг туршин үзэх боломжийг залуучуудад олгох “Ур чадвар – Миний ирээдүй” мэргэжил, ур чадварын фестиваль 2026 оны 11дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар зочид буудлын их танхимд зохион байгуулагдана.

Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлүүд, шинэ технологи, ногоон шилжилт болон ажил олгогчдын хэрэгцээ шаардлагыг танилцуулах зорилготой энэхүү өдөрлөг нь ерөнхий боловсролын сургуулийн 9–12 дугаар ангийн сурагчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд болон ажил олгогчдыг нэг дор цуглуулах зорилго бүхий өдөрлөг юм.

Өдөрлөгийн нэг онцлог нь оролцогчид мэргэжлийн талаар зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй, тухайн мэргэжлийн ур чадварыг өөрийн биеэр туршиж үзэх боломжтойд орших бөгөөд нийт зургаан салбар \хөдөө аж ахуй, эрчим хүч ба сэргээгдэх эрчим хүч, хөнгөн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, хүнд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн технологи\-ын танилцуулга, ур чадвар турших хэсгүүдээр дамжуулан сурагчид мэргэжлийн ажлын онцлог, ашигладаг багаж хэрэгсэл, технологи, ажлын орчинтой танилцах боломжтой.

“Ур чадвар – миний ирээдүй” мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын фестивалийн хүрээнд:

• Мэргэжил сонголт, карьер төлөвлөлтийн зөвлөгөө авах

• Зургаан салбарын мэргэжил, ажлын байртай танилцах

• Ур чадвар турших буюу мужаан, барилга, хүнд машин механизм жолоодох, хүнс үйлдвэрлэх, гараараа бүтээх үйл ажиллагаанд оролцох

• Ажил олгогч компаниудын төлөөлөлтэй уулзах

• Хосмог сургалтын тогтолцоо, суралцах болон ажиллах боломжийн талаар мэдээлэл авах

• Жендерийн эрх тэгш байдал, ногоон ТМБС болон мэргэжлийн боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл авах боломжтой.

• Фестивалийн хүрээнд хосмог сургалтын хэрэгжилт, үр дүн, сайн туршлагыг танилцуулах тусгай хөтөлбөрийг харин ажил олгогчид, хүний нөөц, компаниудын сургалтын албаныханд зориулан зохион байгуулна. Хосмог сургалт нь суралцагчдад онолын мэдлэгээ ажлын байран дээр ажиллангаа, бодит үйлдвэрлэлийн орчинтой хослуулан эзэмших боломж олгодог сургалтын хэлбэр юм.

“Ур чадвар – Миний ирээдүй” фестиваль нь олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй учир ЕБС-ийн сурагчид, эцэг эх, багш нар болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын бүх сонирхогч талуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Тус өдөрлөгийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ) болон Австрали Улсын Гадаад хэрэг, худалдааны яам (DFAT)-ны хамтарсан санхүүжилтээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), Монгол Улсын Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” (cTVET II) төсөл санаачлан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.