Боловсролын яамны бодлогын газрын дарга нар нийслэл, аймгийн Боловсролын газрын дарга нартай уулзаж, 2026-2027 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх голлох үйл ажиллагаа, 2027 онд боловсролын салбарт баримтлах бодлогын чиглэл, хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар танилцуулж, зөвлөмж хүргэлээ.
Уулзалтаар сургуулийн бүтцийн дахин төлөвлөлт, төрөлжсөн ахлах сургуулийн хөгжил, дээд болон мэргэжлийн боловсролын чанар, сургалтын орчны шинэчлэл, цахим шилжилт, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт зэрэг салбарын бодлогын гол асуудлыг хэлэлцэв.
СУРГУУЛИЙН БҮТЦИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ОРОН НУТГИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛНЭ

Ерөнхий боловсролын сургуулийн бүтцийн дахин төлөвлөлт нь ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлогын чухал чиглэлийн нэг юм. Улсын хэмжээнд нийт сургуулийн 76.6 хувь нь 1-12 дугаар ангийн нэгдсэн тогтолцоотой байгаа бөгөөд энэ нь ялангуяа хүн ам сийрэг суурьшсан орон нутагт суралцагчдын тоо цөөнтэй сургуулийн бүтцийн асуудлыг хөндөж байна.
Иймд сургуулийн бүтцийн өөрчлөлтийг хийхдээ аймаг, сум бүр хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, сурагчдын тооны хэтийн төлөв, сургуулийн хүчин чадал, багшлах боловсон хүчний нөөц зэрэг үзүүлэлтэд тулгуурлан нарийвчилсан судалгаа, шинжилгээ хийх шаардлагатайг зөвлөлөө. Сургуулийн бүтцийг өөрчлөхдөө зөвхөн зохион байгуулалтын асуудал бус, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг хамтад нь авч үзэх нь чухал юм.
Мөн орон нутагт төрөлжсөн ахлах сургуулийг хөгжүүлэхдээ тухайн бүс нутгийн онцлог, сурагчдын хүсэл сонирхол, цаашдын мэргэжлийн чиг баримжаа, мэргэжлийн багшийн хүрэлцээ, сургалтын орчин, материаллаг баазыг харгалзан үзэх шаардлагатайг онцоллоо. Улсын хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын байдлаар нийт 30 төрөлжсөн ахлах сургууль үйл ажиллагаа явуулж байна.
БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БҮХ ШАТАНД СУРГАЛТЫН ЧАНАРЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

2026-2027 оны хичээлийн жилийн голлох үйл ажиллагаа, зорилтуудыг Боловсролын сайдын албан бичгээр баталсан бөгөөд энэ хүрээнд боловсролын бүх шатны байгууллагын сургалтын чанар, үр дүнг сайжруулахад онцгой анхаарч ажиллана.
Дээд боловсролын салбарт их сургууль, коллежийн статус, ангилал, эрэмбэ, чансааны асуудлыг шинэчлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ байгууллага бүрийг тогтоосон ангилал, чанарын шаардлага, шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх бөгөөд шаардлагаа бүрэн хангаж буй сургалтын байгууллагын үйл ажиллагаанд төрөөс шаардлагагүй оролцоо үзүүлэхгүй.
Харин чанарын шаардлага хангахгүй, сургалтын үйл ажиллагаандаа зөрчил, дутагдал гаргаж байгаа байгууллагад Боловсролын яамнаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хэрэгжүүлнэ. Илэрсэн асуудлыг арилгуулах, хугацаатай үүрэг даалгавар өгөх, хэрэгжилтийг хянах, шаардлагатай тохиолдолд дараагийн шатны шийдвэр гаргах арга хэмжээ авах юм.
Энэ зарчим нь зөвхөн дээд боловсролоор хязгаарлагдахгүй бөгөөд боловсролын бүх шатны байгууллагад сургалтын чанарыг бодит үр дүнгээр үнэлж, чанарын хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
"ЭНХАУС" ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ЕБС БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД НЭВТРҮҮЛНЭ
Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургуулийн үзэл баримтлал буюу ЭНХАУС-ыг ерөнхий боловсролын сургуулиас гадна мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагуудад нэвтрүүлэхэд энэ хичээлийн жилд түлхүү анхаарна.
Ингэхдээ сургууль, байгууллага бүр өөрийн сургалтын орчин, материаллаг бааз, нөөц боломжид тулгуурлан уг үзэл баримтлалыг үйл ажиллагаандаа тусгаж, эрүүл, аюулгүй, хүртээмжтэй, ногоон орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллах юм.
ЭНХАУС нь зөвхөн барилга байгууламжийн орчны шинэчлэл бус, суралцагч бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хүртээмжтэй суралцах нөхцөл, байгальд ээлтэй хэрэглээ, технологийн шийдлийг сургалтын орчинд нэвтрүүлэх цогц зорилт юм.
ИХ ӨГӨГДӨЛ, ЦАХИМ ШИЛЖИЛТЭЭР БОДЛОГЫН ШИЙДВЭР ГАРГАЛТЫГ САЙЖРУУЛНА
2027 онд боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлж, их өгөгдлийн бүрдүүлэлт, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг өргөн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Тухайлбал, дээд боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагуудын өгөгдлийг бүрдүүлж, нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээ хийх, салбарын бодлого, төлөвлөлтөд ашиглах ажлыг эрчимжүүлнэ.
Мөн ерөнхий боловсролын сургуулиудын мэдээлэлд суурилан сургууль бүрийн сургалтын чанар, үйл ажиллагааны үзүүлэлт, тулгамдаж буй асуудлыг бодит цагийн мэдээллээр харах, үнэлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр шийдвэр гаргалтыг таамаглал бус бодит мэдээлэл, судалгаанд тулгуурлан хэрэгжүүлэх нөхцөл сайжирна.
Цахим шилжилтийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хиймэл оюунд суурилсан туслах багшийг туршилтын журмаар ашиглаж эхэлсэн. Энэхүү шийдэл нь багшийн өдөр тутмын төлөвлөлт, бичиг баримт, тайлан мэдээ боловсруулах зэрэг ажлын ачааллыг бууруулж, хүүхэдтэй ажиллах, тэдний хөгжилд анхаарах бодит цагийг нэмэгдүүлэх зорилготой.
Хиймэл оюуны туслах багш нь хүний багшийг орлох бус, мэргэжлийн үйл ажиллагааг нь дэмжих хэрэгсэл юм. Цаашид туршилтын үр дүн, хэрэгцээ шаардлагад үндэслэн ерөнхий боловсролын сургуулиудад үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Ийнхүү 2027 онд боловсролын салбарын шинэчлэл нь сургуулийн бүтэц, сургалтын чанар, сургалтын орчны шинэчлэл, цахим шилжилт гэсэн харилцан уялдаатай чиглэлээр үргэлжилнэ. Эдгээр бодлогыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд нийслэл, аймгийн Боловсролын газрын оролцоо, манлайлал чухал бөгөөд бодлогын зорилтыг орон нутгийн бодит хэрэгцээ, судалгаа, нөөц боломжтой уялдуулан хэрэгжүүлж, үр дүнг суралцагч бүрд хүргэхэд анхаарч ажиллахыг зөвлөлөө.
