Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийн ном худалдан авахдаа хариуцлагатай хандахыг зөвлөж байна

A- A A+
Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийн ном худалдан авахдаа хариуцлагатай хандахыг зөвлөж байна

Ашиг олох зорилгоор хувь хүмүүсийн бичсэн зүй бус үг, хэллэг, алдаа мадагтай, эсвэл насанд хүрэгчдэд зориулсан ном, товхимлыг Боловсрол, шинжлэх ухааны яамны зөвшөөрлөөр хэвлэгдэж, ерөнхий боловсролын сургуульд үздэг сурах бичиг мэтээр олон нийтийн цахим сүлжээнд байршуулж, ташаа мэдээлэл түгээж байна.

Ерөнхий боловсролын сургуульд зөвхөн яамны зөвшөөрлөөр хэвлэгдсэн сурах бичгийг хэрэглэдэг. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ ном худалдан авах буюу бусдад бэлэглэхдээ зураг, чимэглэл, үг хэллэгийн зохистой байдал, хүмүүжлийн ач холбогдол, нөлөөллийг нь анхаарч, хариуцлагатай хандаж, ирээдүй үеийнхээ оюун санааг хайрлан хамгаалахыг зөвлөж байна.

2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг худалдаалахгүй, сургуулийн номын сангаар дамжуулан олгодог болсон. Бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын дэмжлэг шаардлагатай тодорхой хувийг төрөөс үнэ төлбөргүй сурах бичгээр хангадаг. Үлдсэн сурагчдын хувьд сурах бичгээ сургуулийн номын сангаас төлбөртэй ашиглаж, хичээлийн жилийн төгсгөлд буцаан өгдөг. Төлбөртэй үйлчилгээний хөлс нь дараа жилийн нөхөн хангалтын сурах бичгийг хэвлэх санхүүжилтийн эх үүсвэр болдог юм.