2020 оны наймдугаар сарын 20-ны пүрэв гарагаас эхлэн Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээлэлд Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран оролцож, хичээл, сургалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийдэг боллоо.

Пүрэв гарагийн мэдээллийн цагт Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир холбогдох тушаал, шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаар тушаалаар “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөлд бүх шатны сургалтын байгууллага, цэцэрлэгийн үйл ажиллагааг үе шаттайгаар эхлүүлэхтэй холбогдуулан халдвар хамгааллын дэглэм сахиулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон зохион байгуулалттай холбоотой асуудлаар журмын төсөл болон санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг БШУ-ны сайдаар ахлуулан байгуулсны дагуу дараах тушаал, шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлж эхлээд байна” гэлээ.
?Шадар сайд, БШУ-ны сайд, ХНХ-ын сайд, ЭМ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал (Хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зарим арга хэмжээний тухай)
?Шадар сайд буюу Улсын Онцгой комиссын даргын 02 тоот албан даалгавар (Аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын нарийн бичгийн дарга нарт)
?БШУ-ны сайдын А/17 тоот тушаал (Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлүүлэх бэлтгэл хангах, зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай)
?БШУ-ны сайд, ЭМ-ийн сайдын хамтарсан удирдамж (Багш нарыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах)
Баасан гарагийн мэдээллийн цагт БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар оролцоно.