
Нэгээс дөрвөн давхар хүртэл тэргэнцэртэй хүмүүст зориулсан налуу замтай
Долоон жил гацсан Сувиллын 10-р цэцэрлэг энэ хичээлийн жилд ашиглалтад оржээ гэх сургаар шинэ барилгыг сонирхохоор зорилоо. 2013 онд ашиглалтын шаардлага хангахаа больж, нураах шийдвэр гарсан тус цэцэрлэгийн тухай сонсож байснаас очиж байсангүй. Байршлыг тодорхой мэдэхгүй учраас газрын зургаас багцаалдан явтал бусад сургууль цэцэрлэгээс содон барилга нүдэнд тусч түүнийг зүглэлээ.
Гаднаас нь харахад чамлахааргүй том барилга, тэргэнцэртэй хүүхдүүдэд зориулсан болов уу гэмээр шатыг сургуулийн нэгээс дөрвөн давхар хүртэл хийсэн байлаа. Том талбайтай цэцэрлэг байна даа, хэр их хүүхдийн багтаамжтай бол гэсэн бодол тээсээр цэцэрлэгийн хаалгыг татлаа. Үүдээр нь ороход л цэлгэр сайхан талбай, түүнтэйгээ адил зан сайтай ажилчид намайг угтав. Үүдний жижүүрийг зорин очиж зорилгоо өгүүллээ. Тэр маш эелдэгээр цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөг зааж өгөв. Эрхлэгч гэх үгийг сонсоод ихэрхүү зантай хүн байгаа болов уу гэж бодонгоо шатаар дээш алхах гэтэл, “төв хаалганы баруун талд лифт байгаа, түүгээр дээш өгсөж болно” гэх нь тэр. Цэцэрлэгт лифт байдаг сонин юм аа гэх бодол зурайсан ч дахин бодвол тэргэнцэртэй хүүхдүүд сурдаг учраас лифт байхаас өөр яах билээ.

ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРСНООР ХҮЧИН ЧАДАЛ 45 ОРООР НЭМЭГДЖЭЭ
Ингээд цэцэрлэгийн эрхлэгч Ц.Мягмаржаргалтай уулзаж, шинэхэн барилгынх нь талаар тодрууллаа. Тэрээр эелдэг нэгэн байсан бөгөөд бидэнд цэцэрлэгийнхээ дотоод зохион байгуулалтыг танилцууллаа. Цэцэрлэгийн нэг давхарт хүүхдүүдэд усан эмчилгээ хийхээр бассейн байгуулжээ. Анх бассейны дотор талыг плита хийсэн нь хүүхдүүд хальтрах магадлалтай гэж үзээд хальтардаггүй материалаар бүрж өөрчилсөн болохыг тэрбээр хэлсэн юм.

Тэнд алхаж чаддаг хүүхдүүд эрэгтэй, эмэгтэйгээрээ тусдаа шүршүүрт орох бол асаргаа шаардлагатай хүүхдүүдэд зориулсан тусгай ванн ч мөн байлаа.
Бассейнд хараахан ус дүүргээгүй бөгөөд энэ сарын 15-наас хүүхдүүд усан эмчилгээндээ хамрагдаж эхлэх юм байна. Хичээл эхлээд эхний хэд хоногтоо тэд хүүхдүүдийнхээ биеийн байдлыг ажигласны дараа эмчилгээнүүдээ эхлүүлдэг аж.

Хоёрдугаар давхарт сэргээн засах эмчилгээний өрөөнүүд, дуу хөгжмийн танхим, багш нарын өрөө байдаг бол гурав болон дөрөвдүгээр давхарт анги бүлгүүд байрлана.
Бидний хэлж заншсанаар подвалын давхарт мужааны өрөө, ажилчдын хувцас солих болон усанд орох өрөө, машины дулаан зогсоолтой аж. Ажилчдын усанд орох өрөө мөн л содон сонсогдлоо. Багш, ажилчид өдөр тутамдаа хүүхдийн хоол, бөөлжис зэргээс үүдэн бохирддогоос шалтгаалан ийнхүү усанд орох өрөөг шийдэж өгчээ. Харин машины зогсоолд уг цэцэрлэгийн нэг автобус, нэг Starex маркийн машин байрладаг. Тэд өнгөрсөн жилээс сургуулийн автобустай болсон бөгөөд Монгол Улсад угсарсан автобус учир өвлийн улиралд их хүйтэн байсан ч энэ жил дулаан зогсоолд байгаа учир энэ асуудал шийдэгдэх байх хэмээн цэцэрлэгийн эрхлэгч хэлж байлаа.
ХҮҮХДИЙГ ЭРТ ОНОШЛУУЛАН, ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛСНААР СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭ МАШ САЙН НӨЛӨӨЛДӨГ
Цэцэрлэгийн эрхлэгч Ц.Мягмаржаргал “Манай цэцэрлэг анх 1964 онд Эрүүл мэндийн газрын харьяа 42-р ясли нэртэй байгуулагдаж, 1996 онд БЗД-ийн сувиллын цэцэрлэг яслийн 10-р цогцолбор нэртэй болж өөрчлөгдөн, тархины саажилт болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлж эхэлсэн. 2018 оноос БШУЯ-ны харьяанд шилжсэн. 2020 оны зургаадугаар сард 7000 м2 талбайтай хичээлийн шинэ байраа хүлээж аваад, хүүхэд хүлээн авах хүчин чадал нэмэгдэж байгаагаас гадна нийгмийн халамж үйлчилгээ, сургуулийн өмнөх боловсрол олгох, сэргээн засах эмчилгээ гэх мэт цогц үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Өмнө нь 120 хүүхдийн хүчин чадалтай байсан бол энэ жилээс 165 хүүхдийн хүчин чадалтай болж, 110 ажилтан, 11 бүлэгтэйгээр үйл ажиллагаа эхэллээ.

Нэг багш 5 хүүхэд асардаг бөгөөд анги дүүргэлт 15. Өмнөх жилүүдэд ой гаруйтайгаас зургаа хүртэлх насны хүүхдийг сурган хүмүүжүүлдэг байсан бол, энэ жилээс долоон настнуудаа хамруулж байна. Манай цэцэрлэгийг жилд 40 орчим хүүхэд төгсдгөөс 4-5 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд, 20 гаруй хүүхэд нь тусгай сургуульд тус тус хамрагдаж 10 гаруй хүүхэд дөрвөн мөчний саажилттай сургуульд сурах боломжгүй учраас эргээд цэцэрлэгтээ ханддаг” гэлээ.
Одоо ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүд ихэвчлэн хуучных ба тэд долоон жилийн туршид айл айлын хаалга татаж явахдаа төхөөрөмжүүдээ үүрсээр явснаа хэллээ.
Шинэ барилга ашиглалтанд орсноос хойш яамнаас сандал ширээ, шүүгээ, гал тогооны тоног төхөөрөмжийг шийдэж өгсөн. Мөн Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц 100м2 талбайг бүрэх зөөлөн дэвсгэр, таеквондогийн дэвжээг хандивласан. Сэргээн засах тасагт шинэ тоног төхөөрөмж, зөөлөн дэвсгэр, тоглоом сургалтын хэрэгсэлүүд гэх мэт шаардлагатай зүйлсүүд байгаагаа мөн хэлж байлаа. Биднийг ярилцаж байх үеэр тус цэцэрлэгийн галын дохиолол гэнэт дуугарав. Бид бүгд юу болсныг гайхан зогстол, мужаан өрөмдлөг хийсний улмаас дуугарсан байлаа. Шинэхэн цэцэрлэгийн эд эс бүр нь соргог байгаа санагдлаа.
ХҮҮХДҮҮД МААНЬ ХӨДӨЛГӨӨНИЙ БЭРХШЭЭЛТЭЙ ХЭДИЙ Ч ОЮУН УХААНЫ ХУВЬД ЭРҮҮЛ

Тус цэцэрлэгт 26 жил ажиллаж байгаа багш Я.Оюунчимэг “Хүүхдүүд маань хөдөлгөөний бэрхшээлтэй хэдий ч оюун ухааны хувьд эрүүл. Юу хүсч байгаагаа илэрхийлдэг ч өөрөө хийж чаддаггүй. Ер нь хүнд хэлбэрийн хүүхдүүд манайхыг зорьж ирдэг. Манайд 1990-ээд онд Японы тусламжаар ирсэн тэргэнцрүүд одоо хүртэл байна. Тэргэнцрийн мод их чухал юм билээ. Бид өөрсдөө хийх гэж үзсэн ч хугарчихдаг. Хүүхэд тэргэнцэр дээр суугаад сурчихвал, өөрсдөө бие засах зэрэг асуудалгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сурах боломжтой болно гэсэн үг. Тусгай тэргэнцэрийн хэрэгцээ өндөр байна. Мөн халдварт өвчин дэгдсэнтэй холбогдуулан хүүхдүүд гэртээ байх хугацаандаа тэргэнцэрт суудаг байсан нь сууж чадахгүй, хоолоо цагт нь иддэг байсан хүүхэд хоолоо идэхгүй зэрэг дэглэм алдагдаж ирсэн харагдаж байна” гэлээ.
БИД ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ЮУ ИЛЭРХИЙЛЭХ ГЭЖ БАЙГААГ НҮДНЭЭС НЬ МЭДЭРДЭГ
Тус цэцэрлэгийн багш П.Сарантуяа “Шинэ байрандаа ороод сэтгэл хангалуун байна. Би арван жил энэ цэцэрлэгт ажиллаж байна. Хуучин байранд байхад л орж ирсэн. Мэргэжлийн хяналтаас хуучин барилгын үйл ажиллагаа явуулах боломжгүй гээд хаасан. Гэхдээ хэрэгцээ шаардлага байсан тул бид өөр сургууль цэцэрлэгийн байрыг хуваалцаж явсаар ирсэн. Манай ангид дауны хам шинж, тархины саажилттай хүүхдүүд бий. Бид хүүхдүүдийнхээ юу илэрхийлэх гэж байгааг нүднээс нь мэдэрдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ сайн ажиллаж, бидний хөдөлмөрийг үр дүнтэй болгож байна гэж би боддог. Зарим эцэг эх биднийг ойлгодоггүй. 24 цагаар ажиллахыг шаарддаг. Гэвч энэ хүндрэл ихтэй шүү дээ, харвалт өгсөн хүүхэд хоолоо идэхдээ шууд зажлаад идэж чаддаггүй, хахна гэх мэт асуудалтай. Эмнэлэг шиг баг бүрдүүлж байж 24 цаг ажиллахгүй бол болохгүй ” хэмээв.
П.Сарантуяа багшийн ангитай танилцаж яриа өрнүүлэх зуур, тэргэнцэрт суухаа больж алхаж эхэлсэн гэх хөөрхөн хүү миний камерийг барьж үзэхээр инээд алдан ирэхийг хараад хайр хүрч байлаа.
Хэдийгээр шинэ барилга, шинэ тоног төхөөрөмжтэй болсон хэдий ч одоо дутагдаж буй нэг зүйл нь мэргэшсэн эмч. Хүүхдийн эмч, мэдрэлийн эмч ажиллах шаардлагатай.

ДОЛООН ЖИЛ НЭГ АНГИД ХОЁР АНГИЙН ХҮҮХДҮҮДТЭЙ ТЭНЦЭХҮЙЦ ТООНЫ ХҮҮХЭДТЭЙ БАЙСАН
Эцэг эхчүүд цэцэрлэгийн шинэ бүтээн байгуултад сэтгэл хангалуун байгаагийн сацуу багш ажилчдын ур чадвар, харилцааг сайшааж байлаа. Багш нар мэргэжлийн төдийгүй түүнээс илүү сэтгэлтэй, өөрийн хүүхэд мэт бидний хүүхдэд ханддаг нь сайхан санагддаг хэмээн эцэг эхчүүдийн төлөөлөл хэлсэн юм.
Өнгөрсөн долоон жилийн хугацаанд өөр сургууль, цэцэрлэгийн хажууд байрладаг үед нэг ангид хоёр ангийн хүүхдүүдтэй тэнцэхүйц тооны хүүхэдтэй байсан, тиймээс хүүхдэд хийгдэх сэргээн засах эмчилгээний давтамж багасдаг төдийгүй байрлалаа байнга сольдог байсан учир хүүхдээ зөөж авахад хүндрэлтэй байсан гэдгийг ч тэд хэлсэн.
Цаг хэдийнэ 17:00 болжээ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ авахаар цуглаж, цэцэрлэгийн эрхлэгч нь хүүхдийнхээ нэрийг дуудаж, инээд алдан яриа өрнүүлж буй нь сэтгэлд дулаахан байв. Тус цэцэрлэгээс гарахдаа эелдэг, чадварлаг баг хамт олон ажиллах нөхцөл, боломж нь дээшилж, хүүхдүүдэд таатай орчин бүрдсэнд өөрийн эрхгүй баярласан. Долоон жилийн дараа өөрийн гэсэн, шаардлага хангасан сувилалтай болсон Сувиллын 10-р цэцэрлэгээс бэлтгэсэн сурвалжилга маань энд хүрээд өндөрлөж байна.




ЭХ СУРВАЛЖ: GOGO.MN (Сэтгүүлч Б.Мөнхсарнай)