ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ НИЙТЛҮҮЛСЭН СУДЛААЧИЙГ ШАЛГАРУУЛАХ, УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ

A- A A+
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ НИЙТЛҮҮЛСЭН СУДЛААЧИЙГ ШАЛГАРУУЛАХ, УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь олон улсын өндөр чансаатай мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн судлаачийг шалгаруулж, мөнгөн урамшуулал олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Өгүүлэл нийтэлсэн эрдэм шинжилгээний сэтгүүл нь шинжлэх ухаан, технологийн тодорхой чиглэлээр Web of Science group (ВОС)-ийн олон улсын мэдээллийн сангийн үндсэн платформд (Core collection) бүртгэлтэй байна.

1.3. Өгүүллийн зохиогч нь Монгол Улсад бүртгэлтэй байгууллагад харьяалагдах Монгол Улсын иргэн байна.

Хоёр. Сонгон шалгаруулалт

2.1. Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр сонгон шалгаруулах комисс байгуулж тухайн оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө сонгон шалгаруулалтыг явуулсан байна.

2.2. ВОС-ийн эшлэлийн мэдээллийн холбогдох тайланд үндэслэн шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн судлаачийг дараах шинжлэх ухааны төрлөөр жил бүр сонгон шалгаруулна:

  • Анагаахын шинжлэх ухаан, эрүүл мэнд,
  • Байгалийн шинжлэх ухаан,
  • Инженерчлэл, технологи,
  • Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан,
  • Хүмүүнлэгийн шинжлэх ухаан,
  • Нийгмийн шинжлэх ухаан.

2.3. Шилдгээр шалгарсан нэгдүгээр болон холбоо барих зохиогчийг дараагийн 3 жилд сонгон шалгаруулахгүй.

Гурав. Өгүүлэлд тавигдах шаардлага

3.1. Ангиллын дундажласан эшлэлийн нөлөөлөл (Category Normalized Citation Impact)-ийн үзүүлэлтээр сүүлийн 4 жилд хамгийн өндөр үнэлгээ авсан шилдэг өгүүлэл нийтлүүлсэн судлаачийг сонгон шалгаруулна.

3.2. Энэхүү журмын 3.1.-т заасан үнэлгээ адил байх тохиолдолд ВОС-ийн эхний 1%, эхний 10%-т эрэмбэлэгдсэн сэтгүүлд эшлэгдсэн байдлыг харгалзан үзнэ.

3.3. Шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн нэгдүгээр болон холбоо барих зохиогчийг батламжлан судлаачдын багт 50 (тавин) сая төгрөгийн урамшуулал олгоно.

3.4. Нэгдүгээр болон холбоо барих зохиогч нь докторын оюутан байх тохиолдолд түүнд 5 (таван) сая төгрөгийн нэмэлт урамшуулал олгоно.

Дөрөв. Бусад

4.1. Шилдэг судлаачийг батламжлах, олон нийтэд алдаршуулах  арга  хэмжээг жил бүрийн Шинжлэх ухааны ажилтны өдөр зохион байгуулна.

4.2. Судлаачийг харьяалагдах байгууллагаас нь давхар урамшуулах асуудал энэхүү журамд хамаарахгүй болно.

---о0о---