БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАР-2019

A- A A+
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАР-2019

БОДЛОГО, ШИЙДВЭРҮҮД

СУРГАЛТЫН САЙЖРУУЛСАН ХӨТӨЛБӨРӨӨР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА 

2019 онд БСШУС-ын яам харъяа агентлаг, багш, судлаачдын оролцоотой сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрт сайжруулалт хийж, 2019-2020 оны хичээлийн жилд “Сайжруулсан сургалтын хөтөлбөр”-өөр хичээллэж байна.

Агуулгын давхардлыг арилгах, залгамж холбоог тодорхой болгох, хүндрэлийг арилгах, суралцах үйлийн тоог цөөлж багтаамжийг багасгах, суралцагчийн эзэмших мэдлэг, чадварын илэрхийлэл болсон суралцахуйн зорилтын томьёоллыг онол арга зүйн шаардлагад нийцүүлэн засах, шинээр томьёолох зэргээр хөтөлбөрт сайжруулалтыг хийж арга замаар хийсэн.

Бага боловсролд агуулга 35.5%-иар, суурь боловсролын агуулга 8.7%, бүрэн дунд боловсролын агуулга 9.2%-иар тус тус буурсан. Энэ нь багш нарт мэдрэгдэж байгаа тухай хөдөө орон нутагт ажиллахад багш нар ярьж байна. Хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүйн сургалтыг багш нэг бүрт хүргэж зохион байгуулсан нь багш нар хөтөлбөрөө судлах, ойлгоход дөхөм болсон.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 02-ны А/492 дугаар тушаал 

ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮЦТИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА 

Орчны бохирдлыг бууруулах, томуу томуу төст өвчний дэгдэлт гээд сүүлийн жилүүдэд хичээлийн жилийн бүтцийг маш олон хэлбэрээр өөрчиллөө. Гэвч хамгийн тогтвортой мөрдөгдөж, судалгаа нотолгоонд суурилж батлах баримт бичиг бол хичээлийн жилийн бүтэц юм. Иймд энэ хичээлийн жилийн бүтцийг хэд хэдэн онцлогтойгоор боловсруулж баталсан.

Шинэчилсэн хичээлийн жилийн бүтцээр 1-5 дугаар анги 32, 6-12 дугаар анги 33 долоо хоног хичээллэнэ. Аймаг, нийслэлийн сургуулийн бүх ангийн сурагчид бүгд адил 7 долоо хоног амарна. Мөн цагаан сараар аймаг, нийслэлиийн сургуулийн сурагчид бүгд адил амардаг болно. Өнгөрсөн хичээлийн жилд бага ангийн 3.3-3.4 долоо хоног хичээллэх хугацаанд, дунд, ахлах ангийн 3.6 долоо хоног хичээллэх хугацаанд тус бүр 1 долоо хоногийн амралт оногдож байсан нь амралтын хугацаа хэт их байсныг харуулж байна. Шинэчилсэн хичээлийн жилийн бүтцээр бага ангийн 4.5 долоо хоног хичээллэх хугацаанд, ахлах ангийн 4.7 долоо хоног хичээллэх хугацаанд тус бүр 1 долоо хоногийн амралт оногдож байна. Ингэснээр хичээллэх болон амрах 7 хоногийн харьцаа зохистой боллоо. 

Өнгөрсөн хичээлийн жилд бага, дунд, ахлах ангийн зуны амралт бүгд 6 сараас эхэлсэн бол бага ангийн зуны амралт 5 сард, дунд, ахлах ангийн зуны амралт 6 сарын эхний 7 хоногт эхэлнэ. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 02-ны А/490 дугаар тушаал /Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай/

СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД "ИРГЭНИЙ ЁС ЗҮЙН БОЛОВСРОЛ" ХИЧЭЭЛИЙГ ЗААВАЛ СУДЛАХААР ТУСГАЖ, 1-12 ДУГААР АНГИД 2 ЦАГААР ОРЖ БАЙНА 

Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангид 7 хоногт заавал судлах цагаар сургалтын төлөвлөгөөнд тусгаж, хөтөлбөрийн сургалтад хамрагдаж мэргэшсэн түүх, нийгмийн ухаан, монгол хэл, газар зүйн багш нарыг хичээлийг зааж байна. Бага ангийн “Монгол ёс хүмүүжил” сурах бичгийг зохион хэвлэж сурагчдын гарт хүргэсэн. 6-12 дугаар сурах бичиг зохиогдож байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 02-ны А/491 дүгээр тушаал /Сургалтын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 6 дугаар сарын 13-ны А/390 дугаар тушаал /Хөтөлбөр шинэчлэн батлах тухай /Иргэний ёс зүйн боловсрол/

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДУНД, АХЛАХ АНГИЙН СУРАЛЦАГЧДАД СУРАХ БИЧИГ ТӨЛБӨРТЭЙ АШИГЛУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор i) сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээг ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэх, ii) 2019 онд нөхөн хангалтаар хэвлэн нийлүүлэх сурах бичгийн зардлыг өмнө хэрэгжсэн сурах бичгийн түрээсийн туршилтын төслийн хүрээнд хуримтлагдсан хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

Сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээг ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэх Засгийн газрын шийдвэрийн “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам”-ыг баталсан. Ингэснээр 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн зах зээл дээр, сурах бичиг худалдаалагдаагүй, бүх сурах бичиг сургуулийн номын сангаар дамжин сурагчдын гар дээр хүрлээ.

Бага ангийн сурагчид 100% дунд, ахлах ангийн сурагчдын 40% нь үнэ төлбөргүй сурах бичиг ашиглаж байна. Харин дунд, ахлах ангийн үлдэх хэсэгт буюу 60 нь сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээнд хамрагдаж байна. Сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээг нэвтрүүлснээр ерөнхий боловсролд суралцагчид 100 хувь сурах бичгээр хангагдах боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаар тогтоол /Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 5 дугаар сарын 04-ний А/302 дугаар тушаал /Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам/

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУД 2 ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА 

2019 онд 489 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь 2017 оныхтой харьцуулбал 131.1 хувиар, түүнчлэн 2019 оны байдлаар багшийн цалин 2014 оныхтой харьцуулбал 29.6 хувиар өссөн бол 2020 онд ерөнхий боловсролын түүхэнд анх удаа 3 ээлжээр хичээллэж байгаа сургуульгүй боллоо.

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлд 3 ээлжээр хичээллэх нөхцөл үүссэн ерөнхий боловсролын 18 сургуулийн 192 бүлгийн 7189 хүүхэд байгаа урьдчилсан судалгаа гарсан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зохицуулалт хийж сургуулийн барилгын анги, танхимыг тусгаарлах, номын санг тохижуулах замаар дотоодод нь ерөнхий боловсролын 10 сургуулийн 102 бүлгийн 3862 сурагч хоёр ээлжинд бүрэн шилжүүллээ.

Мөн ерөнхий боловсролын 8 сургууль иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын байрыг түрээслэх замаар хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Үүнд 90 бүлгийн 3327 суралцагч хамрагдаж байна. Түрээсийн зардалд шаардагдах 1.4 тэрбум төгрөгийг  2020 оны улсын төсөвт тусган шийдвэрлээд байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 5 дугаар сарын 23-ны А/323 дугаар тушаал /Нийслэлийн анги дүүргэлт хэт өндөртэй хүүхдийн цэцэрлэгийн ачааллыг бууруулах, 3 ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулийг 2 ээлжид шилжүүлэх аргачилсан заавар/

“ҮДИЙН ЦАЙ”, ДОТУУР БАЙРЫН ХҮҮХДИЙН ХООЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛНЫ ЗАРДЛЫГ 50 ХУВИАР НЭМЭГДДҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Хоолны зардлын норматив тогтоох тухай” 450 дугаар тогтоолоор хүүхдийн бие бялдрын хэрэгцээнд тохируулан хоногийн хоол хүнсээр авбал зохих шим тэжэээл, илчлэгийн тодорхой хувийг хангахуйц байдлаар ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын “Үдийн цай”-ны зардлыг 600 төгрөг байсныг 900 төгрөг, дотуур байрын хүүхдийн хоолны зардлыг 2315 төгрөг байсныг 3475 төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 1650 төгрөг байсныг 2475 төгрөг болгон нэмэгдүүлсэн. 

Цай, хоолны зардал нэмэгдснээр хүүхдийн хоол, тэжээлийн суурь хэрэгцээнд дэмжлэг үзүүлэх, сурах нөхцөл боломжийг дэмжих, эрүүл мэнд, өсөлт бойжилтод нь эерэг нөлөө үзүүлнэ. 

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 450 дугаар тогтоол/Хоолны зардлын норматив тогтоох тухай/

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД СУРАЛЦАЖ БОЛОМЖ БҮРДЛЭЭ 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/292 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам” батлагдсан.

Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургууль нь хамран сургах тойрогт хамаарах хүүхдийг сургуульд хамруулах ажлыг хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд албан ёсны статистик мэдээллээр нийт 4550 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ердийн ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна.

Сургуулийн захирал тушаалаараа “Дэмжлэгийн баг”-ийг байгуулж, сум, хорооны “Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл”-тэй хамтран ажиллаж байна. Мөн эдгээр сургуулиуд тусгай сургуулиудаас мэргэжил, арга зүйн дэмжлэг авч, хамтран ажиллаж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 5 дугаар сарын 14-ний А/292 дугаар тушаал /Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам, “Хүүхдийн хөгжлийг дэмжих танхим”-д байвал зохих хэрэглэгдэхүүн, туслах хэрэгслийн жагсаалт/

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны “Гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай” А/508 дугаар тушаалаар цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх хүрээнд цэцэрлэг, сургууль, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгосон 3 талт гэрээний загварыг баталлаа. Энэхүү загварын дагуу цэцэрлэг, сургууль өөрийн онцлогийг тусгаж, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй зөвшилцөх замаар хамтын ажиллагааны гэрээг байгуулан ажиллаж байна.

Гэрээ нь цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүүхдэдээ тавих анхаарал халамж, хараа хяналтыг сайжруулах, хүүхдийн сурч хөгжих эрхийг хангах чиглэлээр талууд хамтран ажиллахад чиглэгдсэн.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 15-ны А/508 дугаар тушаал /Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагч, иргэд, олон нийтийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд баримтлах үлгэрчилсэн чиглэл/

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/119 дүгээр тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд иргэд, олон  нийтийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд баримтлах үлгэрчилсэн чиглэл”-ийг батлан хэрэгжүүлж байна.

Энэхүү чиглэл нь ерөнхий боловсролын сургууль эцэг эх, асран хамгаалагч, олон нийттэй холбоо тогтоож, мэдээллээр ханган, тэднийг сайн дураараа, бүтээлчээр хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах арга зүйн чиглэл болох юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 3 дугаар сарын 07-ны А/119 дүгээр тушаал /Гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай /Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээ/

СУРГУУЛИЙН БИЕ ДААСАН БАЙДАЛ, БАГШ, СУРАЛЦАГЧИЙН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
ТУШААЛ ШИЙДВЭРҮҮД БАТЛАН ГАРГАЛАА 

Боловсролын хүрээлэнгээс “Сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс”-ийн судалгаагаар нийт ээлжит хичээлийн 80 гаруй хувь нь багш төвтэй зохион байгуулагдаж байна..., БСШУС-ын яамнаас 2019 оны 3 дугаар сард зохион байгуулсан “Бага, дунд боловсролын цөм хөтөлбөрийн Үндэсний хэлэлцүүлэг”-ээр багш нарын үндсэн болон нэмэлт ажлын харьцаа 37:63 байна... гэх мэт үр дүнд дүн шинжилгээ хийж дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Багш, суралцагчийн ачааллыг бууруулж, багшийг элдэв цаас, тайлан мэдээллээр дардаг, үндсэн ажлаас нь өөр ажилд дайчилдаг ажлыг цэгцлэх зорилгоор “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд баримтлах чиглэл”-ийг баталлаа. Чиглэл батлагдсанаар багш зөвхөн хичээлийн 40 минутдаа бүхий анхаарлаа хандуулж, хичээл бүртээ бэлтгэлтэй, төлөвлөлттэй зохион байгуулалттай ордог... “хичээлд суурилсан боловсролын чанарыг сайжруулах тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэх, төлөвшүүлэх тогтолцоо бүрдэх” юм.

Сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн талаар авах зарим арга хэмжээний талаар, хуулиар зөвшөөрснөөр бусад баяр ёслолыг сургууль дээр тэмдэглэхийг хориглосон тодорхой асуудлуудыг дээрх 3 тушаалаар шийдвэрлэсэн.

Цаашид хүүхдийг бага наснаас нь эрэмбэлж дугаарлах, бизнесийн ашиг сонирхлоор ашиглах, багш нарыг үндсэн ажлаас өөр нэмэлт ажлуудад дайчлан ажиллуулахыг хориглох чиглэлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам бодлогоо чиглүүлнэ. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны А/192 дугаар тушаал /Сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах тухай/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны А/200 дугаар тушаал /Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 27-ны А/528 дугаар тушаал /Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд баримтлах чиглэл/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 27-ны А/689 дүгээр тушаал /Хуулийн хэрэгжилтийг хангах тухай/

           ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СЕКЦ, ДУГУЙЛАН ЗОХИОН БАЙГУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛЫГ БАТАЛЛАА 

Ерөнхий боловсролын сургуульд секц, дугуйлан зохион байгуулах, санхүүжүүлэх аргачлалыг боловсруулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/659 дүгээр тушаалаар батлуулсан. Сургуульд секц, дугуйланг суралцагчийн хэрэгцээ, сонирхол, багшлах боловсон хүчний нөөц, ур чадвар, орон нутгийн онцлогт тохируулан сургууль, мэргэжлийн байгууллагад түшиглэж, эцэг эх, олон нийтийн оролцоонд тулгуурлан зохион байгуулах боломж бүрдэж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 18-ны А/659 дүгээр тушаал /Ерөнхий боловсролын сургуульд секц, дугуйлан зохион байгуулах, санхүүжүүлэх аргачлал/

СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛ, ЭЗЭМШИГЧДЭД БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧГИЙГ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН
МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМЭЭС ШУУД ХЭВЛЭХ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/156 дугаар тушаалаар “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох журам”-ыг баталж, “Суурь боловсролын гэрчилгээ”, “Бүрэн дунд боловсролын үнэмлэх”-ийн загварыг шинэчиллээ. Гэрчилгээ, үнэмлэхийг QR код баталгаажуулах, үнэлгээний дундаж хувь бичих зохицуулалтыг шинээр хийсэн нь өмнөх загвараас ялгагдах онцлог болно.

Мөн энэхүү журмаар төгсөгчдөд олгох боловсролын баримт бичгийг боловсролын салбарын мэдээллийн системээс сургуулийн түвшинд хэвлэн баталгаажуулж олгох үйл явцыг журамласан нь төгсөгч, сургуулийн удирдлага, багшид үүсдэг техникийн ачааллыг багасгаж, цаг хугацаа, зардал хэмнэсэн  зэрэг ач холбогдолтой юм.  

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдан 2019 оны 3 дугаар сарын 19-ний А/156 дугаар тушаал /Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам/

                                                             БАЙГУУЛЛАГЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРМЫГ ШИНЭЧИЛЛЭЭ 

Сургалтын байгууллагын үйл ажиллагааг үнэлэх чиглэлээр батлагдсан хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, сургалтын байгууллагын үнэлгээний үзэл баримтлал, арга аргачлалыг олон улсын чиг хандлагад нийцүүлэх зорилгоор “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг үнэлэх журам”-ын боловсруулан баталлаа.

Сургуулийн үйл ажиллагааны үнэлгээ нь байгууллага дэвшүүлсэн үнэт зүйл, эрхэм зорилго, зорилтдоо хүрч буй эсэхээ багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоотой үнэлж, байгууллагын менежмент, сургах, сурах үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулахад нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээ тодорхойлон түүний хэрэгжилтийг давтамжтайгаар үнэлдэг эргэх холбоо бүхий үйл явц байхаар журамласан. Журмыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, 2019-2020 оны хичээлийн жилээс мөрдөнө.  

Журмын зорилго нь байгууллагын тасралтгүй хөгжлийг хангах, үйл ажиллагааны чанар, үр дүнгээ байгууллага нотолгоонд суурилан оролцогч талуудын оролцоотой өөрөө үнэлж, бодит байдлаа мэдэх, хариу арга хэмжээ авах, өөрийн үнэлгээний дүн, дүгнэлт бодитой эсэхийг хөндлөнгийн байгууллага баталгаажуулах, сурах, сургах үйл ажиллагаанд үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, байгууллагын үйл ажиллагааны ахиц, дэвшлийг үнэлэхэд чиглэгдсэн болно.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны А/803 дугаар тушаал /Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг үнэлэх журам/

                         ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА 

Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын чуулганаар “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хууль батлагдлаа. Хууль 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.

Хуулийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс “Үдийн хоол” өгч эхлэх бөгөөд 2022 оны 9 сарын 1-ний өдрөөс дунд ангийн, 2023 оны 9 дүгээр сарын 1-ны өдрөөс ахлах ангийн сурагчдыг үдийн хоолны үйлчилгээнд хамруулснаар хууль бүрэн хэрэгжиж эхэлнэ.

                                                 ТУС ЯАМНААС 2019 ОНД 4 ТӨРЛИЙН СТАНДАРТЫГ БОЛОВСРУУЛЖ, БАТЛУУЛЛАА 

Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын болон эрүүл ахуйн стандартыг батлуулах, барилга байгууламжийн судалгаа, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, Боловсролын удирдлагын мэдээллийн системд гамшгийн эрсдэлийн чиглэлийн мэдээ, мэдээлэл оруулах, гамшиг онцгой байдлын үед боловсролын салбарын тасралтгүй байдлыг хангах зорилгоор 2019 онд 3 төрлийн стандартыг боловсруулан батлууллаа. Үүнд:

Мөн “Монгол брайль бичгийн стандарт”ыг батлуулсан. Стандарт нь хараагүй иргэд нийгмийн харилцаанд бусад хүмүүсийн нэгэн адил тэгш оролцох, бусад хүмүүс хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэдтэй брайль үсгээр дамжуулан харилцах, бие биедээ туслах, харилцан суралцах боломж бүрдүүлж тэдний харилцааны чухал хэрэглүүр болох юм.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ “МОНГОЛ БРАЙЛЬ ҮСГИЙН ТЭМДЭГЛЭГЭЭ” МNS6800:2019

“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДОТУУР БАЙРЫН ОРЧИН, ҮЙЛЧИЛГЭЭ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА” МNS6781:2019

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ “ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА” МNS6782:2019

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ “СУРГАЛТ, ХҮМҮҮЖЛИЙН ОРЧНЫ ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ЕРӨНХИЙ ШААРДЛАГА” МNS6799:2019

                           ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД ЦЭРЭГ ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ТӨЛӨВШҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА 

Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулж, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах бахархлыг тээгч байх, улс орныхоо тусгаар тогтнолын баталгааг нэмэгдүүлж, түүх, соёл, шинжлэх ухааны давтагдашгүй үнэт өвийг үе дамжуулан үлдээх, байгалийн унаган төрхийг хадгалж, экосистемийн тэнцвэрт байдал болон тогтвортой хөгжлийг хангахад энэ хөтөлбөрийн зорилго оршино.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 200 дугаар тогтоол /Үндэсний хөтөлбөр батлах тухай/

ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН АЛБАН ТУШААЛД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА, ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙН ЖИШГИЙГ БАТАЛЛАА 

Багш мэргэжилтэй, 5-аас доошгүй жил багшилсан, 3-аас доошгүй жил удирдах ажлын туршлагатай байхаар, сургалтын менежерийн албан тушаалд багш мэргэжилтэй, 5-аас доошгүй жил багшилсан, 2-оос доошгүй жил Заах аргын нэгдэл удирдсан туршлагатай байхаар тус тус заасан. Энэхүү нийтлэг шаардлагад үндэслэн аймаг нийслэлийн Засаг дарга, сургуулийн захирлууд тухайн албан тушаалын тодорхойлолтыг баталж, сонгон шалгаруулах, томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах, гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах, ажлын үр дүнг хянахад баримтлан ажиллах юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/282 дугаар тушаал /Албан тушаалын тодорхойлолт батлах тухай/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний А/692 дугаар тушаал лбан тушаалд тавих нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэг батлах тухай/

                                                          НАСАН ТУРШДАА СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА 

Нийгмийн захиалга, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэдлэг, ур чадварыг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй хэлбэрээр тасралтгүй эзэмшүүлэх нөхцөл бүрдүүлэх, насан туршийн боловсролын тогтолцооны чадавхийг нэмэгдүүлж, боловсронгуй болгох зорилгоор 2019-2021 онуудад хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

Тус хөтөлбөр батлагдсанаар аймаг, дүүрэг, сумын Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагаа, бүтэц, орон, санхүүжилт, сургалтын орчныг шинэчлэх, багшийн мэргэжлийг дээшлүүлэх, төр иргэний нийгмийн бусад байгууллагатай хамтран ажиллах нөхцөл арга зам тодорхой болж, яам болон орон нутаг, сургалтын нэгж байгууллагын гүйцэтгэх үүрэг, оролцоо шинээр томъёологдлоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны А/756 дугаар тушаал /Хөтөлбөр батлах тухай/ 

ТӨВЛӨРСӨН ҮЙЛ АЖИЛЛАГАА

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 7 ДУГААР ИХ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монголын багш нарын VII их хурлыг 2019 оны 4 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсч бий болсноос хойш Монголын багш нарын их хурлыг 6 удаа зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн их хурал 6 дугаар их хурлаас хойш 23 жилийн дараа зохон байгуулагдаж байгаагаараа онцлог байлаа. Боловсролын салбарт 89.000 багш, ажилтан, албан хаагчид ажиллаж байгаагаас 47.7 мянга нь багш нар юм. Багш нарын VII дугаар их хуралд эдгээр багшийг төлөөлөн 800 төлөөлөгч оролцлоо.

Хурлаас Салбарын эрх зүйн шинэчлэл, Боловсролын бодлого, сургалтын агуулгыг төгөлдөржүүлэх, Багшийн хөгжил, ёс зүй, Багшийн ажлын үнэлэмж, нийгмийн баталгаа гэсэн 4 чиглэлээр тогтоол гарч, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

Сургалтын цөм хөтөлбөрийг анги танхимд гардан хэрэгжүүлдэг багш нар, тэднийг мэргэжлийн удирдлагаар ханган ажилладаг сургалтын менежер, арга зүйчид хамтран сургалтын цөм хөтөлбөрт нарийвчилсан дүн шинжилгээ хийж, багш нарт бэрхшээл үүсгэж байгаа, цаашид шийдвэрлэх шаардлагатай нийтлэг асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох Үндэсний хэлэлцүүлгийг 2019 оны 3 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Үндэсний хэлэлцүүлэгт нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн багш (47), сургалтын менежер (7), захирал (1), БСУГ-ын мэргэжилтэн (13), нийслэл, дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтэн (1), БСШУСЯ, харьяа мэргэжлийн байгууллагын мэргэжилтэн, судлаач, арга зүйч (21)-д зэрэг нийт 90 гаруй багш, мэргэжилдтнүүд оролцсон.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ЗҮЙН СУРГАЛТЫГ 44000 БАГШИД ХҮРГЭЖ, ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний сургалтыг Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа багийн, сумын, аймгийн, нийслэлийн сургуулийн багш нэг бүрт хүрч зохион байгуулж нийтдээ 44000 багш нэг бүрт хүрч ажиллалаа.

“Боловсролын салбарын хөгжил-Боловсролын чанарт нөлөөлж буй сургуулийн хүчин зүйл” судалгаанд “Багш нар сургалтын цөм хөтөлбөрт тусгасан хичээл тус бүрт тодорхой заасан зарчим зорилго, зорилт зэргийг ерөнхийдөө ойлгож байгаа хэдий ч хөтөлбөрийг сурагчийн тодорхой чадамжуудад буулгах нь хүндрэлтэй байна” гэж үзжээ. Мөн суралцахуйн зорилтын тодорхойлолтыг тодорхой үйл, ур чадварыг ажиглаж болохуйц, хэмжиж болохуйц, сурагчийн чадамжийн хүрээнд байхаар тодорхойлох, шинэчлэх шаардлагатай гэж тусгажээ.

Сургалтын хөтөлбөрийн хэрэгцээ, зорилго, зорилт, агуулга, аргазүй, үнэлгээг хэрхэн сайжруулсан үр дүнг багш нэг бүртээ хүргэлээ. Хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт нь багшийн мэргэжлийн ур чадвараас ихээхэн хамаарна. Өөрөөр хэлбэл, сургалтын хөтөлбөрөө хэрхэн сайжруулж, хөгжүүлснээс багшийн мэргэжлийн болон бусад ур чадварын хөгжил хамаарч байна.

ЦЭЦЭРЛЭГИЙН АРГА ЗҮЙЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН БҮСИЙН
СУРГАЛТ-ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор 2018 оны 1, 2 дугаар сард зохион байгуулсан Тогтвортой хөгжил ерөнхий боловсрол Улсын II зөвлөгөөн, 2019 он 4 дүгээр сард Монголын багш нарын VII их хурлыг тус тус зохион байгуулсан.

Эдгээр хурал, зөвлөгөөнөөс боловсролыг хөгжүүлэх бодлого, чиглэл, стратеги, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн олон санал санаачилгууд гарч, шинээр батлагдаж буй бодлогын баримт бичгүүдэд тусгалаа олж байна. 2019-2020 оны хичээлийн жилийн зорилго, зорилт, сайжруулсан сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд боловсролын салбарын анхан шатны байгууллагын арга зүйн асуудал хариуцсан ажилтны удирдлагын менежмент, мэргэжлийн манлайлал, мэргэжил арга зүйн хөгжлийг дэмжих үүднээс “Цэцэрлэгийн арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдийн бүсийн сургалт-зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Сургалт зөвлөгөөнийг улсын хэмжээнд 5 бүсэд зохион байгуулсан бөгөөд нийт 2400 гаруй арга зүйч, менежер оролцлоо.

“ХОР БАЯРТАЙ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тамхины хор хөнөөлийг ойлгуулах, өсвөр насны хүүхдүүдийн дундах тамхины хэрэглээг багасгах мөн төрийн албан хаагчдын тамхины хэрэглээг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам, НЗДТГ, ЦЕГ, JCI Монгол байгууллага, Нийслэлийн боловсролын газар хамтран “ХОР БАЯРТАЙ” арга хэмжээний хүрээнд санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд талууд хүүхэд залуучуудад тамхины хор хөнөөлийг таниулах зорилгоор “Хор сорогч миний нүдээр” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдаан, өсвөр үе, хүүхэд залуучуудын насны онцлогт тохирсон медиа контент бэлтгэх зэргээр нийгэмд тамхинаас татгалзах уриалгыг хэрэгжүүлэхэд хамтран оролцсон. Уг аянаар нийслэлийн 6-12 дугаар ангийн 6000 орчим суралцагчдад тамхины хор уршгийг талаар таниулан, ойлгуулах ажлыг зохион байгууллаа.

 “ЦЭРЭГ ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/371-А/782 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс Зэвсэгт хүчний Жанжин штаб, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб болон Боловсрол, соёл урлагийн газартай хамтран үндэсний хэмжээнд 2019 оны 12 дугаар сард “Цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт, үйл ажиллагаа”-г нийслэлийн ерөнхий боловсролын 124 сургуулийн дунд, ахлах ангийн 28 мянга гаруй суралцагч, аймгийн төвийн 170 орчим сургуулийн 25 мянга орчим суралцагчийг хамруулан зохион явууллаа.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ШУУД ЗАСАЛТЫН ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭЭ 

Элсэлтийн ерөнхий шалгалтыг богино хугацаанд засах технологийг 2019 оноос үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ. Шалгалтын материалыг богино хугацаанд засах орчин, техникийн нөхцөлийг 21 аймаг болон нийслэлийн дүүргүүдийн шалгалт авах байранд бүрдүүлснээр 30-40 минутын дотор шалгуулагч шалгалтын дүнгээ шууд харах боломжийг бий болголоо.  Энэ нь шалгалтыг ил тод, нээлттэй болгох, түүний үнэн зөв байдалд иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, шалгуулагчдад үүсдэг цаг хугацааны болон эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг арилгах ач холбогдолтой юм.