Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам

A- A A+
Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам

Улсын бүргэлд 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 3107 дугаарт бүртгэгдсэн.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

 

2010 оны 01 сарын 21 өдөр                                                             Дугаар 26                                                                   Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. “Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам”-ыг   хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” 2003 оны 63 дугаар тушаал, “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2007 оны 74 дүгээр тушаалыг тус тус  хүчингүй болсонд тооцсугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн боловсролын газар /М.Баасанжав/, Шинжлэх ухаан, технологийн газар /Ө.Сүхбаатар/-т тус тус  даалгасугай.

САЙД                                                                   Ё.ОТГОНБАЯР

 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны

сайдын 2010 оны  01 дүгээр сарын 21-ний өдрийн ... тоот тушаалын хавсралт

Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам

Нэг. Нийтлэг зүйл

1.1. Боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйл, Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг тогтоохтой холбогдсон  харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтлана.

1.2. Өмчийн хэлбэр харгалзахгүй дээд боловсролын сургалтын ажил эрхлэх бүх байгууллага энэхүү журмын дагуу ангилал тогтоох үйл ажиллагаанд хамрагдана.

1.3. Коллеж нь дээд боловсролын сургалтын байгууллагад тавигдах нийтлэг шаардлагыг бүрэн хангасан байна.

1.4. Дээд сургууль нь энэ журмын хоёр, гуравдугаар бүлэгт заасан нийтлэг болон нэмэлт шаардлагыг бүрэн хангасан байна.

1.5. Эрдэм шинжилгээ-сургалтын хэв шинжтэй их сургууль нь энэ журмын хоёр, дөрөвдүгээр бүлэгт заасан нийтлэг болон нэмэлт шаардлагыг бүрэн хангасан байна.

1.6. Эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн хэв шинжтэй их сургууль нь   энэ журмын хоёр, дөрөв, тавдугаар бүлэгт заасан нийтлэг болон нэмэлт шаардлагыг бүрэн хангасан байна.

Хоёр. Дээд боловсролын сургалтын байгууллагад тавигдах нийтлэг шаардлага

Дээд боловсролын сургалтын байгууллага нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна.

2.1. Хууль эрх зүйн орчны талаар:

2.1.1. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан  үлгэрчилсэн дүрмийн дагуу байгуулагдсан сургуулийн удирдах зөвлөлтэй байна.

 Удирдах зөвлөл нь сургуулийн үйл ажиллагаатай уялдсан, зохих журмын дагуу албан хэрэг хөтлөлтийн шаардлагыг хангасан өөрийн болон сургуулийн онцлогийг тусгасан  үлгэрчилсэн дүрэмд нийцсэн  өөрийн дүрэмтэй  байна.

2.1.2. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан  үлгэрчилсэн дүрэмд нийцсэн  сургуулийн дүрэмтэй байна.

Сургуулийн дүрмэнд зохион байгуулалтын бүтцийн үндсэн болон бусад нэгжийн үүрэг хариуцлагыг тогтоож, ашгийн төлөө, ашгийн төлөө бус шинжийг тодорхойлж, сургуулийн дүрмийн сангийн тухай тусгасан байна. Үүсгэн байгуулах гэрээ, дүрмэндээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өөрчлөлт оруулсан, дүрмийн сан, оршин байгаа газраа өөрчилсөн бол энэ тухайгаа хуанлийн 14 хоногийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд мэдэгдэж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан байна.

2.1.3.  Сургууль нь хөдөлмөрийн харилцаа, дотоод үйл ажиллагааг зохицуулсан холбогдох хууль тогтоомжид нийцсэн  дотоод журамтай байна.

2.1.4. Сургуулийн захиргаа, багшийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээтэй байна.

2.1.5. Сургуулийн эрхэм зорилго, зорилтыг тодорхойлсон сургуулийг хөгжүүлэх ойрын, дунд, урт хугацааны стратеги  төлөвлөгөөтэй байж түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, үр дүнг тооцож хэвшсэн  байна.

2.1.6. Багшийн ёс зүйн дүрэмтэй байна.

2.1.7. Оюутан бүртэй сургах тухай гэрээ байгуулсан байна.

           2.1.8. Оюутны ёс зүйн дүрэмтэй байна.

            2.1.9. Санхүүгийн үйл ажиллагаанд  2 жил тутам  аудит хийлгэсэн байна. Сургуулийн төсөв нь сургалтын төлбөрөөс гадна хууль тогтоомжоор зөвшөөрсөн санхүүгийн бусад эх үүсвэртэй байна.

2.1.10. Сургууль хөгжүүлэх сантай байж болно. Сангийн дүрэм нь удирдах зөвлөлөөр хэлэлцэгдэж батлагдсан байна.

2.1.11. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас баталсан Дээд боловсролын диплом олгох журам,  дипломын загварыг мөрддөг байна.

2.1.12. Коллежид сургалт-арга зүйн зөвлөл ажиллана. Сургалт арга зүйн зөвлөл нь өөрийн дүрэмтэй байна.

2.1.13. Номын сангийн дүрэмтэй байна.

2.1.14. Оюутны байрны дүрэмтэй байна.

2.2. Сургуулийн бүтэц, сургалтын зохион байгуулалтын талаар:

2.2.1. Дээд боловсролын сургалтын байгууллагын үндсэн нэгж нь тэнхим, лаборатори байхаар зохион байгуулсан байна.

2.2.2. Сургалтын чанарын баталгаажуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний орон тооны нэгжтэй эсвэл хариуцсэн ажилтантай байна.

2.2.3. Оюутны элсэлтийн журмыг жил бүр баталж мөрддөг байна.  

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас батласан жил бүрийн элсэлтийн хяналтын тоог мөрддөг байна.

2.2.4. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамаар хянуулж, зөвшөөрөл авсан сургалтын хэлбэр, мэргэжлийн чиглэл /индекс/ бүрээр сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөртэй байна. Хичээлийн жилд мөрдөх баталгаажуулсан хичээлийн хуваарьтай байна. Сургалтын багц цагийг журамд нийцүүлж нэвтрүүлсэн байна.

2.2.5. Оюутны мэдлэг, чадвар, дадлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас тогтоосон журмын дагуу үнэлдэг байна.

2.2.6. Сургуулийн захирлын баталсан сургалтын зохион байгуулалт, дадлагын хөтөлбөр, дүрмийг мөрддөг байна.

2.3.  Багшийн талаар:

2.3.1. Багшийн ажлын ачааллыг тооцох журмыг нэвтрүүлж хэвшүүлсэн байна. Багшийн ажлын ачааллыг тооцох журамд хичээлийн жилд гүйцэтгэх сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн,  аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд соёл, боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлын ачааллыг зааж өгсөн байна.

2.3.2. Нийт  багш нарын 75-аас доошгүй хувь нь үндсэн багш байна.

/Үндсэн багш гэж Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 заалтын дагуу тухайн сургуулийн багшийн албан тушаалд ажиллахаар захирлын тушаалаар баталгаажиж, төрийн үйлчилгээний цалингийн сүлжээгээр цалинждаг /төрийн өмчийн сургуульд/, үндсэн сургуулиар дамжуулж  нийгмийн даатгалаа төлдөг, эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжлийн, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд соёл, боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах  ажлыг цогцоор явуулдаг багшийг хэлнэ./

2.3.3. Багш   магистраас доошгүй зэрэгтэй байна.

2.3.4.  Нэг багш  мэргэжлийн дагуу улиралд 3-аас илүүгүй хичээл заана.

2.3.5. Багш бүр хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийн хүрээнд боловсруулсан  ажлын байрны тодорхойлолтыг мөрддөг байна.

2.3.6. Ажлын байрны тодорхойлолтод тусгасан ажлын байрны нөхцлийг сургуулийн зүгээс  бүрэн хангаж биелүүлсэн байна.

2.4. Оюутны талаар:

2.4.1. Оюутны эрх, ашиг сонирхолыг хамгаалах, тэдний төлөөлөл бүхий өөрийн удирдлагын байгууллага /оюутны холбоо, зөвлөл/-тай байна.

2.4.2. Оюутны өөрийн удирдлагын байгууллага нь үйл ажиллагаа явуулах,  ажиллах нөхцөл бололцоогоор хангасан ажлын өрөөтэй, үйл ажиллагааных нь санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдсэн, оюутны нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих, эрүүл мэндийн үйлчилгээг  авах, сурч буй мэргэжлийн чиглэлээр дадлага хийх, хөдөлмөр эрхлэхэд зуучлахад чиглэсэн үйл ажиллагаа тогтмолжсон байна.

2.4.3. Сургууль өөрийн дотуур байртай байх бөгөөд Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс баталсан Оюутны дотуур байрны  үйлчилгээний  стандартын шаардлагуудыг  хангасан байна.

2.4.4. Сургууль оюутны дотуур байргүй бол дотуур байраар хангагдах шаардлагатай оюутнуудыг холбогдох байгууллагатай гэрээ байгуулж, байраар хангасан байна.

2.4.5.  Оюутны нийгэм, соёл, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг, халдварт өвчин, нийгмийн хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр лекц, семинар, бусад арга хэмжээ улирал бүр тогтмолжсон байна. Мэргэжлийн чиглэлийн дагуу мэргэшүүлэх секц, дугуйлан хичээллүүлдэг байна.

2.4.6. Оюутанд сурлагын амжилтыг харгалзан сургалтын төлбөрийн хөнгөлөлт болон тэтгэлэг, тусламж үзүүлэх талаар холбогдох эрх зүйн баримт бичиг баталж хэрэгжүүлдэг байх, үр дүнг оюутны төлөөллийн байгууллагадаа тайлагнадаг байна.

2.4.7. Төгсөгчдийг ажлын байраар хангах, зуучлах нэгжтэй эсвэл ажилтантай байх, төгсөгчдийн ажлын байрны судалгааг гаргаж, төгссөнөөс хойш 6 сарын болон нэг жилийн дотор ажлын байраар хэрхэн хангагдсан тухай судалгаа тогтмолжсон байна.

2.5. Сургалтын орчин, материаллаг баазын талаар:     

2.5.1. Сургалтын зориулалтаар эзэмших барилга байгууламж нь Олон нийт иргэний барилгын стандартад заасан байр, талбайн хэмжээ, эрүүл ахуйн нормативыг  хангасан байх ба үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй, үүсгэн байгуулагчаас сургуулийн эзэмшилд шилжүүлсэн өөрийн эзэмшлийн  сургалтын  байртай  байна.

2.5.2. Сургуулийн эзэмшил газрын кадастрын зураг хийлгэж, эзэмшил газрыг холбогдох байгууллагаар баталгаажуулсан байна. Сургалтын зориулалт бүхий эдэлбэр газарт аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байна.

 2.5.3. Сургалт явуулж буй мэргэжлийн лабораторийг стандарт шаардлагын дагуу  байгуулж тоноглосон байна.

 2.5.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, багш, оюутныг нэвтрүүлэх  зориулалтын шат, ариун цэврийн өрөөтэй  байна.

 2.5.5. Эрүүл ахуйн шаардлага хангасан нийтийн хоолны үйлчилгээний цэгтэй  байна.

 2.5.6. Стандартын шаардлага хангасан биеийн тамирын танхимтай байна.  Биеийн тамирын танхимгүй тохиолдолд холбогдох байгууллагатай гэрээ байгуулж,  сургалт явуулдаг байна.

 2.5.7. Дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг баримт хадгалах зориулалтын өрөөтэй, ажил хариуцсан мэргэжлийн ажилтантай  байна.

2.5.8. Оюутны тоо нь сургуулийн хүчин чадалд тохирсон байна.Ээлжийн ашиглалтын коэффицент  1.5-аас ихгүй байна. /Ээлж ашиглалтын коэффициентийг нийт оюутны тоог хичээллэх суудлын тоонд хувааж гаргана./

 

2.5.9. Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс 2007 онд баталсан  “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага”-ыг хангасан номын сантай байна. Номын сан нь электрон каталоги бүхий мэдээллийн баазтай, цахим хэлбэрээр ашиглах номын фондтой байна.

2.5.10. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 441 дүгээр тушаалаар батлагдсан номын сангийн уншлага, үйлчилгээнд мөрдөх бүртгэл, маягтуудыг хөтөлж, үйл ажиллагаандаа хэвшүүлсэн байна.

2.5.11. Мэргэжлийн номын санчтай байна.

2.5.12. Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын шаардлагыг  хангасан байна.

2.6. Мэдээллийн технологийн талаар:

2.6.1. Сургуулийн үйл ажиллагаа, сургалтад цахим хэлбэрийг ашигладаг байна.

2.6.2. Сургалт явуулж буй мэргэжилд холбогдох тусгай болон албан хэрэгцээний /оffice/ зориулалтын  хэрэглээний программтай байна.

2.6.3. Сургуулийн удирдлагын мэдээллийн системийн байнга ашигладаг программ хангамжтай байна.

2.6.4. Багш бүр өөрийн электрон шуудангийн хаягтай, цахим /хувийн вэб/  хуудастай түүнийгээ сургалтандаа ашиглаж хэвшсэн байна.

2.6.5.  Оюутан бүр электрон шуудангийн хаягтай байна.

2.6.6. Сургууль нь  динамик вэб сайттай, түүнд байршуулах мэдээллүүд нь байнга шинэчлэгддэг байна.

2.6.7. Компьютерийн  дадлагын  хичээлд нэг компьютерт   2-оос илүүгүй   оюутан ногдохоор  сургалтыг  зохион  байгуулдаг байна.

2.6.8. Багш нар ажлын шаардлага хангасан хурд сайтай, интернет холболттой компьютерээр хангагдсан  байна. Хоёр багшийн дунд нэг компьютер байж болно.

2.6.9. Бүх хичээлийн сургалтын материалыг цахим хэлбэрт шилжүүлсэн байна.

2.6.10. Бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт эрхэлдэг сургуулиуд цахим арилжааны талаар сургалтын хөтөлбөртөө оруулсан байна.

Гурав. Дээд сургуулийн ангилалд тавигдах нэмэлт шаардлага

3.1. Дээд сургууль нь  Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан  шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулж дипломын болон бакалаврын сургалт эрхэлдэг, сургалт-эрдэм шинжилгээний байгууллага байна.

3.2. Магистрын сургалт явуулдаг бол магистрын хөтөлбөрт хамаарах хичээлийг доктор зэрэгтэй  багш  хөтлөн  явуулдаг  байна.

3.3. Үндсэн багшийн 15-аас доошгүй хувь нь докторын зэрэгтэй байна. 

3.4. Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулдаг, эрдэм шинжилгээний асуудал хариуцсан нэгжтэй байна.

Нэгж нь оюутан, багш нарын эрдмийн бүтээлийг үнэлэх, цаашдын судалгааны ажлын хүрээг өргөтгөх хүрээнд дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээний хуралд оюутан, багш нараа тогтмол хамруулдаг байна.

3.5 Дээд сургууль эрдмийн зөвлөлтэй байна. Эрдмийн зөвлөл нь  дүрэмтэй байна.  Эрдмийн зөвлөлийн гишүүдийн 50-иас доошгүй хувь нь сургуулийн төлөөлөл, үлдсэн хувь нь аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, салбарын эрдэмтэн судлаачдын төлөөлөл байна. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн 70-аас доошгүй хувь нь докторын зэрэгтэй байна.

Дөрөв. Их сургуулийн ангилалд тавигдах  шаардлага

4.1. Их сургууль нь  Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасны дагуу  үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байна.

4.2. Гурваас доошгүй мэргэжлийн чиглэлээр докторын сургалт эрхэлдэг байна. Магистр, докторын хөтөлбөрийг хариуцсан нэгжтэй, хөтөлбөрт хамаарах бүх хичээлийг докторын зэрэгтэй  багш  хөтлөн  явуулдаг  байна.

4.3. Профессорын багт тулгуурласан зохион байгуулалтын нэгжтэй байж болно.

4.4. Нийт багш нарын 70-аас доошгүй хувь нь эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэдэг байна.

4.5. Үндсэн багш  нарын 30-аас доошгүй хувь нь докторын зэрэгтэй байна.

4.6. Нийт суралцагчдын 40-өөс доошгүй хувь нь судалгааны  ажил хийдэг байна.

4.7. Их сургууль эрдмийн зөвлөлтэй байна. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн 50-иас доошгүй хувь нь сургуулийн төлөөлөл, үлдсэн хувь нь аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, салбарын эрдэмтэн судлаачдын төлөөлөл байна. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн 70-аас доошгүй хувь нь докторын зэрэгтэй байна

4.8. Техник технологийн чиглэлийн төрийн өмчийн их сургуулийн хувьд сургуулийн хэмжээнд гүйцэтгэдэг судалгаа, боловсруулалтын ажлын дотор өндөр технологийн чиглэлээр гүйцэтгэсэн ажлын эзлэх хувь 10-аас доошгүй байна.

4.9. Шинжлэх ухааны хэд хэдэн холбогдох чиглэлээр төрөлжсөн лабораторитой байна.

4.10. Нийт номын фондын 5-аас доошгүй хувь нь  дотоод, гадаадын эрдэм шинжилгээний  сэтгүүл  байна.

4.11. Сургууль нь дангаар буюу бусад их сургууль, эрдэм шинжилгээний байгуулагатай хамтран  эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргадаг байна.

4.12. Нийт эрдэм шинжилгээний бүтээлд гадаад орны эрдэм шинжилгээний  сэтгүүлд нийтлүүлсэн болон оюуны өмчийн гэрчилгээ, патент авсан бүтээлийн эзлэх хувь 3-аас доошгүй хувь байна.

4.13. Эрдэм шинжилгээний хурал, семинарыг тусгай хөтөлбөрийн дагуу  тогтмол зохион байгуулдаг байна.

4.14. Багш, оюутны болон бусад чиглэлийн эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, цаашид хөгжүүлэх зориулалт бүхий сантай байж болно. Сангийн эх үүсвэр нь хуулийн хүрээнд гадаад, дотоодын иргэд байгууллагын санхүүжилт, хөрөнгө оруулалт, хандив, тусламж байна. Сангийн үйл ажиллагааг зохицуулах журмыг эрх бүхий байгууллагаас санал авч, сургуулийн удирдах зөвлөлөөр батласан байна.

Тав. Эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн их сургуулийн ангилалд тавигдах нэмэлт шаардлага

5.1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн “Үнэлгээний үзүүлэлт батлах тухай” 463 дугаар тушаалаар баталсан үнэлгээний шаардлагыг хангасан байна.

5.2. Судалгааны ажлын чиглэлээр өөрийн 3-аас доошгүй үйлдвэрлэлийн нэгжтэй,  3-аас доошгүй судалгааны хүрээлэнтэй байна.

Зургаа. Ангилал тогтоох үйл ажиллагаа

6.1. Ангиллын хүсэлт гаргаж буй сургууль нь дараах баримт бичгийг  бүрдүүлж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дээд боловролын асуудал хариуцсан нэгжид ирүүлнэ.Үүнд:

 а/  Өргөдөл

 б/ Тухайн ангиллын шаардлагыг хангаж байгаа үндэслэл, танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний болон сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, ангиллын нийтлэг болон нэмэлт шаардлагыг заалт бүрээр хэрхэн хангаж буй тухайгаа дэлгэрэнгүй бичсэн тайлан

6.2 Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дээд боловсролын асуудал хариуцсан нэгж баримт бичгийн бүрдлийг шалгаж, бүрэн гүйцэд бол Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын  тушаалаар шинжээчдийн ажлын хэсэг томилж ажиллуулна.

            Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд хүсэлт гаргагчид буцаана.

6.3. Шинжээчдийн бүрэлдэхүүнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дээд боловсрол, санхүү, хяналт, шинжилгээ-үнэлгээ, эрх зүйгээр мэргэшсэн нэгжийн дарга, мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дээд боловсрол, хөдөлмөр, санхүү хариуцсан нэгжийн дарга, улсын байцаагчид, улсын төв, хотын номын сангийн мэргэшсэн ажилтнууд, дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлага, мэргэшсэн ажилтнууд, оюутны байгууллагын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллөөс томилно. Сургалт эрхэлдэг салбарын төлөөллөөс саналын нь үндсэн дээр оролцуулж болно. 

6.4. Шинжээчид дүгнэлт гаргана. Үнэлгээний заалтын 90 буюу түүнээс дээш хувьд “хангалттай “ үнэлгээ авсан бол “хангалттай” гэж үзнэ.

6.5. Шинжээчдийн ажлын хэсэг дүгнэлтээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны нэгжийн дарга нарын зөвлөлийн хуралдаанд  танилцуулна.

6.6. Шинжээчдийн ажлын хэсгийн  дүгнэлт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны нэгжийн дарга нарын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд шийдвэр гаргана.                                                                                                                             

6.7. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг шалгалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны аттестатчиллын дүнгээр тухайн дээд боловсролын сургалтын байгууллага ангиллын шаардлагыг хангахгүй байгаа нь нотлогдсон бол тухайн сургуулийн ангиллыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын шийдвэрээр бууруулж болно.

 

 

--ооОоо—