Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журам, Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт

A- A A+
Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журам, Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр                                                                                                                                    Улаанбаатар хот

 

Дугаар 70

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.20 дахь зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Боловсролын тухай хуулийн 39.7, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн    8.7, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 9.1.5, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.4, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2. “Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн  271 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан  “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын 3 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 3.4 дэх заалт нэмсүгэй:

       “3.4. Сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох асуудлыг Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д заасны дагуу Улсын Их Хурлаас баталсан журмын дагуу зохицуулна.”

3. Мөн журмын 2.3 дахь заалтын “Сургалтын зээл нь сургалтын төлбөр байна.” гэсний дараа “Энэ журамд заасан гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн сургалтын төлбөрт суралцаж байгаа сургуулиас нь нэхэмжилсэн хичээлийн багц цагийн төлбөр, эрүүл мэндийн даатгал, гадаад суралцагчийн хураамж, номын сангийн үйлчилгээний төлбөр хураамжийг оруулан тооцно.” гэж нэмсүгэй.

4. Мөн журмын 1.4 дэх заалтын “Засгийн газраас баталсан мэргэжлийн чиглэлээр” гэснийг “Засгийн газраас тогтоосон тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр” гэж, 1.5 дахь заалтын “2 дугаар сард” гэснийг “3 дугаар сард” гэж, 1.8, 1.11, 3.1 дэх заалтын “Сургалтын төрийн” гэснийг “Боловсролын зээлийн” гэж тус тус өөрчилсүгэй.

5. “Журам, чиглэл шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны           3 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын 4 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай  4.1.8, 4.1.9 дэх заалт нэмсүгэй:

       “4.1.8. цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч.”;

       “4.1.9. төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр дээд боловсролын дипломын болон бакалаврын хөтөлбөрт  элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрийг 100 хувь; суралцагч 2.5-3.0 хүртэл голч оноотой суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийн 70 хувийг, 3.0 болон түүнээс дээш голч оноотой суралцсан тохиолдолд 100 хувь”.

6. Мөн журмын 4.1.2, 4.1.5, 4.1.7 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

       “4.1.2. бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн суралцагч.”;

       “4.1.5. төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг        70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь хичээлийн жилийн эхний улиралд; суралцагч 3.0 болон түүнээс дээш голч оноотой суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийг үргэлжлүүлэн 100 хувь;”;

       “4.1.7. энэ журмын 4.1.1, 4.1.3, 4.1.6-д заасан суралцагчийн өмнөх улирлын голч дүн 2.0 болон түүнээс дээш үнэлэгдсэн тохиолдолд сургалтын төлбөрийг үргэлжлүүлэн;”.

7. Мөн журмын 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтын “болон урамшууллын” гэснийг тус тус хассугай.

8. “Боловсролын зээлийн сан байгуулах талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн  111 дүгээр тогтоолын       1 дүгээр хавсралтаар баталсан “Боловсролын зээлийн сангийн дүрэм”-д дор дурдсан агуулгатай 4.1.4, 4.4 дэх заалт, “ Зургаа. Сангийн хөрөнгийн тайлагнал, ил тод байдал, түүнд тавих хяналт” гэсэн хэсэг нэмсүгэй:

       “4.1.4. тусгай сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого.”;

       “4.4. Сангийн хөрөнгийг зарцуулах шийдвэрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.”;

       “Зургаа. Сангийн хөрөнгийн тайлагнал, ил тод байдал, түүнд тавих хяналт

       6.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.1-д заасны дагуу Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

       6.2. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

       6.3. Сангийн хөрөнгийн жилийн эцсийн зарцуулалтын тайланг аудитын дүгнэлтийн хамт уг тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор байгууллагын шилэн данс, цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.”.

9. Мөн дүрмийн 3.1, 4.1.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

       “3.1. Сангийн захирал нь тус сангийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангах, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг зохион байгуулах, холбогдох тайланг хууль тогтоомжийн дагуу хугацаанд нь яаманд ирүүлэх үйл ажиллагааг хариуцна.”; 

       “4.1.2. зээлийн хүүгийн орлого;”.

10. Мөн дүрмийн “Зургаа. Бусад” гэсэн хэсгийг “Долоо. Бусад” гэж, энэ хэсгийн дугаарлалтын “6.1, 6.2” гэснийг “7.1, 7.2” гэж тус тус өөрчилсүгэй.

11. “Журам шинэчлэн батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 46 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ын 5 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 5.1.5 дахь дэд заалт нэмсүгэй:

       “5.1.5. цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан элсэлтийн ерөнхий шалгалтад 500 болон түүнээс дээш оноо авсан элсэгч байх.”.

12. Мөн журмын 4.4 дэх заалтын “10 дугаар сарын 1-ний” гэсний дараа “болон 3 дугаар сарын 10-ны” гэж нэмсүгэй.

13. Мөн журмын 1.4 дэх заалтын “5 дугаар сарын 1-ний” гэснийг “2 дугаар сарын 10-ны” гэж, 1.5 дахь заалтын “тэргүүлэх ач холбогдолтой, нэн хэрэгцээтэй мэргэжлийн чиглэл” гэснийг “Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжил” гэж, 6.4 дэх заалтын “мэргэжлийн” гэснийг “хууль” гэж тус тус өөрчилсүгэй.

14. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоол,  “Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай” 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 271 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын 1.6 дахь заалт, “Журам, чиглэл шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын 3 дахь хэсэг, мөн тогтоолын 2 дугаар хавсралт, “Боловсролын зээлийн сан байгуулах талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 111 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Боловсролын зээлийн сангийн дүрэм”-ийн “Хоёр” дахь хэсэг, мөн тогтоолын 2 дугаар хавсралтыг  тус тус хүчингүй болсонд тооцсугай.

15. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгосугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                         У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд                         Ё.БААТАРБИЛЭГ

 

 

Засгийн газрын 2020 оны 70 дугаар
    тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ГАДААД УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД
СУРАЛЦАГЧИД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН
ЗЭЭЛ ОЛГОХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр магистр, докторын зэргийн боловсрол эзэмших суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгоход энэ журмыг мөрдөнө.

1.2. Суралцагч нь Монгол Улсын иргэн байна. Суралцагч нь гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн журмын дагуу элсэж, албан ёсны суралцах урилга авсан байна.

Хоёр. Cуралцагчид олгох сургалтын төлбөрийн зээл

2.1. Сургалтын төлбөрийн зээлийн хэмжээг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн, тухайн улсын амьжиргааны түвшинтэй харьцуулсны үндсэн дээр Засгийн газар жил бүр ялгавартайгаар тогтооно.

2.2. Сургалтын төлбөрийн зээлийг суралцагчид энэ журмын 2.3-т заасан  хугацаанд олгоно. Зэргийн боловсрол ахиулах, өөрчлөх тохиолдолд тухайн суралцагчид дахин зээл олгохгүй.

2.3. Сургалтын төлбөрийн зээл (цаашид “зээл” гэх)-ийг магистрын зэргийн боловсрол эзэмших суралцагчид 2.5 жил, докторын зэргийн боловсрол эзэмших суралцагчид 3 жил хүртэлх хугацаатайгаар үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгоно.

2.4. Зээлд хамрагдах суралцагчийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан комисс, удирдамжийн дагуу сонгон шалгаруулна.

2.5. Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн сургалтын төлбөрт суралцаж байгаа сургуулиас нь нэхэмжилсэн хичээлийн багц цагийн төлбөр, эрүүл мэндийн даатгал, гадаад суралцагчийн хураамж, номын сангийн үйлчилгээний төлбөр хураамжийг оруулж тооцно.

Гурав. Бүрдүүлэх бичиг баримт

3.1. Суралцагч дараахь бичиг баримтыг бүрдүүлж, Боловсролын зээлийн санд хүсэлтээ гаргана:

       3.1.1. зээл хүссэн өргөдөл;

       3.1.2. боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зээлээр суралцуулах тухай шийдвэрийн хуулбар;

       3.1.3. итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай итгэмжлэл;

       3.1.4. боловсролын бичиг баримтуудын хуулбар;

       3.1.5. зээлийн барьцааны гэрээ;

       3.1.6. дээд боловсролын сургалтын байгууллагад суралцуулах урилга, сургалтын төлбөрийн нэхэмжлэл, харилцах данс.

Дөрөв. Зээлийн гэрээ, санхүүжилт

4.1. Боловсролын зээлийн сан нь зээл авах суралцагчтай зээлийн гэрээ байгуулна.

4.2. Зээлийн гэрээний загварыг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. Зээлийн гэрээнд суралцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдээлэл, суралцах хугацаа, тухайн сургалтын байгууллага, мэргэжлийн чиглэл, талуудын үүрэг, эрх, хариуцлагыг  тодорхой тусгана.

4.3. Зээлийн санхүүжилтийг суралцагчийн суралцаж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагын нэхэмжлэлийн дагуу тухайн сургуулийн дансанд шилжүүлнэ.

4.4. Сургалтын төлбөрийн зээлд хамрагдаж байгаа суралцагчийн сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх тохиолдолд энэ журмын 4.1-д заасан гэрээг сунгаж, санхүүжилтийг үргэлжлүүлэн олгоно.

4.5. Сурлагын голч дүнгийн үзүүлэлтээр зээлийн эрх нь хасагдсан болон энэ журмын 4.7-д заасан нөхцөл үүссэн суралцагчийн оронд тухайн оны шалгаруулалтад онооны дарааллаар тэнцсэн иргэдээс суралцуулах шийдвэрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

4.6. Суралцагчийн сургалтын төлбөрийн зээлийн гэрээг сунгах, санхүүжилтийг олгох, зогсоох асуудлыг суралцаж байгаа гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагын албан ёсны тодорхойлолт, сурлагын дүнг үндэслэн Боловсролын зээлийн сан шийдвэрлэнэ.

4.7. Суралцагч нь чөлөө авсан, энэ журмын 4.4-т заасан голч дүнгийн шаардлага хангахгүй суралцсан, гэмт хэрэгт холбогдсон, нас барсан тохиолдолд суралцаж байгаа гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагын албан ёсны мэдэгдэл, саналыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, санхүүжилтийг зогсооно.

Тав. Бусад

5.1. Боловсролын зээлийн сан нь сургалтын төлбөрийн зээл авсан суралцагчдын нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлнэ.


5.2. Сургалтын төлбөрийн зээлийн гэрээ, зээлийн санхүүжилттэй холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

 


-----о0о-----

 

Засгийн газрын 2020 оны 70 дугаар

тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

МОНГОЛ УЛСАД ШААРДЛАГАТАЙ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН

МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ

Төрөлжсөн чиглэл

Мэргэжлийн нэр

Боловсролын түвшин

Бакалавр

Магистр

Доктор

1.

011 Боловсрол

1.

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол

BSc

 

 

2.

Багш, бага ангийн боловсрол

BSc

 

 

3.

Багш, тусгай хэрэгцээт боловсрол

BSc

 

 

2.

021 Соёл, урлаг

4.

Уран сайхны гэрэлтүүлэг

BSc

MSc

 

5.

Дуу, чимээний технологи

BSc

MSc

 

6.

Хөгжмийн театрын найруулга

BSc

MSc

 

7.

Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506)

BSc

MSc

 

8.

Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт

BSc

 

 

3.

051 Биологи ба холбогдох шинжлэх ухаан

9.

Биологи

BSc

MSc

PhD

4.

 

052 Хүрээлэн буй орчин

10.

Хүрээлэн буй орчин судлал

BSc

MSc

PhD

5.

061 Мэдээлэл, харилцаа холбооны технологи

11.

Утасгүй холбоо

BEng

MEng

 

12.

Өгөгдлийн ухаан

BEng

MEng

 

13.

Системийн аюулгүй байдал

BEng

MEng

 

14.

Хиймэл оюун ухаан

BEng

MEng

 

6.

071 Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл

15.

Химийн инженерчлэл ба боловсруулалт

BEng

MEng

 

16.

Сэргээгдэх эрчим хүч

BEng

MEng

PhD

17.

Байгаль орчныг хамгаалах технологи

BEng

MEng

 

18.

Электроник

BEng

MEng

PhD

19.

Механик инженер

BEng

MEng

 

7.

072 Үйлдвэрлэл, боловсруулалт

20.

Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи

BEng

MEng

PhD

21.

Хүнсний инженерчлэл

BEng

MEng

PhD

22.

Шим тэжээл судлал

BEng

MEng

PhD

23.

Газрын тосны инженер

BEng

MEng

 

24.

Уул уурхайн ашиглалтын технологи

BEng

MEng

 

8.

073 Архитектур ба барилга, угсралт

25.

Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи

BEng

MEng

PhD

26.

Хаягдал боловсруулах технологи

BEng

MEng

PhD

9.

078 Инженерчлэл салбар хооронд

27.

Биотехнологи

BEng

MSc

PhD

28.

Био-инженерчлэл

 

MSc

PhD

29.

Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл

 

MSc

PhD

10.

081 Хөдөө аж ахуй

30.

Мал аж ахуй (зоотехник, мал зүйч)

BSc

 

 

31.

Газар тариалангийн аж ахуй (агрономи)

BSc

 

 

32.

Хөрс судлал, агрохими

BSc

 

 

11.

082 Ойн аж ахуй

33.

Ойн инженер

BSc

 

 

12.

084 Мал эмнэл зүй

34.

Мал эмнэл зүй

BSc

 

 

13.

091 Эрүүл мэнд

35.

Сувилахуй

BSc

 

 

36.

Био-анагаах ухаан

BSc

 

 

37.

Нийгмийн эрүүл мэнд

BSc

 

 

Нийт

35

25

12