Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтны менежмент, манлайлал цахим сургалт эхэллээ

A- A A+
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтны менежмент, манлайлал цахим сургалт эхэллээ

Сургуулийн өмнөх боловсролын нийт удирдах ажилтанд зориулсан “Цэцэрлэгийн менежмент, манлайлал” сэдэвт цахим сургалт эхэллээ.

Хүүхдийн цэцэрлэгийн удирдах ажилтнуудад менежмент, манлайлал, сургалтын технологи, инновацийн орчин үеийн мэдлэг, практик аргыг эзэмшүүлэхэд зориулан НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газраас “ЦЭЦЭРЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, МАНЛАЙЛАЛ” гарын  авлагыг  Удирдлагын Академийн Удирдлага, сэтгэл зүйн тэнхим,  Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран боловсруулж, цэцэрлэгийн удирдах ажилтнуудад хүргүүлээд байна.

Сургалтыг энэхүү гарын авлагын хүрээнд таван долоо хоногийн турш цахимаар зохион байгуулах бөгөөд дараах чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэх юм.  Үүнд:

  1. Байгууллагын гадаад, дотоод орчин, нөхцөл байдлыг тодорхойлох
  2. Менежментийн чиг үүргүүдийг бүрэн хэрэгжүүлэх
  3. Хамтын манлайллыг хэрэгжүүлэх
  4. Шинэ үеийн хүүхэд, мэргэжилтнүүдтэй ажиллах
  5. Ёс зүй, ёс суртахууны сонголт шийдвэрийг гаргах
  6. Хамтын  ажиллагааг өрнүүлж, дэмжих, манлайлах
  7. Сургалтын технологи, инновацыг нэвтрүүлэх, тэдгээрийг удирдах  

Эхний ээлжийн сургалтад 24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгийн 30 эрхлэгч, аймаг, нийслэл, дүүргийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан 40 мэргэжилтэн хамрагдана.