“ТӨРИЙН ДУУЛЛАА ХҮНДЭТГЭН ДУУЛЖ, ТӨРТ ЁСОО ДЭЭДЭЛЬЕ” аяны хүрээнд Говь-Алтай аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 28 сургуулийн 11901 суралцагч Төрийн дууллыг үг, аяыг бүрэн тогтоож, шинэ долоо хоногийн эхний өдрийн нэгдүгээр цагийн хичээл эхлэхэд анги нийтээр дуулж хэвшжээ.
Ерөнхий боловсролын 28 сургууль, 29 цэцэрлэг хүндэтгэлийн хэсэгтээ төрийн дууллаа байршуулж , монгол хэл, бичгийн хичээлээр дамжуулан дунд, ахлах ангийн 6103 сурагч Төрийн дууллаа үндэсний бичгээр алдаагүй зөв бичиж сурах зорилгод нэгдээд байна.
Төрийн дууллын агуулга болон эх оронч үзэл, төрт ёсны түүхэн уламжлал, үндэстний эв нэгдэл, шударга ёсны холбоо хамаарлыг сурагчдад ойлгуулах, үгийг бүрэн тогтоолгох, дууллыг зохиосон түүхийг таниулахад чиглэсэн 20 минутын түүх- уран зохиол- хөгжмийн интеграцчилсан цахим хичээл бэлтгэн “цахим хуудсанд” байршуулжээ. Төрийн бэлгэ тэмдгийн талаар сургалт хэлэлцүүлэг хийж, энэ үйл ажиллагаанд багш, суралцагчид үндэсний хувцсаа өмсөж, төрт ёсоо хүндэтгэн оролцсон байна.