ЯПОН УЛСАД БАКАЛАВР, ДОКТОР, СУДЛААЧ ОЮУТАН ХӨТӨЛБӨРТ 2020 ОНООС СУРАЛЦАХ ЭРХ АВСАН ХОЁР ДАХЬ ЭЭЛЖИЙН 59 ОЮУТАН БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

A- A A+
ЯПОН УЛСАД БАКАЛАВР, ДОКТОР, СУДЛААЧ ОЮУТАН ХӨТӨЛБӨРТ 2020 ОНООС СУРАЛЦАХ ЭРХ АВСАН ХОЁР ДАХЬ ЭЭЛЖИЙН 59 ОЮУТАН БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилгоор сургалт, судалгааны үйл ажиллагааг 2014 оноос эхлэн өдгөө 6 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.Төслийн сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдаж Япон Улсад суралцах болзол хангасан оюутнуудад жил бүр Боловсрол, шинжлэх ухааны сайд “ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАТЛАМЖ”-ийг 3 дугаар сард гардуулж, оюутнууд 4 дүгээр сараас эхлэн тус улсад суралцдаг уламжлалтай. 2020 оны хувьд дэлхий нийтэд тархаад буй цар тахалтай холбоотой тогтоосон хөл хорионы улмаас төслийн оюутнууд Япон Улс руу явах хугацаа хойшлогдож, оюутнууд 04 дүгээр сараас эхлэн өнөөг хүртэл цахимаар хичээллэж байгаа.

Төслийн Коосэн хөтөлбөрийн 34, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 16 нийт 50 оюутан өнгөрсөн 10 дугаар сард батламжаа гардан авч Япон Улсыг зорьж одоогоор тус тусын сургуулиудад мэргэжлийн чиглэлээр суралцаж эхлээд байна.Харин өнөөдөр Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 49, Докторын 6, Судлаач оюутнаар суралцах 4 нийтдээ 59 оюутан, багш судлаач нар Япон Улсад суралцах эрхийн батламжаа гардан авлаа. Эдгээр оюутнууд Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тусгай үүргийн нислэгээр арлын орныг зорих юм.

Батламж гардуулах ёслолыг Төсөл хэрэгжүүлэх нэгжээс зохион байгуулсан бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх, ЖАЙКА-ын монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын их сургуулийн удирдлагууд болон эцэг эхийн төлөөлөл оролцож оюутнууддаа баяр хүргэн үг хэлж цаашдын сурлагад нь амжилт хүслээ. Эдгээр оюутан бүгд инженерийн чиглэлээр 2-3 жилийн хугацаанд суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж гэрээний үүргийн дагуу мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласнаар авсан зээл нь тэтгэлэг болж өөрчлөгдөх нөхцөлтэй юм.