ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СУРАГЧДЫН 81 ХУВЬ НЬ ТӨРИЙН ДУУЛЛЫН ҮГИЙГ БҮРЭН ЦЭЭЖЛЭЭД БАЙНА

A- A A+
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СУРАГЧДЫН 81 ХУВЬ НЬ ТӨРИЙН ДУУЛЛЫН ҮГИЙГ БҮРЭН ЦЭЭЖЛЭЭД БАЙНА

Төрийн дууллын үг, ая, эгшиглүүлэх журмыг мэддэг сурагчдын судалгааг аймгийн хэмжээний ерөнхий боловсролын 31 сургуулийн сурагчдаас авч, судалгаанд үндэслэн “Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” аяны хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлтийг гаргаж сургууль бүр 20-26 төрлийн ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Төрийн дууллын үг цээжлүүлэхийн тулд төрийн дууллын үгийг үргэлжлүүлэн бичих, нөхөж бичих, дамжуулан бичих, үгийг ангийн мэдээллийн самбар, гэртээ ил байрлуулах гэх мэт арга зүйгээр ажилласнаар сурагчдын 81% нь үгээ бүрэн цээжилсэн байна. Мөн хүүхдээс хүүхдэд нөлөөлөх аргаар цээжлээгүй сурагчдаа цээжилсэн сурагчдад хариуцуулан заалгах, гэр бүлээрээ дуулах гэх мэт аргуудыг хэрэглэн үр дүнг тооцон ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 7 хоног бүрийн эхний өдөр, өдөр бүр эхний цагийн хичээл, завсарлагааны цагуудаар төрийн дууллаа хүндэтгэн дуулж хэвшлээ.

Төрийн дууллын түвшинд дуулагдаж байсан дуунууд, төрийн дуулалтай болох тухай анхны уралдаан, төрийн дууллын шүлэг, ая хэрхэн зохиогдсон тухай, хэд хэдэн онд ямар ямар өөрчлөлт орж байсан зэрэг олон мэдээллийг багтаасан самбарыг байрлуулан олон нийтэд сурталчлан ажиллаж байна.Арвайхээр-1 сургуулийн багш нар 7-12 дугаар ангийн сурагчдын дунд “Төрийн дууллаа эх бичгээрээ хэн сайхан бичих вэ” уралдааныг зохион байгуулж, тус уралдаанд ирүүлсэн 200 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргаж сурталчиллаа. Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш нараас санаачлан “Төрийн дууллаа дуулах” challenge эхлүүлээд байна.

Сургуулийн Дизайн технологиийн ЗАН-ийн багш нар 1-12 дугаар ангийн сурагчдын дунд “Төрийн дууллаа урлан бүтээе” уралдааныг зохион байгуулж, 230 гаруй шинэлэг санаа бүхий бүтээл ирснийг эцэг эх олон нийтэд нээлттэй сурталчиллаа. Тус аяны хүрээнд сургуулийн үүдний хэсэгт төрийн дууллын хүндэтгэлийн булан байгуулах талаар бэлтгэл ажил хангаад байна. Ингэснээр Төрийн дууллын талаарх мэдээллийг илүү олон хүнд хүргэх боломж нээгдэх юм. Дээрх ажлуудыг анги удирдсан багш нарын “Ангийн багш-Амьдралын багш”, түүх, нийгмийн ухааны багш нарын “ӨВ-Нийгмийн ухаан” facebook групүүдээр сурталчлан, багш нарын дунд хэлэлцүүлэг өрнүүлэн ажиллалаа.