Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих зорилтыг хэрэгжүүлэх техник, технологийн шийдэл, ажлын даалгаврыг боловсруулан батлуулах, зураг төслийн эскиз, магадлалын нэгдсэн дүгнэлт гаргуулах, санхүүжилтын асуудлыг шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Боловсрол, шинжлэх ухааны яамны ажлын хэсгийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатараар ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсэг өнөөдөр Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн гишүүдэд ажлын явцаа танилцууллаа.

БШУЯ-ны ажлын хэсэг орчин үеийн цэвэрлэх байгууламжийн төрлүүдээс танилцуулж, Монгол орны эрс тэс уур амьсгал, байгалийн бүсэд тохиромжтой, хүүхдэд ээлтэй, ашиглалтын зардал бага, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй, 98-99 хувийн цэвэршилттэй саарал усаа дахин ашиглах боломжтой технологийн шийдлүүдийн талаар мэдээлэл өгөв.



