МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ч.ОТГОНБАЯР АРДЫН БАГШ ЦОЛООР ШАГНУУЛЛАА

A- A A+
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ч.ОТГОНБАЯР АРДЫН БАГШ ЦОЛООР ШАГНУУЛЛАА

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, төрийн дээд одон, медаль гардуулсан юм.

Боловсролын салбарт 35 жил тасралтгүй ажилласан Монгол Улсын Гавьяат багш Чойрогийн Отгонбаяр Монгол Улсын Ардын багш цолоор шагнууллаа.

Тэрбээр боловсролын салбарт ажиллахдаа дөрвөн удаа 10 дугаар ангийг удирдан төгсгөсөн, мөн монгол болон кирилл бичгийн сургалттай нэгдүгээр ангийг 10 дугаар анги хүртэл нь 2 ангийг давхар даан төгсгөсөн. Эх хэл, үндэсний бичиг, уран зохиолын  хичээлийг сургалтын баялаг хэрэглэгдэхүүнд тулгуурлан сонирхолтой хэлбэрээр зааж, үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх, сэтгэхүйг хөгжүүлэх, хүүхэд нэг бүрийг хоцрогдолгүй сургаж ажиллажээ. Багшийнхаа мэргэжлийг өвлөсөн 100 гаруй шавь орон нутагтаа багшилж байгаа бөгөөд тэдний дотроос Хэл Шинжлэлийн Ухааны 2 доктор төрсөн зэрэг Монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлийн сургалтын технологийн уламжлал, шинэчлэлийг хослуулан, сурагчдын авьяас, чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Дорноговь аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын даргаар 10 гаруй жил ажиллахдаа Сайншанд, Замын-Үүд суманд хүүхдийн 2 цэцэрлэгийг шинээр бариулж стандарт шаардлага хангасан орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлснээр хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж 98,5 хувьд хүргэсэн зэрэг маш олон ажил, шинэчлэлийг боловсролын салбарт хийсэн.

Монгол Улсын Гавьяат багш Чойрогийн Отгонбаярыг Монгол Улсын АРДЫН БАГШ цолоор шагнуулсанд халуун баяр хүргэе.