Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 16 өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 218 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын дагуу албан хаагчийн гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг БШУЯам зохион байгуулдаг. Үүний тулд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 12 сарын 31 өдрийн “Аргачлал, загвар батлах тухай” 100 дугаар тушаалын 8 дугаар хавсралтаар батлагдсан аргачлал, загварын дагуу Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг хүлээн авч ажилладаг. Тус үнэлэх аргачлалын дагуу:
Байгууллагын үнэлгээний багийг төсвийн шууд захирагчийн тушаалаар байгууллагын нэгжийн удирдах албан тушаалтан болон хүний нөөц хариуцсан албан хаагчийн төлөөллөөс бүрдүүлэн жил бүрийн 6, 12 дугаар сард багтаан байгуулна. Хэрэв тухайн байгууллага зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын үнэлгээний баг шаардлагагүй бөгөөд энэ журамд заасан байгууллагын үнэлгээний багийн хийх ажлыг төсвийн шууд захирагч гүйцэтгэнэ.
Нэгжийн дарга харьяалах нэгжийн албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний хагас жилийн үнэлгээг 6 дугаар сарын 17-ны дотор, жилийн эцсийн үнэлгээг 12 дугаар сарын 17-ны дотор тус тус хийж, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудсуудыг нэгтгэн үнэлгээний багт хүргүүлнэ.
Нэгжийн даргын албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээг үндэслэн үнэлгээний баг 6, 12 дугаар сарын 20-ны дотор холбогдох хууль тогтоомж болон хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний саналыг эрх бүхий этгээдэд гаргана.
Тус саналыг харгалзан төсвийн шууд захирагч тушаал гаргаж, холбогдох нэгж, албан тушаалтан хэрэгжилтийг хангуулан ажиллана.
Албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг эрх бүхий этгээдийн баталсан үнэлгээний хуудсаар баталгаажуулж, албан хаагчийн хувийн хэрэгт хавсаргах байдлаар батлагдсан журам, аргачлалын дагуу ажиллаж байна.
Холбогдох дүрэм, журмын линк: http://igovernment.mn/docs/212
Боловсрол, Шинжлэх ухааны яам
Төрийн захиргааны удирдлагын газар
2021 оны 06 сарын 02 өдөр