БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН БАГАНУУР, БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН БАГШ НАРТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТЫНХАА ҮЕЭР ҮНДСЭН ГУРВАН СЭДВИЙН ХҮРЭЭНД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН БАГАНУУР, БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН БАГШ НАРТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТЫНХАА ҮЕЭР ҮНДСЭН ГУРВАН СЭДВИЙН ХҮРЭЭНД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ОНЦЛОГ:

- Багш нар болон 12-оос дээш настай сурагчдын 90 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.

- Танхимын ба танхимын бус сургалт хосолсон хэлбэрээр үргэлжилнэ. Хүүхэд авах ёстой мэдлэгийнхээ 70 хувийг танхимаар авдаг.

- Хоцрогдол арилгах цогц төлөвлөгөө хэрэгжинэ. Энэ төлөвлөгөө эргэн холбох, нөхөх, тогтворжуулах гэсэн гурван үе шаттай.

- Энэ хичээлийн жилд 150 орчим сургуульд сэтгэл зүйч ажиллана. 4 хүүхэд тутмын 1 нь ганцаарддаг, 10 хүүхэд тутмын 4 нь сэтгэл зүйчтэй уулзах шаардлагатай гэсэн судалгаа бий.

- Үдийн хоол хөтөлбөр энэ хичээлийн жилээс хэрэгжиж эхэлнэ. Сурагчдын 70 орчим хувь нь өглөө сургуульдаа цайгаа уухгүй ирдэг.

- Орон нутгийн боловсролын байгууллагуудын нүхэн жорлонг шинэчилж орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно.

- Энэ хичээлийн жилээс Улаанбаатар хотын зарим цэцэрлэгт ээлжийн багш ажиллана.

БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ:

- Удирдлагын оновчтой тогтолцоог нэвтрүүлж, шатлан дэвших боломжийг бүрдүүлнэ. Улс төрөөс хараат байдлыг хална.

- Боловсролын тэгш бус байдлыг арилгана. Хот, хөдөө, хувийн төрийн гээд ялгаатай байдал шат бүрд бий.

- Боловсролын түвшин хоорондын уялдаа холбоог сайжруулна. Бид энэ хичээлийн жилээс гарааны оношилгоо хийнэ.

- Багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг ажлын ачаалал, нийгмийн хамгаалалтай нь уялдуулан шинэ шатанд гаргана.

- Цахим шилжилтийг идэвхжүүлж, хосолмол сургалт явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ. Монголын анхны цахим сургуулийг байгуулж байна.

- Багш нарыг бэлдэх, ажлын байран дээрээ суралцах, хөгжих боломжийг бүрдүүлнэ.

- Өнгөрсөн хугацаанд боловсролын байгууллагын хүртээмжийг сайжруулах чиглэлд ажилласаар ирсэн бол одоо чанарт онцгой анхаарна.

- Боловсролын байгууллагыг хагас бие даасан санхүүгийн тогтолцоонд шилжүүлнэ.

- Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын санхүүжилтийн аргачлалыг өөрчилнө.

- Сургуулийн бүтэц, байршил хэв шинжийн оновчтой хувилбарыг тогтооно.

- Сургалтын чанарт суурилсан багшийн цалин урамшууллыг олгоно.

АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ:

- Багануур дүүрэгт шинээр байгуулагдсан насан туршийн боловсролын жишиг төвд шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг хийнэ.

- Сургуулийн орчны интернэтийн хурдыг 3 дахин нэмнэ. Багш нарыг компьютержуулах ажлыг үе шаттай шийднэ.

- Багануур дүүргийн 3 дугаар хорооны сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг дуусгана.

- Голомт цогцолборын өргөтгөлийн барилгыг дуусгана.

- Налайх дүүрэгт царцсан цэцэрлэгийн барилгыг дуусгана.

- Багахангай дүүргийн дотуур байр, сургуулийн барилгын асуудлыг судална.