БШУ-ы дэд сайд Орхон аймагт ажиллах үеэрээ сургууль, цэцэрлэгт ажиллалаа. 928 хүүхдийн хүчин чадалтай нэгдүгээр сургуулийн хичээлийн II байрын барилгын явцыг шалгалаа. 50 жилийн түүхтэй нэгдүгээр сургуульд өнөөдрийн байдлаар 2700 хүүхэд суралцаж байна. Сургуулийн барилга муудаж, хүрэлцээ, багтаамжгүй болсон учир шинэ барилгын ажлыг 2016 оноос эхлүүлсэн. Барилгын ажил удаашралтай, чанар муу байгаа учир барилгын чанарт анхаарч ажиллахыг дэд сайд Г.Ганбаяр санууллаа.
Мөн өдөр 27 болон 18 дугаар цэцэрлэгт ажиллалаа. 27 дугаар цэцэрлэг нь 2020 онд ашиглалтад орсон бөгөөд 150 хүүхдийн хүчин чадалтайгаар ердийн дөрвөн бүлэг, тусгай хоёр бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тусгай хоёр бүлэгт аймгийн хэмжээний тусгай хэрэгцээт 30 хүүхдэд сэргээн засах үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар 12 хүүхэд тусгай бүлэгт суралцаж байгаа юм.
18 дугаар цэцэрлэгийн тухайд өргөтгөлийн барилга нь 2020 оны нэгдүгээр сард ашиглалтад орсон. 150 хүүхдийн хүчин чадалтай, нийт найман бүлэгтэй, 36 багш, ажилтантай. Цэцэрлэгийн өргөтгөлд шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэсэн байна.
БШУ-ы дэд сайд дээрх цэцэрлэгүүдэд ажиллах үеэрээ шаардлагатай тоног төхөөрөмж, багшийн компьютерын асуудлыг шийдвэрлэж өглөө.