БАГШ НАРЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ЧИГЛЭЛД НЯГТ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

A- A A+
БАГШ НАРЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ЧИГЛЭЛД НЯГТ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Дэлхийн болон Монголын багш нарын баярын энэ өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон газрын дарга нар МҮЭХ, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудтай уулзлаа.

Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл:

- Багш нарын компьютерыг шинэчлэх

- Хоолны норм нормативыг өөрчлөх

- Залуу багш нарыг орон сууцжуулах

- Багш нарыг тасралтгүй хөгжүүлэх

- Илүү цагийн нэмэгдэл, тогооч нарын цалин урамшуулалд анхаарах

- Орон нутагт ажиллаж байгаа багш нарт дэмжлэг үзүүлэх

- Төрийн болон хувийн өмчийн их сургуулиудын босго оноог ижил болгох

- Хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг эхчүүдээс авах зэрэг олон асуудлыг хөндлөө.

Багшийн мэргэжлээрээ тасралтгүй хөгжихөд дэмжлэг үзүүлэх хүрээнд Чадварлаг багш хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хичээлийн хоцрогдлыг гурван жилийн хугацаанд танхимаар нөхөх чиглэлд ажиллаж байгаа. Салбарын яам багшийн нэг хичээлийг үнэлэн авч medle.mn цахим платформд байршуулах боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүүхдүүд чадварлаг багшийн хичээлийг цахимаар үзэх боломж бүрдэж байгаа юм. Нөгөө талаас багш нарын хувьд сайн хичээлээ үнэлж, нэмэлт орлогын эх үүсвэртэй болно. Сургуулийн өмнөх боловсролын хувьд ээлжийн багшийг ачаалал ихтэй 6 цэгт, 25 сургуульд хичээллүүлж байгаа. Их, дээд сургуулийг цаашид сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлнэ. Монгол-Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяалалд шилжүүлсэн гэдгийг салбарын сайд онцоллоо.

Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд салбарын дөрвөн хуулийн төслийг хэлэлцүүлж буй. Эрх зүйн шинэчлэлээр багш нарын хуримтлалын сан, нийгмийн баталгаа, эрүүл мэнд, цалин хөлс, урамшуулал, дэмжлэг, сурч хөгжих зэрэг олон асуудал шийдэгдэх юм.

БШУЯ, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн 2019 онд байгуулсан хамтын хэлэлцээр энэ онд дуусаж байгаа. Үүнтэй холбогдуулан хамтын хэлэлцээрийн үр дүнг ярилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцлоо. Хамтын хэлэлцээрийн хүрээнд цалин хөлс, хөдөлмөрийн норм, норматив, ажиллах нөхцөл, нийгмийн хамгааллын асуудалд анхаарал хандуулж ажилласан. Цаашид хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулж, багш нарыг дэмжих чиглэлээр нягт хамтарч ажиллахаа талууд илэрхийллээ.