БАГШИЙН ХОС ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН ТҮВШИН, УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ АЖЛЫГ ТАСРАЛТГҮЙ ЗОХИОН БАЙГУУЛНА

A- A A+
БАГШИЙН ХОС ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН ТҮВШИН, УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ АЖЛЫГ ТАСРАЛТГҮЙ ЗОХИОН БАЙГУУЛНА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Кайрат Кудайбергенович Абдрахмановтай цахим уулзалт хийлээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудлаарх дээд комиссар нар 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын олон хэлт, олон соёлт боловсролыг хөгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.

Уулзалтын үеэр олон улсад олон хэлний боловсролыг амжилттай хэрэгжүүлж буй туршлага, шинэ санааг судлах, нутагшуулах ажлыг туршилтын сургуулиудын хүрээнд хийхээр төлөвлөж байна. Багшийн хос хэлний боловсролын түвшин, хэл, соёлын ялгаатай хүүхэдтэй ажиллах, тэдэнд дэмжлэг үзүүлэх ур чадварыг сайжруулах ажлыг тасралтгүй зохион байгуулна. Ялангуяа Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Төв Азийн боловсролын хөтөлбөрөөс зохион байгуулж буй сургалтад багш, удирдлага, мэргэжилтнүүдийг хамруулах, туршлага судлуулах ажлыг зохион байгуулах хэрэгцээ байгаа гэдгийг салбарын сайд хэллээ. Сайдын дэвшүүлсэн саналыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссар дэмжин хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Олон хэлт, олон соёлт боловсролыг хөгжүүлэх чиглэлээр:

- Сургалтын толь бичиг боловсруулж, туршилтын сургуулийн 4,6 дугаар ангийн сурагчдад зориулан хэвлээд байна. Математик, байгалийн шинжлэл, дүрслэх урлаг, биеийн тамирын хичээлийн 1-6 дугаар ангийн, биологийн хичээлийн 6-7 дугаар ангийн үндэсний хэмжээний сурах бичигт орсон зарим нэр томьёог казах, тува хэл дээр орчуулсан. Сургалтын толь бичигт монгол-казах хэл дээр нийт 5 хичээл, монгол-тува хэлний сургалтын толь бичигт нийт 4 хичээл орсон байна.

- Кыргыз, Казахстаны багийн туршлагаас судалж, өөр хэл дээр байгаа сургалтын хэрэглэгдэхүүн, материалыг монгол хэл дээр орчуулах ажил үргэлжилж байна.

- Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссарын Төв Азийн боловсролын төслөөс эрхлэн гаргадаг “Диалог” сэтгүүлийн зарим дугаарыг Боловсролын хүрээлэнгээс монгол хэлэнд орчуулан түгээсэн.

- 2020-2021 оны хичээлийн жилийн 1-2 дугаар улиралд орох бага, дунд, ахлах ангийн эх хэлний (тува, казах) 358 теле хичээлийг боловсруулж, бичлэг хийж, хичээлийн нөөц бэлдэх зэрэг чиглэлээр теле хичээлийг орон нутагт зохион байгуулсан. Мөн сургалтын 104 жишиг контентийг тува, казах хэл рүү орчуулах ажлыг сектороос хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, тува хэлээр 64, казах хэлээр 64 контентийг орчуулан хүргэв.

- Үндэстний цөөнхийн хүүүхдийн эх хэлний боловсролд анхаарал хандуулж 1-5 дугаар ангийн тува, казах хэлний дасгал ажлын дэвтрийг боловсруулсан. Дасгал ажлын дэвтрийг хүүхэд өөрөө бие даан гүйцэтгэж агуулгын хоцрогдлоо арилгах бөгөөд даалгаврууд нь хөнгөнөөс хүнд чиглэсэн, хүүхдэд хүндрэлгүй, сонирхолтой байдлаар боловсруулсан зэрэг ажлуудыг хийсэн.