БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

 

 

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР:

  1. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Монгол-Японы эмнэлгийг Анагаахын шинжлэх ухааны харьяанд шилцүүлэх асуудлыг хэлэлцүүлж, “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн талаар авах арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг батлууллаа.
  2. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/54 дүгээр тушаалаар Улсын Их Хуралд өргөн барьсан Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагаж батлагдах хуулийн төслүүдэд хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг тусгах, гишүүдийг  мэдээлэл, судалгаагаар хангах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.
  3. Боловсрол, шинжлэх ухааны сайд, аймаг нийслэлийн Засаг даргатай 2022 онд Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, хамтран ажиллах, гэрээнд 2 сарын 18-ны өдөр Төрийн ордонд гарын үсэг зурж баталгаажууллаа.
  4. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар “Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газрын  ажиллах үлгэрчилсэн журам”-ыг баталлаа.
  5. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль/дотуур байрын хүүхдэд хоол хүнсний хангамж, үйлчилгээ үзүүлэхэд журам”-ыг баталлаа.
  6. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.5 дахь заалтын дагуу “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам”-ын төслийг боловсруулан Монгол Улсын Шадар сайдаар батлуулахаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1а/773 тоот албан бичгээр хүргүүллээ.
  7. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны "Журамд нэмэл өөрчлөлт оруулах тухай" А/47 дугаар тушаалаар дээд боловсролын сургалтын байгууллагад оюутан элсүүлэх элсэлтийн ерөнхий журамд нэмэлт өөрчлөлт орууллаа.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

  1. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны “Багш” багц шинээр бий болгох асуудлыг судалж, санал боловсруулах хамтарсан ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/33 дугаар тушаалаар БШУЯ, ЭМЯ, АШУҮИС-ийн төлөөллийг оролцуулан байгууллаа.
  2. Монгол Улсын Засгийн газрын “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг батлах тухай” 2021 оны 372 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө” боловсрууллаа. Уг төлөвлөгөөгөөр бүх нийтийн англи хэлний мэдлэг, чадвар, хэрэгцээг тодорхойлох, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын англи хэлний багш нар, их, дээд сургуулийн англи хэлний багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг чадавхжуулах, ерөнхий боловсролын сургууль төгсөгчид болон их, дээд сургуулийн оюутнуудыг англи хэлний олон улсын шалгалтын оноотой төгсгөдөг болох, тэднийг англи хэлний олон улсын шалгалт өгөх боломжоор хангах, дэмжих зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
  3. SEEL /нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй/ хөтөлбөрийг Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамжийг төсөл боловсруулаа.
  4. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг нар Налайх дахь Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр хамтарсан уулзалт зохион байгуулж, БШУЯ-ны удирдлагууд, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон Германы Сэргээн босголт, хөгжлийн банкны (KFW) төлөөлөгчид оролцлоо.
  5. Шинжлэх ухааны салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 02 сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Зөвлөгөөнд шинжлэх ухааны салбарын эрдэм шинжилгээний байгууллагууд болон их, дээд сургуулийн 120 гаруй удирдах ажилтнууд оролцлоо.
  6. Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу 2010 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсруулж, батлуулан, хэрэгжүүлсэн “Өндөр технологи, инновацийн бодлого, үйл ажиллагаатай холбоотой танилцуулга мэдээлэл”-ийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1а/684 тоот албан бичгээр хүргүүллээ.
  7. Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яам , Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоотой 2020-2021 онд байгуулсан Хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэх уулзалт боллоо.
  8. 2020-2021 онд Хамтын хэлэлцээрийн хүрээнд талууд боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, норматив, төсөв санхүү, нийгмийн хамгааллыг сайжруулах зэрэг чиглэлээр нийт 30 гаруй асуудлын хүрээнд амжилттай хамтран ажиллажээ.
  9. Улмаар 2022-2023 онд байгуулах Хамтын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, салбарын эрх зүйн орчны сайжруулалт, хэрэгжилтийг чанаржуулах, багш, ажилтан, албан хаагчдын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааг хангах талаар хууль, хэлэлцээр, журмын хүрээнд үр дүнд хүрсэн ажлыг хамтран хэрэгжүүлэхээр талууд тохиролцлоо.
  10. ЮНЕСКО-гийн Бээжин дэх оффисын дэмжлэгтэйгээр хийсэн Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн шинжилгээг Үндэсний багаас урьдчилсан байдлаар хүлээн авч, олон улсын шинжээчдэд болон ЮНЕСКО-д хүргүүллээ.
  11. Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атешийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 02 сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд: Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Дээд боловсролын зөвлөл хоорондын “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай" харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

  1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/43 дугаар тушаалаар Жайка олон улсын байгууллагатай 2021-2024 он хүртэл хамтран хэрэгжүүлэх “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих” төслийг салбар дундын оролцоо, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий 3 ажлын хэсгийг байгууллаа.
  2. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Танхимын сургалтад шилжих тухай” А/46 дугаар тушаалаар дээд боловсрол, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын 2021-2022 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг 02 сарын 14-ний өдрөөс эхлэн танхимаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
  3. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/48 дугаар тушаалаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн хуулийн төсөл боловсруулж, батлуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.
  4. Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын 2022 оны онлайн бүртгэлийг 02 сарын 14-ний өдрөөс эхлүүллээ. 2022 онд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар:
  • 2022 онд элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэл бичгийн шалгалтыг 2 удаа зохион байгуулна.
  • Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох боломжтой боллоо.
  • Шалгуулагчид батламж хуудсаа www.eec.mn цахим хуудас болон e-mongolia аппликейшнээс хэвлэн авна.
  • 12 дугаар ангийн шалгуулагчдад онлайн сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллана.
  • Шалгуулагчид “EEC” аппликейшнийг ашиглан өөрийн хувийн мэдээлэл болон ЭЕШ-тай холбоотой мэдээллийг нэг дороос, түргэн шуурхай авах боломжтой боллоо.
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх myfuture.mn цахим хуудсыг ашиглалтад орууллаа.
  1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/456 дугаар тушаалаар баталсан ажлын хэсэгт ажилласан. Боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалтай холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон  Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны 2020-2021 онд байгуулсан  Хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэх, 2022-2023 онд байгуулах Хамтын хэлэлцээрийн талаар санал солилцох уулзалтыг  02 сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
  2. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн төлөвлөлт, явцын хяналтыг сайжруулах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яамны Цахим бодлого, статистикийн хэлтэс, Мэдээлэл технологийн төвтэй хамтран хоол үйлдвэрлэлийн цахим системийг боловсруулж, түүний хэрэглээ, ашиглалтын талаар танилцуулах сургалтыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн хоол, хүнсний асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд 02 сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
  3. Цэцэрлэгийн багш, хөгжмийн багшийн хангалтын өнөөгийн байдал, хэрэгжүүлэх ажлын санал, мэдээллийг бэлтгэлээ. 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн багшийн хангалт 97.2 хувьтай байгаа хэдий ч нийт цэцэрлэгийн 54 хувь нь хөгжмийн багштай байна. Цэцэрлэгийн хөгжмийн багшийн мэргэжлийн багшийн хангалтыг нэмэгдүүлэх зорилгоор багш бус, урлагийн дээд боловсролтой, хөгжмийн багшаар ажиллах сонирхолтой иргэдэд зориулсан түргэвчилсэн хөрвөх сургалтыг төрөөс зохион байгуулах,  сургуулийн өмнөх боловсролын багш болон хөгжмийн багш мэргэжлээр элсэгчдэд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх зэрэг саналуудыг тусган боловсрууллаа.
  4. Цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаа 2 дугаар сарын 14-ний өдрөөс танхимаар эхлүүлсэнтэй холбогдуулан ээлжийн багшийн 2 дахь ээлж нийслэлийн 25 цэцэрлэгт туршилтаар үргэлжлүүлэн ажиллаж эхэллээ.
  5. Тус яамны Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газраас “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал, асуудал, шийдэл” хэлэлцүүлгийг 02 сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын талаар БШУЯ, Боловсролын ерөнхий газар, Боловсрол судлалын үндэсний хүрээлэн, сургууль, цэцэрлэг, төрийн бус байгууллага, эцэг эхийн төлөөллүүд хэлэлцэн зөвлөмж гаргалаа.
  6. Монгол Улсын засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Танхимын сургалтад шилжих тухай” А/38 дугаар тушаал батлагдаж, 02 сарын 14-ний өдрөөс эхлэн цэцэрлэгийн дунд, ахлах бэлтгэл бүлгийн танхимын сургалт, үйл ажиллагааг, 02 сарын 28-ны өдрөөс бага бүлгийн сургалт, үйл ажиллагааг эхлүүллээ.
  7. Уламжлалт анагаах ухааны салбарын эмийн үйлдвэрүүд дундын хамтарсан үйлдвэрлэл, судалгаа сургалтын жишиг лаборатори байгуулах төсөл танилцууллаа. Төслийг уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Оточ Маарамба уламжлалт анагаах ухааны сургууль хамтран боловсруулжээ.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 

  1. Боловсрол, шинжлэх ухааны яам,  Кембрижийн их сургуультай Ерөнхий боловсролын сургуулийн математик, англи хэл, байгалийн ухааны хичээлийг олон улсын жишигт нийцүүлэх, сургуулийн менежментийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг 02 сарын 11-ний өдөр байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд:
  • Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудын математик, байгалийн ухаан, англи хэлний хөтөлбөрийг олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд хүргэж, хүлээн зөвшөөрүүлэх;
  • Кембрижийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний тогтолцоог бий болгох;
  • Төрөлжсөн ахлах сургуулийг байгуулах, сургуулиудад олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг олгох
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах;
  • Хөтөлбөрт суурилсан үнэлгээг боловсруулах, сурах бичиг, бусад хэрэглэгдэхүүний чиглэлээр мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх;
  • Олон улсын хөтөлбөрөөр үнэлгээ хийх, шалгалт зохион байгуулах төвийг байгуулж, бүх суралцагчдад өөрийн хүсэлтээр Кембрижийн олон улсын шалгалт өгөх тэгш боломжийг бүрдүүлэх юм.
  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагчаар хэрэгжиж буй "ИЛГЭЭЛТ-2100" тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт 442 оюутан хамрагдан МУИС, ШУТИС-ийн бэлтгэл хөтөлбөрт хамрагдан суралцаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Батламж бичгээ 02 сарын 17-ны өдөр албан ёсоор хүлээж авлаа. Одоогийн байдлаар тус оюутнууд БНХАУ, ОХУ, Унгар, Турк, Лаос, Вьетнам, Украйн зэрэг улсуудын тэтгэлэгт бүртгүүллээ.
  2. Монгол Улсын Засгийн газрын Засгийн газрын 2021 оны 347 дугаар тогтоолоор батлагдсан Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах,түүнд хяналт тавих журмын 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг үндэслэн оюутны хөгжлийн зээлд хамрагдах суралцагчдын хяналтын тоог Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн  А/30 дугаар тушаалаар батлууллаа.

ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

  1. Монгол Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан Монголын эдийн засаг болон нийгмийн хөгжил хөтөлбөрийн хүрээнд Японы ард түмэн 3 багц, 313 сая иений буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Японы талаас 02 сарын 26-ны өдөр буцалтгүй тусламжийн эхний багц буюу 92 сая иений өртөг бүхий бүрэн тоноглосон автомашин болон эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг Монгол Японы эмнэлэгт гардууллаа.
  2. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/17 дугаар тушаалын дагуу Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд шинээр барих болон өргөтгөх 4 сургууль, 10 цэцэрлэгт нийлүүлэх тавилга, тоног төхөөрөмжийн нэр төрөл, тоо хэмжээ, үнийн судалгааг гаргалаа.
  3. Боловсролын сургалтын байгууллагад ашиглах суурин компьютер, зөөврийн компьютер, таблет, дотоод сүлжээний төхөөрөмжийн техникийн ерөнхий шаардлагыг боловсруулан холбогдох судалгааны хамт Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүллээ.
  4. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар Боловсрол,  шинжлэх ухааны салбарт он дамжин хэрэгжиж буй зарим барилга, байгууламжийн төсөвт өртөг нь өмнөх онд батлагдсан төсөвт өртгөөс 15-аас дээш хувиар нэмэгдэж батлагдсан. Эдгээр барилгын барилга, угсралтын ажлыг гүйцэтгэж буй үндсэн гүйцэтгэгч  компаниар нь үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээ байгуулж, ашиглалтад оруулах 57 төсөл, арга хэмжээний тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар холбогдох баримт материалыг бүрдүүлэн Боловсрол,  шинжлэх ухааны сайдын 2022 оны 2 сарын 22-ны өдрийн 1а/829 тоот албан бичгээр ЗГХЭГ-т хүргүүллээ.   

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД:

  1. Ёс зүйн жилийн хүрээнд "Сайдад и-мэйл бичээрэй" 14 хоногийн аяныг 02 сарын 01-14-ний өдрүүдэд зохион байгууллаа. Эцэг эх, асран хамгаалагчид, багш ажилтнууд, оюутан сурагчдаас 1052 саналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд ирүүллээ. Ирүүлсэн захидлын 577 нь ёс зүйн зөрчил, харилцаа хандлагын доголдол, ялгаварлан гадуурхалттай холбоотой байлаа.
  2. Яамны нийт ажилтан, албан хаагчдад мэдлэг, ур чадварыг ажлын байран дээр нь хөгжүүлэх зорилтын хүрээнд байгууллагын “Мэдээллийн цаг”-ийг 02 сарын 08-ны өдөр “Эйбл системийн ашиглалт,, хэрэглээг сайжруулах”,  сэдвээр   албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн, “Төрийн бүтээмж” сэдвээр 02 сарын 23-ны өдөр  Төрийн албаны зөвлөлийн Стратеги Бодлого төлөвлөлтийн зөвлөх Д.Дэмчигсүрэн, Удирдлагын академийн багш Доктор профессор С.Энхсайхан нар тус тус мэдээлэл хийлээ.
  3. Яамны албан хаагчид, харьяа байгууллагын холбогдох албан тушаалтнуудын ХАСХОМ-ыг гаргуулж, баталгаажуулах ажлыг хуулийн хугацаанд нь 100 хувийн биелэлттэйгээр АТГ-ын цахим мэдээллийн санд орууллаа.
  4. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хариуцан биелэлт гаргах Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийн 2021 оны жилийн эцсийг хэрэгжилтэд ХШҮ хийж, ЗГХЭГ-ын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн системд хуулийн хугацаанд нь орууллаа.
  5. Тус яамны бичиг хэрэгт 02 сарын 01-28-ны өдрүүдийн хооронд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс яаманд хандаж 845 хариутай бичиг, 142 шууд бичиг, 631 өргөдөл гомдол, нийт 1618 бичиг ирүүлсэн байна. 576 хариутай албан бичиг, 426 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт ирсэн бичиг, өргөдөл, гомдлын 68%-ийг шийдвэрлэж хариу өглөө. Мөн 236 албан бичиг, 205 өргөдөл хугацаандаа судлагдаж байна.  Яамнаас гаднын байгууллага иргэдэд хандаж 918 албан бичиг явууллаа.
  6. Яаманд ирсэн албан бичиг, өргөдөл, гомдлыг хүлээн авч, бүртгэн нэгж бүрээр ангилах, шийдвэрлэлтэд хяналт тавих, 262227 утсаар хандсан гаднын иргэдэд мэдээлэл өгөх, яамнаас гаднын байгууллага, иргэдэд явуулж байгаа албан бичгийг хянах, Эйбл программын хэвийн үйл ажиллагааг хангах, албан хаагчдад албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэдээлэл, зөвлөмжийг өгөх, цаг үеийн болон холбогдох тайлан, мэдээллийг хугацаанд нь гаргах, хүргүүлэх зэрэг ажлыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллалаа. 
  7. Тус яаманд гаднын иргэд, төрийн болон төрийн бус байгууллагаас нийт ирсэн, явсан 2536 албан бичиг, өргөдөл, гомдлыг албан хэрэг хөтлөлтийн программд бүртгэж,  цахим санг тасралтгүй нэмэгдүүлэн ажиллалаа.