БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН

 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан Боловсролын багц хуулийн төслүүдийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэхэд бэлтгэх Байнгын хорооны ажлын дэд хэсэгтэй хамтран ажиллаж Улсын Их Хурлын гишүүдийг мэдээллээр хангах, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах зэрэг ажлууд хийгдсэн. Энэ ажлын хүрээнд:

  • Боловсролын ерөнхий хуулийн төслийн насан туршийн суралцахуйн агуулгын талаар салбарын удирдлага, багш нарыг оролцуулан үндэсний хэмжээнд онлайн хэлэлцүүлэг зохион байгуулсан.
  • Дээд боловсролын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэн Улсын Их Хурлын ажлын хэсэгт 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр танилцуулж, Улсын Их Хурлын гишүүдийн өгсөн санал, чиглэлийн дагуу нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулан, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамын боловсруулсан Дээд боловсролын тухай хуулийн төслийн хувилбарыг судалж, хуулийн төсөлтэй нэгтгэн саналын томьёоллын эхний хувилбарыг гаргалаа.
  • Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хүрээнд салбарын яамдаас санал авч нэгтгэх, Боловсрол шинжлэх ухааны яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагууд, төрийн болон төрийн бус өмчийн сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, багш ажилтнуудад танилцуулга хийж саналыг тусган дахин томьёолох, сайжруулах ажлыг хийсэн.

Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбоотой Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Засгийн газрын тогтоолоор батлагдах 13 журмын төслийн саналыг боловсруулж хүргүүлсэн.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны “Ажлын хэсгийн  бүрэлдэхүүн, удирдамж батлах тухай” 55 дугаар захирамжийн хүрээнд өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын байгууллага, шинжлэх ухаан, технологийн салбарын байгууллага, харьяа байгууллагуудад Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийг 2022 оны 04 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлэн биеийн давхцахгүй өгөгдөл(гарын хурууны хээ)-ийг устгах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг, зургаан дэд ажлын хэсгийг байгуулан удирдамж, зааврын дагуу зохион байгуулалт хийж ажиллалаа.

Мэдээлэл хариуцагч 516 байгууллага 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар биеийн давхцахгүй өгөгдлийг цуглуулахад үндэслэл болсон байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зэрэгт тусгасан зүйл заалт байх 90 эрх зүйн баримт бичиг, актыг байгууллагын даргын тушаалаар хүчингүй болгон, өөрчлөлт оруулж нийт 24189 ажилтан, албан хаагчдын биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-ийн бүртгэл, мэдээллийн сан, баазыг устгасан урьдчилсан мэдээ гараад байна. 

Дэд ажлын хэсгүүд 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мэдээлэл хариуцагч 51 байгууллага, 05 дугаар сарын 01-ний өдөр 18 байгууллага, нийтдээ 69 байгууллагын ажилтан, албан хаагчдын биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-ийн мэдээллийн сан, баазыг устгасан болон хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийлээ.

ЮНЕСКО-гийн “Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Дэлхийн конвенц”-ийг батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулга боловсруулж, Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулах бэлтгэлийг ханган ажилласан. Уг конвенц батлагдсанаар манай орны их, дээд сургуулиудын гадаад хамтын ажиллагаа, хамтарсан хөтөлбөр, зайн сургалт, бүс нутаг, дэлхий дахинд дээд боловсролын хөтөлбөрийн талаарх мэдээлэл түгээх, авах ажил өргөжиж, дээд боловсролын экспорт нэмэгдэх, чанарын баталгаажуулалт хөгжих, дээд боловсролыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрөх зэрэг нөхцөлүүд бүрдэнэ.

Боловсрол, шинжлэх ухааны салбарын үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг тогтооход хамаарах судалгаа, тооцоог боловсруулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд санал хүргүүлснээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Сангийн яамтай хамтарсан ажлын хэсэг зөвлөлдөн нийт албан хаагчдын 85 орчим хувь нь сард 15-20 хүртэл хувиар улирлын үр дүнгийн урамшууллын нэмэгдлийг нийтлэг авч байгаа тул үндсэн цалинд шингээн тооцожБоловсрол, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд сайдын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/122 дугаар тушаалаар "Төрийн болон орон нутгийн өмчит сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн зарим албан хаагчийн цалингийн хэмжээг тогтоох тухай" шийдвэр гаргаж Төрийн албаны зөвлөл, Сангийн яаманд  2022 оны 4 дүгээр сарын 8-ны 2/1608 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Мөн сайдын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1а/1928 дугаар бичгээр Төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төсвийн шууд захирагч нарт чиглэл хүргүүлсэн. Цаашид ажлын гүйцэтгэл үр дүнгийн хөндлөнгийн үнэлгээнд үндэслэн албан хаагчдын тодорхой хувьд гүйцэтгэлийн урамшуулал олгохоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Засгийн газрын 2019 оны “Журам батлах тухай” 5 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Монгол Улсын Шадар сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам батлах тухай” 28/А/108/А/180 дугаар тушаалаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам”-ыг батлуулж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5786 дугаарт 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бүртгүүлсэн. 

“Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох журам”-ын төслийг боловсруулан танилцуулга, Засгийн газрын тогтоолын төслийн хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүллээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн А/76 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг насан туршийн суралцахуйн үзэл баримтлал боловсруулах ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар ЮНЕСКО-оос баримталж буй насан туршийн суралцахуйн үзэл баримтлал, Солонгос, Финлянд, Сингапур зэрэг орны насан туршийн суралцахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, манай орны насан туршийн суралцахуйн өнөөгийн байдал(эрх зүйн орчин, удирдлага, санхүүжилт, хүний нөөц, байгууллага гэх мэт), сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролд хэрэгжүүлж буй албан бус сургалтын талаарх мэдээлэл, ялгаатай хэрэгцээтэй иргэдийн насан туршийн суралцахуйтай холбоотой судалгаа, мэдээллийг цуглуулж, ажлын хэсгийн 2 удаагийн уулзалтаар хэлэлцсэн.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

"Алсын хараа-2050", "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл", "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-тэй уялдуулан боловсруулсан боловсрол, шинжлэх ухааны салбарын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүллээ.

2023 оны улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөлд боловсрол, шинжлэх ухааны салбараас тусгах 69 арга хэмжээ бүхий саналыг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 1а/1561 дугаар албан бичгээр Эдийн засаг, хөгжлийн яаманд хүргүүлсэн.

Боловсрол, шинжлэх ухааны яам “Орон нутагт шинжлэх ухаан, технологи, инновацийг нутагшуулъя” аяныг 04 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд аялал жуулчлалын тулгуур төв Хөвсгөл аймагт зохион байгуулж Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, их дээд сургуулиуд, энтерпрейнер соёлыг түгээгч байгууллагууд хамтран оролцсон. Шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх, мэдээллийн технологийн боломжийг орон нутагт ашиглах зорилгоор аяныг зохион байгуулж байгаа бөгөөд аяны хүрээнд төр, шинжлэх ухаан, хувийн хэвшил, орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ба тус үйл ажиллагаанд 220 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Хөвсгөл аймгийн иргэдэд танилцуулж, “Монгол технологи-Монгол инноваци” хөгжүүлэх, инновацийн хөгжлийн өнөөдөр ба ирээдүйн арга замыг хамтдаа хэлэлцэж, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

Монгол судлалын үндэсний зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаж, Монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны  2021 оны тайланг хэлэлцэн, 2022 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг Монгол судлалын үндэсний зөвлөлийн дүрмийн дагуу тогтоолоор  баталлаа. Энэ жил хэл, түүх, археологи, уран зохиол, соёл урлаг, олон улс судлал чиглэлээр Олон улсын Монгол судлалын холбоо, Шинжлэх ухааны академийн Түүх-угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, төрийн өмчийн их сургуулиудаас ирүүлсэн төслийг дэмжихээр шийдвэрлэв.

Хурлаас:

  • Дэлхийн Монголч эрдэмтдийн 12 дугаар их хурлыг үүссэн нөхцөл байдал, оролцогчдоос ирүүлсэн саналыг үндэслэн нэг жилээр хойшлуулж, ирэх жилийн төсөвт суулгах;
  • Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар болон Хархорин хотод Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээлээр зохион байгуулах;
  • Харвардын их сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу 70,0 мянган долларын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, монгол хэлний сургалтыг эхлүүлэх;
  • Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгчийн зарлигаар “Монголын түүх” 25 боть гаргах, нэгтгэн гадаад хэл дээр хэвлүүлэх;
  • Гадаадын монголч эрдэмтдийг тэтгэлэг, хөтөлбөрт хамруулах, залуу судлаачдыг дэмжих зэрэг томоохон асуудлын талаар хэлэлцэж, анхаарч ажиллахаар боллоо.

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах, зардал батлах тухай” А/332 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын чанарыг сайжруулах талаар зөвлөмж боловсруулах" ажлын хэсгийн тайланг хүлээн авч ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэх ажлыг хийж эхэллээ.

Medle.mn контент удирдлагын системд ээлжит хичээлийн цахим контент бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт "Ээлжит хичээлийн цахим контент боловсруулах арга зүй" агуулгаар 2 өдрийн танхимын сургалтыг 45 лаборатори сургуульд түшиглэн 04 дүгээр сарын 06-26-ны өдрүүдэд зохион байгуулж нийт 3365 багш хамрагдан ээлжит хичээлийн цахим контент боловсруулах арга зүйг эзэмшлээ.

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/138 дугаар тушаалаар их дээд сургууль, коллежид 2022-2023 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог их сургуульд 480, дээд сургуульд 440, коллежид 400, орон нутгийн их, дээд сургуульд 410 байхаар тогтоосон.

Төрийн өмчийн их, дээд сургуулиудын төлөөлөлтэй хамтран их, дээд сургуулийн бакалавр, магистрын түвшний сургалтын хөтөлбөрийн индексийг шинэчлэх, сургалтын хөтөлбөрийн шаардлагыг боловсронгуй болгох, эрэлт, хэрэгцээтэй мэргэжлийн жагсаалтыг гаргах аргачлалыг боловсруулах, ахисан түвшний тогтолцоог сайжруулах ажлын хүрээнд их, дээд сургуулийн бакалавр, магистрын түвшний сургалтын хөтөлбөрийн индексийн шинэчилсэн жагсаалтын төслийг бэлтгэн санал авахаар төрийн болон хувийн их, дээд сургуулиудад хүргүүлсэн.

Монгол Улсын 2022 оны төсөвт нэмэлт өөрчлөлт орохтой холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны салбарын төсвийн шинэчлэл, цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд төсвийн тодотголын саналыг боловсруулан 10 багц арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөв, зардлын тооцооллыг судлан, боловсруулж Сангийн яаманд 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1а/1724 дугаар албан бичгээр хүргүүлэв.

Төсвийн тодотголын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Монгол Улсын ерөнхий сайд, нийслэлийн засаг дарга болон дүүргүүдийн засаг дарга нарт танилцуулан цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах чиглэлээр Боловсролын ерөнхий газартай хамтран уулзалт зохион байгуулсан. Тус асуудлын хүрээнд хувийн цэцэрлэгийн холбоо, хүүхэд харах үйлчилгээний төлөөлөл, өндөр ачаалалтай 57 байршил, төрийн өмчийн цэцэрлэггүй 17 хорооны төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн төлөөлөлтэй уулзаж сул орон тоо, байранд харьяаллын хүүхдийг үнэ төлбөргүй хамруулах асуудлаар уулзалт зохион байгуулж, холбогдох судалгааг гаргасан.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ын төслийг хэлэлцэх асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/470 тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хурлыг зохион байгуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 дугаар зарлиг,  Засгийн газрын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 2021 оны 350 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд мод тарих, арчлах, ургуулах чиглэлээр 1000-аас доошгүй сургагч багш бэлтгэх сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Зардал батлах тухай” 2022 оны 04 сарын 13-ны А/129 дүгээр тушаал батлагдсан.

2022 оноос эхлэн хэрэгжүүлэх суурь судалгааны төслийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2014 оны 301 дугаар тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу нийтэд зарлаж, http://www.project.edu.mn/ хаягаар 213 төслийн санал хүлээж авсан.Шинжлэх ухаан технологийн сан өмнө хэрэгжүүлсэн төслийн үр дүнг гэрээнд заагдсан хугацаанд хүлээлгэн өгөөгүй гүйцэтгэгч, удирдагчийн судалгааг гаргаж, шаардлага хангасан суурь судалгааны төслийн саналд мэргэжлийн шинжээчид үнэлэлт өгч, дүгнэлт гаргалаа.

Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2022 оноос эхлэн хэрэгжүүлэх “Технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл”-ийн сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг http://www.project.edu.mn/ хаягаар цахимаар бүртгэж хүлээн авсан.

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөллийг шинэчлэн байгуулах тухай” А/140 дүгээр тушаалыг батлуулан Боловсрол шинжлэх ухааны яамнаас тусгай зөвшөөрөл авдаг, олон улсын хөтөлбөртэй холбогдох сургуулиуд, гишүүдэд хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4, 8.4.8,Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.4, 15.7.5,Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын2018 оны “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага, загварбатлах тухай” А/104 дүгээр тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага шинээр байгуулах, ангилал тогтоох, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай болон 2022-2023 оны хичээлийн жилээс шинэ мэргэжлээр сургалт эрхлэххүсэлтийг судлан, холбогдох санал, дүгнэлт, зөвлөмж боловсрууллаа.

Засгийн газрын 37 дугаар тогтоол, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд монгол хэл бичгийн эхний шалгалтыг 2022 оны 4 сарын 2-ны өдөр зохион байгуулж 33213 шалгуулагч шалгагдсанаас 84.9 хувь нь буюу 28203 шалгуулагч 400-аас дээш оноо авч тэнцсэн. Шалгалтад тэнцээгүй болон хүндэтгэх шалтгаанаар хоцорсон шалгуулагчдыг цахимаар бүртгэж 05 дугаар сарын 07-нд дахин шалгалт авах бэлтгэлийг хангалаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу 2022-2023 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэгчдээс авах Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2022 оны 6 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлож албан бичгийг Боловсролын үнэлгээний төвд хүргүүлэв.

Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд хоорондын хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Польш Улсын их, дээд сургуулийн магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан.

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/139 тушаалаар төрийн өмчийн 5 их сургуулийг түшиглэн байгуулсан докторын зэрэг хамгаалуулах зөвлөл,  Дотоод хэргийн их сургуулийг түшиглэн байгуулсан докторын зэрэг хамгаалуулах 1 зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан.

ЖАЙКА олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй Монгол-Японы эмнэлгийг төгөлдөржүүлэх менежментийн төслийн хоёр дахь үе шатны судалгааг хийх баг Япон улсаас хүрэлцэн ирж, Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй тус яамны төлөөллүүдтэй уулзалт хийсэн ба уулзалтын хүрээнд төслийн 2 дугаар үе шатаас хүлээж буй үр дүн, хийх ажлын талаар санал солилцов.

Азийн хөгжлийн банктай Country Programming Mission буюу Улсын хөтөлбөрүүдийн зорилгуудыг хэлэлцэх 2022 оны хаврын уулзалтыг 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Боловсрол шинжлэх ухааны яамны газрын дарга нарын төлөөлөл, Азийн хөгжлийн банкны Боловсролын асуудал хариуцсан ажилтан Л.Итгэл тэргүүтэй төлөөлөгчид оролцон зохион байгуулж 2022-2024 онд хэрэгжих тэргүүлэх чиглэлийн төслүүдийн талаар талууд санал солилцлоо.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.3.16 дугаар зорилт, Боловсрол, шинжлэх ухааны яам, Кембрижийн их сургуулийн хооронд 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан “Боловсролын үйлчилгээний гэрээ”-г хэрэгжүүлэхээр Кембрижийн их сургуультай хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө, замын зураглалын төсөл боловсруулж батлуулах, хэрэгжилтийг удирдлага, манлайллаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Боловсрол, шинжлэх ухааны сайд “Ажлын хэсэг байгуулах тухай” 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар баталлаа. Ажлын хэсэг Кембрижийн их сургуулийн зөвлөх багтай хамтран 2022 оны 4-5 дугаар сард боловсролын салбарын нөхцөл байдлын судалгаа хийж, 06 дугаар сард багтаан хамтран ажиллах үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө,  замын зураглал боловсруулж батлуулна.

Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын бүртгэлийг https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор дамжуулан авч байгаа бөгөөд 04 дүгээр сарын 20-ны байдлаар дотоод тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй 118 иргэн өргөдөл ирүүлсэн байна. Ерөнхий сайдын тэтгэлэг зарлагдсанаас хойш тус газрын утсаар дотоодын тэтгэлэг авах хүсэлтэй 50 гаруй иргэдийн дуудлага хүлээн авч, тэтгэлгийн талаар тайлбар мэдээлэл өгсөн.

Судалгааны их сургуулийг хөгжүүлэх төслийн бэлтгэл ажлын хүрээнд тус сургуульд тавигдах шаардлага, шалгуурын төслийг боловсруулсан.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Элчин сайдын яам хоорондын Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ёслолд Англи улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филип Малон, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр болон холбогдох албаны төлөөлөл оролцсон. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх юм.

Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв байгуулах төслийн зээлдүүлэгч Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банкны төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж төслийн явцтай танилцан, тус яамны дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй газар, хэлтсийн дарга нарын төлөөлөлтэй уулзаж гэрээний эргэн төлөх хугацаанд өөрчлөлт оруулах тухай, гэрээний хүрээнд хийгдэх худалдан авалтын хэмжээг Монголоос 60 хувь, Энэтхэгээс 40 хувь болгож өөрчлөх тухай, төслийн барилгын багцын үндсэн гүйцэтгэгч компанийн монгол дахь төлөөлөгчийг солих тухай саналыг тус тус хэлэлцэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын тал судалж, эргэн хариу өгөхөөр болсон.

2022 оны 4 дүгээр сарын 8-27-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын Роснефть компанийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Москвагийн Олон Улсын Харилцааны их сургууль болон Губкины нэрэмжит нефть, хийн технологийн сургуульд суралцах 10 хүүхдийг сонгон шалгарууллаа.

Жайка олон улсын байгууллагатай 2021-2024 он хүртэл хамтран хэрэгжүүлэх “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих” төслийн нэгдүгээр ажлын хэсгийн 2 дугаар хурлыг зохион байгуулж, сургуулийн хүүхдийн хоол тэжээлийн судалгааны төлөвлөгөөний төсөл, ёс зүйн хяналтын хороонд хүргүүлэх шаардлагатай материалын бүрдүүлэлтийн талаар хэлэлцүүлж, санал солилцлоо.

 

ТАВ.САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

2022 оны 4 дүгээр сард Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа байгууллагуудын төсөв, зарцуулах эрхийн хүрээнд 847 төлбөрийн баримтаар 21.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж баталгаажуулсан байна. 

Төсвийн гүйцэтгэлийн урьдчилсан мэдээгээр 04 дүгээр сард Боловсрол, шинжлэх ухааны сайдын багц улсын төсвөөс 532,512,481.9 мянган төгрөгийн төлөвлөгөөнөөс 482,909,983.7 мянган төгрөгийн санхүүжилт олгож нийт төсвийн 91 хувийг санхүүжүүлсэн. Нийт урсгал зардал 475,180,578.0 мянган төгрөг батлагдсанаас 394,815,046.3 мянган төгрөг буюу  83 хувийн гүйцэтгэлтэй байна. 

2022 оны 4 дүгээр сард нийт 12 төсөл арга хэмжээний 3,999.45 сая төгрөгийн гүйцэтгэлийг хянан баталгаажуулж Сангийн яаманд хүргүүлж шийдвэрлүүлсэн.

2022 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боповсролын салбарт шинээр хэрэгжих 173 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц 04 дүгээр сарын байдлаар 95.3 хувьтай, гэрээ байгуулах эрх олгогдож тендерт шалгарсан 104 төсөл арга хэмжээ байна. Төрийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу нийт 20 шинэ гэрээ байгуулж, баталгаажуулсан. Боловсрол, шинжлэх ухааны салбарын харьяа 40 байгууллагаас ирүүлсэн худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг хянан баталгаажууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн А/121 тушаалаар “Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах, үнэлгээний хороо байгуулах, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангах, санхүүжүүлэх, хяналт тавих эрхийг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон Боловсролын ерөнхий газарт эрх шилжүүлсэн.

Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын А/10 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг төсөл арга хэмжээний гэрээний хугацааг сунгах, нэмэлт ажлын санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор гүйцэтгэгч, аудитын байгууллагатай хамтарсан хурлыг хоёр удаа зохион байгуулж 7 гэрээг сунгах шийдвэр гаргасан.

2022 оны 04 дүгээр сарны 09-нд сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төсөл арга хэмжээний 1, 2 дугаар ээлжийн ажлын явц, 3, 4 дүгээр ээлжийн судалгаанд хяналт хийсэн 13 дэд ажлын хэсгийн тайлан хэлэлцүүлэг зохион байгуулж, ажлын хэсэг батлагдсан хуваарийн дагуу Хэнтий Сүхбаатар, Увс, Ховд, Говь-Алтай аймгуудын 1, 2 дугаар ээлжинд сонгогдсон байршлуудад Барилга хөгжлийн төвтэй хамтран явцын хяналтыг хийж гүйцэтгэсэн.

Ажлын хэсэг хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг хянах, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь очиж танилцах, шийдвэрлэх зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Дундговь, Төв, Булган, Архангай, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь аймгуудад ажилласан.

”Хууль бус шийдвэрийн улмаас төрийн албанаас халагдсан ажилтнуудад төсвөөс олгосон нөхөн олговор, түүнийг холбогдох хуулийн дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн эсэх асуудлаар хяналт шалгалт хийх нэгдсэн удирдамж”-ийн хүрээнд аймаг, харьяа байгууллагуудад зөвшилцөх албан бичгийг хүргүүлж, холбогдох мэдээллийг нэгтгэн Сангийн яамны холбогдох мэргэжилтэнд хүргүүллээ.

Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол хүнсний хангамж,  үйлчилгээ,  хоолны норматив зардлыг нэмэгдүүлэх талаар тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл бэлтгэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн.

 

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/38 дугаар тушаалаар Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх “Ёс зүйн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг баталсан.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газарт Боловсрол шинжлэх ухааны яамнаас боловсролын салбарын бодлогын хэрэгжилт, зохион байгуулалтын чиг үүргийг шилжүүлж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/126 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг салбаруудын хэрэгжилт, зохион байгуулалтын зарим чиг үүргийг шилжүүлэх, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгууллаа.

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын/tvets.edu.mn/ системийн хөгжүүлэлтийн ажлын хүрээнд төрийн болон төрийн бус өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын албаны менежер, багш нарт Microsoft office 365 програмын хэрэглээний багцын эрхийг нээхээр 2940 хүний судалгааг Боловсролын Мэдээллийн технологийн төвд хүргүүлсэн.

Боловсрол, шинжлэх ухааны салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны нэг цонхны бодлогын хүрээнд төрийн өмчит их, дээд сургуулиудад хэрэгжиж буй гадаад харилцааны баримт бичгийн мэдээллийг сургууль тус бүрээс авч нэгтгэсэн.

Шинэчилсэн ажлын байранд томилогдох албан хаагчдын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авилгатай тэмцэх газарт хүргүүлэн хянуулж, зарим албан хаагчдыг чөлөөлөх, томилох тушаалын төслийг боловсруулан Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны Б/48, Б/49 дүгээр тушаалаар батлуулсан.

Бичиг хэргийн эргэлтийн мэдээ: 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар гадны байгууллага, иргэдээс Боловсрол шинжлэх ухааны яаманд хандаж 3818 хариутай бичиг, 542 шууд бичиг, 2388 өргөдөл гомдол, нийт 6748 албан бичиг ирүүлсэн байна. Энэ хугацаанд 3338 хариутай албан бичиг, 2160 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт ирсэн бичиг, өргөдөл гомдлын 88,6 хувийг шийдвэрлэж хариу өгсөн. Мөн 484 албан бичиг, 272 өргөдөл хугацаандаа судлагдаж байна. Боловсрол шинжлэх ухааны яамнаас гадны байгууллага, иргэдэд хандаж 1965 албан бичиг хүргүүллээ. 

Иргэд, төрийн бус байгууллагаас Боловсрол шинжлэх ухааны яам болон харьяа байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2022 оны 1 дүгээр улирлын тайланг нэгтгэн боловсруулж, 2/1618 дугаартай албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хугацаанд нь хүргүүлсэн. 

Боловсрол шинжлэх ухааны яаманд ирсэн албан бичиг, өргөдөл, гомдлыг хүлээн авч, бүртгэн нэгж бүрээр ангилах, шийдвэрлэлтэд хяналт тавих, 262227 утсаар хандсан гадны байгууллага, иргэдэд мэдээлэл өгөх, яамнаас явуулж байгаа албан бичгийг хянах, эйбл программын хэвийн үйл ажиллагааг хангах, албан хаагчдад албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэдээлэл, зөвлөмжийг өгөх, цаг үеийн болон холбогдох тайлан, мэдээллийг хугацаанд нь гаргах, хүргүүлэх зэрэг ажлыг өдөр тутам хэрэгжүүлж ажилласан.  

Тус яаманд ирсэн болон явуулсан нийт 8713 албан бичиг, өргөдөл, гомдлыг албан хэрэг хөтлөлтийн программд бүртгэж,  цахим санг баяжуулсан.