БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭ

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан Боловсролын багц хуулийн төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэхэд бэлтгэх чиглэлээр Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай, Дээд боловсролын тухай болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай, Мэргэжлийн болон техникийн боловсролын тухай, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн ажлын дэд хэсгийн уулзалт тус бүр 4 удаа явагдаж, хуулийн төсөлд санал өгөх, Улсын Их Хурлын гишүүдийг мэдээллээр хангах, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг гаргах зэрэг ажлууд хийгдлээ.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг шинэчилсэн найруулгыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлын хүрээнд хуулийн төслийн тандан судалгаа, эдийн засаг, үр нөлөөний судалгаа, хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулах Ажлын даалгаврыг  баталсан.

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч дууслаа. Хуулийн төслийг энэ оны 6 дугаар сард Засгийн Газрын хурлаар хэлэлцүүлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тухай” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд Боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох газар, хэлтсээс санал авч нэгтгэн хүргүүллээ.

“Соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Израиль Улсын Засгийн газар хоорондын 2022-2025 оны хөтөлбөр”-ийн төсөлд гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай асуудлыг Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.

“Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж тогтоолыг батлууллаа. Энэхүү тогтоол хэрэгжсэнээр төрийн өмчийн цэцэрлэггүй хороодод шинээр цэцэрлэг барих, ачаалал өндөртэй цэцэрлэгүүдэд өргөтгөл барих, хувийн өмчийн цэцэрлэгийн сул орон зайд төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхэд авах, орон сууцны нэгдүгээр давхарыг түрээслэх, төр худалдан авах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах нөхцөл боломж бүрдэх юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/177 дугаар тушаалаар Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон хуулийн төслийг боловсруулж батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл, индексийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/160 дугаар тушаалаар баталж ирэх хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэхээр тогтов.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

Бүх насны иргэд насан туршдаа суралцах боломжийг дэмжих, тэдгээрийн бие даан олж авсан мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах чиглэлээр насан туршийн боловсролын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/76 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг насан туршийн суралцахуйн үзэл баримтлалын төслийн хувилбарыг боловсруулсан.

Кембрижийн их сургуультай хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө, замын зураглалын төсөл боловсруулах ажлын хүрээнд олон улсын судалгааны баг Ховд, Дорнод, Өмнөговь, Орхон аймагт ажиллалаа.

“Чадварлаг багш” арга хэмжээний хүрээнд багш мэргэжлийн стандарт, ажлын хүрээ боловсруулах зорилгоор ЮНЕСКО-ийн Ази, номхон далайн бүсийн төсөлд нэгдэн орох саналыг хүргүүлж, дэмжигдлээ. Мөн багшийн стандартын хүрээ боловсруулах техникийн ажлын хэсгийг батлуулж ЮНЕСКО-д илгээсэн.

Боловсролын  салбарын төсвийн шинэчлэл, бодлого, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамны ажлын хэсэг 14 аймагт ажиллаж хэрэгжүүлэх арга хэмжээ, аргачлалыг танилцуулах сургалт зохион байгуулж, батлагдсан төсөв, цалинтай холбоотой Засгийн газрын тогтоол, салбарын шинээр гарсан эрх зүйн зохицуулалттай холбоотой шийдвэр, сайдын тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар чиглэл өгсөн.

 “Нялх балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн төслийг Боловсрол судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран боловсруулж удаа дараагийн хэлэлцүүлгээс гарсан саналыг тусган сайжруулж, санал авахаар Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тус тус хүргүүлээд байна.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

Засгийн газрын 2014 оны “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-д зааснаар 2022 оны гадаадтай хамтарсан, технологийн туршилт, зүгшрүүлэлтийн болон суурь судалгааны төслийн анхан шатны баримт бичгийг мэргэжлийн шинжээчдээр дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгууллаа.

Боловсрол шинжлэх ухааны сайдын А/128 дугаар тушаалаар “Монголын инновацийн 7 хоног арга хэмжээ”-г зохион байгуулах төлөвлөгөөг батлуулж уг арга хэмжээг 2022 оны 05 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Мэдээлэл, технологийн Үндэсний паркад зохион байгууллаа. Арга хэмжээний үр дүнд салбарын хамтын ажиллагааны 5 санамж бичиг байгуулан, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 40 байгууллагын 300 гаруй бүтээгдэхүүний үзэсгэлэн, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурал, хөрөнгө оруулагч, технологи хөгжүүлэгч нарын уулзалт, хэлэлцүүлэг, оюутан судлаачдын инновацийн төслийн тэмцээн зэрэг нийт 17 арга хэмжээгээр 65 илтгэл хэлэлцэн, 32 хэлэлцүүлэг зохион байгуулж 752 хүн танхимаар, 3000 гаруй хүн цахимаар хамрагдсан.

Олон улсын сурлагын амжилтын үнэлгээ PISA шалгалтын үндсэн судалгааг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 13-ны хооронд УБ хотын 85 сургууль, хөдөө орон нутгийн 110, нийт 195 сургуулийг хамруулан зохион байгуулж суралцагчдын мэдлэг, чадварыг математик, байгалийн ухаан, унших чадвар, бүтээлч сэтгэлгээний агуулгаар комьпютерт суурилсан хэлбэрээр зохион байгуулж 7000 орчим сурагчийг түүврээр сонгон хамрууллаа.              

Төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх "Гүйцэтгэлийн үнэлгээ"-г бичгийн шалгалт, асуулгын хэлбэрээр 2022 оны тавдугаар сарын 24-27-ны өдрүүдэд орон даяар 5300 хүний бүрэлдэхүүнтэй комисс, үнэлгээний багийн гишүүд хамтран зохион байгуулж төрийн болон орон нутгийн өмчит 654 сургуулийн 30111 багш, давхардсан тоогоор 600 000 орчим суралцагч, 350 000 гаруй эцэг эх, асран хамгаалагч, 4 000 орчим удирдах ажилтан хамрагдлаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны “Түр журам, бүрэлдэхүүн батлах тухай” А/331 дугаар тушаалаар батлагдсан “Цэцэрлэгт ээлжийн багш туршилтаар ажиллуулахад мөрдөх түр журам”-ыг баримтлан 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн 25 цэцэрлэгт 60 ээлжийн багшийг туршилтаар ажиллуулсан бөгөөд холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалтыг зохион байгуулж, цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулсан ажлын үр дүн, туршлага сургамжийг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээний санал, “Цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулахад мөрдөх журам”-ын төсөл боловсруулахаар тогтлоо.

Боловсрол, шинжлэх ухааны салбарын статистикийн мэдээллийн өнөөгийн байдалтай танилцаж, бодлого, төлөвлөлтөд шаардлагатай нэмэлт мэдээллийг тооцон гаргахад их өгөгдлийг хэрхэн ашиглах, цаашид салбарын статистикийн мэдээллийг сайжруулах хамтын ажиллагааны талаар санал солилцох зорилго бүхий Боловсрол, шинжлэх ухааны яам болон Үндэсний статистикийн хорооны хамтарсан уулзалтыг зохион байгуулж уулзалтын үр дүнд боловсрол, шинжлэх ухааны салбарын статистикийн мэдээллийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах саналууд гарч, мэдээллийн сангуудын уялдааг сайжруулах, мэдээлэл солилцох боломжийн талаар нэгдсэн ойлголттой боллоо.

Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн сургалтын орчин, дадлагын газар, чадамжийн төвийг иргэд олон нийтэд танилцуулах, суралцагч төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг ерөнхий боловсролын дунд сургуулийн суралцагч, төгсөгчид, залуучууд, иргэд олон нийтэд сурталчлан таниулах, туршлагаа түгээн дэлгэрүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, бүтээлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах нийгмийн түншлэл, ажил олгогчийн хамтын ажиллагааг өргөжүүлж ажлын байранд зуучлах, мэргэжилтэй ажилтны үнэ цэнийг өсгөх замаар элсэлтийг нэмэгдүүлэхээр зорилгоор “Нээлттэй өдөрлөг”-ийг 75 сургалтын байгууллага зохион байгуулсан.

 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоолны үйлчилгээг ил тод, нээлттэй болгох зорилгоор хоол үйлдвэрлэлээс гарч буй хоолны бодит байдлын зураг бүхий мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч болон Яам, аймаг, нийслэлийн Боловсрол, шинжлэх ухааны газар нэгэн зэрэг харж, хяналт тавих боломжтой цахим системийг 2022 оны 3 дугаар сараас туршин, 5 дугаар сард шинэчлэл хийсэн. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын хүүхдийн хоол хүнсний бүхий л мэдээллийг бүртгэдэг болох юм.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг тус тус хэрэгжүүлэхэд хийх шаардлагатай зарим асуудлын жагсаалт гарган, шаардлагатай судалгааны ажлыг томьёолж Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд хүргүүлэн судалгаа шинжилгээний ажлыг чанартай гүйцэтгэж, үр дүнг тогтоосон хугацаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Орон нутагт их сургуулийн цогцолбор байгуулах ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ажиллаж Дархан дахь төрийн өмчийн ШУТИС, ХААИС, АШУҮИС-н салбар сургуулиудын захирал, орон нутгийн удирдлагатай уулзалт хийж, дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч, үндсэн багш нарыг тоог нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөрийн давхардлыг арилгах чиглэлийг өгсөн. Өмнөговь аймаг дахь “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ын шав тавих, хөрөнгө оруулалтын санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээг 2022 оны 05 дугаар сарын 26-нд зохион байгуулсан.

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга С.Егэ Окпиринки болон тус улсын Засгийн газрын тэтгэлэг хариуцагч байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан тус улсын Засгийн газрын тэтгэлэгт жил бүр тодорхой тооны суралцагчдыг суралцуулах, хамтарсан санхүүжилттэй тэтгэлэг хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан болон Засгийн газрын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд гадаадын их, дээд сургуульд суралцахаар хүсэлт хүргүүлсэн оюутнуудын талаарх явцын мэдээллийг Ерөнхийлөгчийн боловсролын асуудал хариуцсан зөвлөхөд танилцуулсан.

2022 оны 03 дугаар сарын 21-нээс 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл "Ерөнхий сайдын нэрэмжит" тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэлийг цахимаар зохион байгуулж, сонгон шалгаруулалтыг 05 дугаар сарын 03-10-ны өдрийн хооронд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/75 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулж, дотоодын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт 44 сурагч, гадаадын их, дээд сургуулийн доктор, магистрын хөтөлбөрт суралцах 31 оюутныг шалгаруулж Ерөнхий сайдын 05 дугаар сарын 24-ний өдрийн 79 дүгээр захирамжаар баталгаажсан. Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагааг 05 дугаар сарын 24-ний өдөр зохион  байгууллаа.

Монгол хэл бичгийн дахин шалгалтыг 2022 оны 05 дугаар сарын 07-нд 34 шалгалтын төвд зохион байгуулж тус шалгалтад хүндэтгэх шалтгааны улмаас эхний шалгалтад хамрагдаагүй болон босго оноо хүрээгүй 6341 шалгуулагч шалгагдсанаас 5161 нь буюу 81.4 хувь нь тэнцсэн байна.

ТАВ.САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

5.1. Санхүүгийн чиглэлээр

2022 оны 05 дугаар сард нийт 840 ширхэг төлбөрийн баримтаар 37.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн.  

Улсын хэмжээнд Эрхийн бүртгэлийн сан системээр дамжуулан төрийн албаны цалингийн нэгдсэн системээр хийгдэх цалингийн гүйлгээг 2022 оны 05 дугаар сараас эхлэн цахимаар хийх болсонтой холбогдуулан  2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сангийн яамны төслийн зөвлөхүүдтэй хамтран харьяа 47 байгууллагын дарга, нягтлан бодогч нарт сургалт зохион байгуулж, зөвлөгөө өглөө.

Боловсрол, шинжлэх ухааны 677 байгууллага шилэн дансны тухай хуулийн дагуу https://shilendans.gov.mn/ цахим хуудсанд 2022 оны 04 дүгээр сарын байдлаар 36248 мэдээлэл оруулахаас 31220 мэдээлэл оруулж 86.0 хувийн гүйцэтгэлтэй байна.

5.2. Хөрөнгө оруулалтын чиглэлээр

2023 оны хөрөнгө оруулалтын төсвийн хязгаар, төсвийн төсөлд орон нутаг, нийслэл, Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн хөрөнгө оруулалтын хүсэлтийг нэгтгэн Сангийн яамны цахим системд оруулж, шинжилгээ хийж баталгаажуулж илгээх ажил 70.0 орчим хувьтай хийгдсэн байна.

Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг шинэчлэхтэй холбоотойгоор боловсрол, шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалттай холбоотой саналыг боловсруулан Эдийн засаг, хөгжлийн яаманд хүргүүлсэн.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын "Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор /Улаанбаатар/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч “Нутгийн буян групп” ХХК-ийн барилга угсралтын ажлын 10 дахь удаагийн гүйцэтгэлийг 2.3 тэрбум төгрөгөөр хянан баталгаажуулж, санхүүжилтийг олгоод байна.

Боловсрол, шинжлэх ухааны яам болон Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга нарын өгсөн чиглэл, батлагдсан удирдамжийн дагуу хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн орон нутгийн удирдлага, боловсролын салбарын байгууллагын удирдлагууд болон гүйцэтгэгч компаниудтай хамтран Өвөрхангай, Баянхонгор аймагт хэрэгжиж буй ариун цэврийн байгууламжийн төслийн ажлын гүйцэтгэлийн явц, тулгарч буй асуудлууд болон үүссэн алдаа дутагдалтай танилцаж тухай бүрт үүрэг даалгавар өглөө.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/17 дугаар тушаалын дагуу Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд шинээр барих болон өргөтгөх 4 сургууль, 10 цэцэрлэгт нийлүүлэх тавилга, тоног төхөөрөмжийн нэр төрөл, тоо хэмжээ, үнийн судалгааг хэлэлцэх ажлын хэсгийн хурлаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох албан хаагчдыг нэмж томилуулах, үнийн судалгааг дахин боловсруулах, тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийн техникийн тодорхойлолтыг шинэчлэхээр шийдвэрлэсэн.    

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

6.1. Байгууллага, иргэдээс ирсэн албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар

Албан хэргийг хос бичгээр хөтлөх туршилт хийх байгууллагад Боловсрол, шинжлэх ухааны яам хамрагдаж байгаатай холбогдуулан монгол бичгээр үйлдэгдэх тушаал, албан бичгийн 6 нэр төрлийн хэвлэмэл хуудас хэвлүүлэх захиалгыг 2/2468 тоот албан бичгээр Архивын Ерөнхий Газарт хүргүүллээ.

2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гадны байгууллага, иргэдээс яаманд хандаж 4859 хариутай бичиг, 727 шууд бичиг, 2793 өргөдөл гомдол, нийт 8379 албан бичиг ирүүлсэн бөгөөд 4466 хариутай албан бичиг, 2638 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт ирсэн бичиг, өргөдөл, гомдлын 92,8 хувийг шийдвэрлэж хариу өгсөн байна. Энэ нь өмнөх сараас 4,2 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа бөгөөд 393 албан бичиг, 155 өргөдөл хугацаандаа судлагдаж байна. Яамнаас гадны байгууллага, иргэдэд хандаж 2606 албан бичиг хүргүүллээ.

Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн үйл ажиллагаатай танилцан иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, хяналтыг хэрхэн сайжруулах талаар тус төвийн албан хаагчидтай санал, мэдээлэл солилцсоны үндсэн дээр Эйбл софт ХХК-нд хандаж, 11-11 төвөөс шилжүүлсэн өргөдөл Эйбл системд шууд бүртгэгдэхээр холболт хийлгэсэн. Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөс уламжилсан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллалаа.

Эйбл софт ХХК-тай хамтран яаманд хандсан өргөдөл, гомдлын явцыг иргэн өөрөө хянах тохируулгыг хийсэн. Өргөдөл, гомдлыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүлээн авч, бичиг хэргийн программд бүртгэснээр өргөдлийн явцыг хянах линк, нууц код бүхий мэдээлэл иргэний гар утас, имэйл хаягт мессежээр илгээгддэг болсноор иргэн өөрийн өгсөн өргөдлийг хэзээ бүртгэсэн,  хэн гэдэг албан хаагчид байгаа, хэзээ, хэнд шилжүүлсэн, хэн, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг бүрэн хянах боломжтой болсон.

Боловсрол, шинжлэх ухааны яаманд ирсэн албан бичиг, өргөдөл, гомдлыг хүлээн авч, бүртгэн нэгж бүрээр ангилах, шийдвэрлэлтэд хяналт тавих, 262227 утсаар хандсан гадны байгууллага, иргэдэд мэдээлэл өгөх, яамнаас явуулж байгаа албан бичгийг хянах, эйбл программын хэвийн үйл ажиллагааг хангах, албан хаагчдад албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэдээлэл, зөвлөмжийг өгөх, цаг үеийн болон холбогдох тайлан, мэдээллийг хугацаанд нь гаргах, хүргүүлэх зэрэг ажлыг өдөр тутамд хийж хэрэгжүүллээ.  

6.2. Бусад ажил

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Боловсрол, Шинжлэх ухааны яам, МУБИС, МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, СУИС, СЭЗДС зэрэг сургуулиуд оролцож 270 багш, албан хаагч 860 мод тарьсан байна.