БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 06 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭ
НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР
Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиудын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын Хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэгт дэмжлэг үзүүлж энэ хүрээнд холбогдох хуулийн төсөлд тусгах зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг эцэслэн боловсруулан ажлын дэд хэсгээр хэлэлцүүлэв. Мөн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөлд тусгах зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг ажлын дэд хэсгээр хэлэлцүүлж, Ажлын хэсэгт танилцуулахаар бэлтгэсэн.
Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Мэргэжлийн боловсрол сургалтын үндэсний зөвлөлийн 6 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн.
Улсын Их Хурлын БСШУ-ны байнгын хорооны гишүүд, хувийн хэвшлийн төлөөллийн оролцоотой өргөтгөсөн хэлэлцүүлгийг 6 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэн санал дүгнэлтийг тусган Засгийн газрын хуралдаанаар оруулах зөвшөөрөл авсан.
БШУ-ны сайдын 2022 оны А/48 дугаар тушаал, А/136 дугаар тушаалаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж батлуулах Ажлын хэсгийг байгуулсан. Тус хуулийн төсөл боловсруулахтай холбоотой судалгааны ажлын даалгаврыг батлуулан хуулийн төслийн тандан судалгааг хийж, судалгааны үр дүнд үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалын эхний хувилбарыг боловсруулсан.
БШУ-ны сайдын 2022 оны А/177, А/195 дугаар тушаалаар Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулж, батлуулах Ажлын хэсгийг байгуулан, хуулийн төсөл боловсруулахтай холбоотой судалгааны ажлыг эхлүүллээ.
Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд цогц дэмжлэг үзүүлэх арга хэмжээний тухай хэлэлцэж тэгш хамруулан сургах, тусгай цэцэрлэг, сургалтын орчин, сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчийг дэмжих чиглэлийн сургалтад хамруулах талаар тусган батлуулсан.
ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Тогтвортой хөгжлийн зорилт 4-Боловсрол 2030” сэдвийн хүрээнд 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Тайландын Хаант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан Ази номхон далайн бүсийн боловсролын сайд нарын 2 дугаар хуралд оролцсон. Сайд хурлын үеэр Тайландын Гүнж Маха Чакри Сириндорнд бараалхаж, НҮБ-ын Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабан, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Шигэрү Аояги, ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн дарга хатагтай Тамара Растовак Сиамишвили, НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Дебора Комини, Тайландын боловсролын сайд нартай албан уулзалт хийж, Ази, Номхон далайн бүсийн сайд нарын Дугуй ширээний уулзалтад оролцов.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 6 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан “Боловсролыг эрс өөрчлөх нь дээд хэмжээний уулзалтын урьдчилсан хурал”-д оролцож Монгол Улсад болж буй үндэсний хэлэлцүүлгийн эхний үр дүнг танилцуулан цаашид хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох чиглэлээр санал солилцов. Мөн ЮНЕСКО-ийн салбар байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах талаар ярилцлаа.
Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхийн конвенцод нэгдэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Улсын Их Хурлаар соёрхон батлуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд конвенцыг Улсын Их Хурлаар соёрхон батлах хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулж, хянан батлуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн бөгөөд үзэл баримтлалыг хамтран баталж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй БШУЯ, харьяа газрын удирдлагууд “Google” компанийн Ази Номхон далайн бүсийн боловсролын захирал, төлөөлөлтэй уулзаж боловсролын салбарын цахим шилжилтийг хамтарч хэрэгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон.
Боловсролын салбарын төсвийн шинэчлэл, бодлого, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамны ажлын хэсэг 7 аймаг, нийслэлд ажиллаж хэрэгжүүлэх арга хэмжээ, аргачлалыг танилцуулах сургалт зохион байгуулж, батлагдсан төсөв, цалинтай холбоотой Засгийн газрын тогтоол, салбарын шинээр гарсан эрх зүйн зохицуулалттай холбоотой шийдвэр, сайдын тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар чиглэл өглөө.
“Тэгш хамран сургах боловсролын бодлого”-ын баримт бичиг, замын зураглал болон 2022-2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг тус тус боловсруулсан. Бодлогын баримт бичгийн төслийг Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооноос зохион байгуулсан сургалт, хэлэлцүүлэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажил, мэргэжлийн лавлах, стандартын төслийн хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулж, санал авлаа.
Бүх түвшний боловсролын байгууллагын 2022-2023 оны хичээлийн жилд дэвшүүлэх зорилго, зорилт болон хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг боловсруулж, 6 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан “2021-2022 оны хичээлийн жилийн ололт, амжилт-дүгнэлт” арга хэмжээнд танилцуулж хичээлийн жилийн хаалтыг хийсэн. Хичээлийн шинэ жилд бүх суралцагчийн тэгш хөгжлийг дэмжих, суралцахад тулгарч буй бэрхшээлийг арилгах, сурах тэгш боломж, нөхцлийг бүрдүүлэх, суралцагчийн онцлог, ялгаатай байдалд нийцүүлэн хичээл, сургалтын үйл ажиллагааг чанартай зохион байгуулах зорилгыг төсөлд тусгасан.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганаар 2022 оны 9 дүгээр сард хэлэлцэх “Хувьсаж буй боловсрол(Transforming education)” сэдвийн хүрээнд үндэсний хэлэлцүүлгийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн манлайлал дор НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага(БСШУБ)-ын дэмжлэгтэйгээр 6 дугаар сарын 16-24-ний өдрүүдэд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт олон улсын байгууллага, хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, залуучуудын 200 гаруй төлөөлөл 5 сэдвийн хүрээнд танхим болон цахим хэлбэрээр оролцож, ирээдүйн боловсролыг дахин төлөвлөх, “Тогтвортой хөгжлийн зорилт 4”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурлагын хоцрогдлыг арилгах бодлого чиглэл, арга замыг тодорхойлох чиглэлээр санал бодлоо солилцлоо.
Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр их, дээд болон мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллежийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны https://edu-track.gov.mn/ системийг боловсруулан ашиглаж эхэллээ. Системийг ашигласнаар их, дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, ажлын байранд тулгарч буй бэрхшээл, ажилгүй байгаа шалтгаан, боловсрол болон хөдөлмөрийн зах зээлийн хамаарал гэх мэт олон бодит тоо судалгаанд тулгуурлан дүн шинжилгээ, төлөвлөлт хийх боломж бүрдэнэ.
ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
6 дугаар сарын 20-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер болон холбогдох төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Өмнөговь аймагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг цогцолбор хэлбэрээр байгуулах чиглэлээр хоёр тал хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, цогцолборын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулахаар харилцан тохиролцлоо.
6 дугаар сарын 30-ны өдөр АНУ-ын ЭСЯ-ны төлөөллийг дэд сайд Г.Ганбаяр хүлээн авч уулзлаа. Иргэн цэргийн дэмжлэг баг нь хүүхдүүдэд аюулгүй орчин бий болгох зорилгоор 2016 оноос Монгол Улсад цэцэрлэг барьж эхэлсэн бөгөөд 6 цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. Энэ жилийн хувьд Увс аймгийн Улаангом сум, Хэнтий аймгийн Дадал сумдад дараагийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна. Ирэх онд Завхан аймгийн Тосонцэнгэл, Хөвсгөл аймгийн Ханх, Архангай аймгийн Эрдэнэбулган, Тариат сумдад цэцэрлэг барихаар судалгааны ажлууд үргэлжилж байна.
Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2019-2022 оны хооронд гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсрол-II(ТХБ-II) төслийн үндэсний чуулганыг Орхон аймагт “Төслийн оролцогч талуудын түншлэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтыг 6 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтад 36253 шалгуулагч бүртгүүлж давхардсан тоогоор 95765 шалгалт өгч 88.1 хувийн ирцтэй шалгагдсан. Шалгалтын батламж хуудсыг 2022 оны 6 дугаар сарын 28-аас https://eyesh.eec.mn сайтад байрлуулан шалгуулагчид шалгалтын булангаар нэвтрэн хэвлэх, emongolia, ТҮЦ машинаас авах боломжийг бүрдүүлсэн.
Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Монгол улсын элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, оноотой дүйцүүлэх хүсэлтийг Боловсролын үнэлгээний төвд 646 суралцагч ирүүлснээс 602 суралцагчийн 1213 шалгалтын дүн, оноог дүйцүүллээ.
“Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ”-ний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багшийн хэрэгцээг тодорхойлох, оношлох, үнэлэх судалгааг цахимаар зохион байгуулж англи хэлний 2286 багш буюу нийт багш нарын 76,2 хувь нь хамрагдсан байна. 2022-2023 онд ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарын 45 хувийг В2 түвшинд хүргэх, ТКТ, CELTA зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтуудыг нэвтрүүлж мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх системтэй болох, суралцагсдын англи хэлний түвшинг ахиулах, мэргэшсэн сургагч багш нарын бүлэг бүхий англи хэлний сургалтын танхим байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын 2015 оны 12 дугаар сард байгуулсан сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Франц Улсын тэтгэлэг хариуцсан байгууллагын төлөөлөлтэй хамтран 2022-2023 оны хичээлийн жилд тус улсад магистр, докторын хөтөлбөрт суралцах оюутны сонгон шалгаруулалтыг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 5 иргэн Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр суралцана.
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын яам хоорондын боловсролын салбарын дэд комиссын 3 дугаар хуралдаан 2022 оны 6 дугаар сарын 23-ны ѳдѳр Бүгд Найрамдах Солонгос Улсын Сежон хотноо зохион байгуулагдлаа. Хурлаар боловсролын салбарт мэдээлэл, харилцаа, холбооны технологийг нэвтрүүлэх, дээд боловсрол, тэтгэлэгт хѳтѳлбѳрийн чадавхийг бэхжүүлэх замаар хүний нѳѳцийг хѳгжүүлэх, сургуулийн үдийн хоолны хѳтѳлбѳр, мэргэжлийн боловсрол, мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын тогтолцоо, монгол, солонгос судлал, багш солилцооны хѳтѳлбѳр, солонгос хэлний сургалтын сурах бичиг хамтран боловсруулах зэрэг асуудлаар харилцан санал солилцож, хамтран ажиллах чиглэлийг тохиролцлоо.
ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
Улсын Их Хурлын 2022 оны 17 дугаар тогтоол, Засгийн газрын “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран шалгаруулсан 2022 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн төлөөллийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзан, байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулан ажиллахыг уриаллаа. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 26 байгууллага дэргэдээ цэцэрлэг ажиллуулж, 74 салбар бүлэгт 2,0 мянга орчим хүүхдийг хамруулж байна. 2022 онд Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгжээр шалгарсан компани, аж ахуйн нэгжид өнөөдөр 100,0 мянга гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд тэдний 33,0 мянга нь бага насны хүүхэдтэй гэсэн судалгаа гарсан байна.
Ердийн буюу 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн хоолны зардлыг 5100 төгрөг, 24 цагаар ажилладаг, тусгай, асрамж, сувиллын цэцэрлэгийн хоолны зардлыг 6500 төгрөг болгон нэмэгдүүлэх, норматив зардлын 50 хувийг эцэг эх, асран хамгаалагч хариуцахаар тооцон Засгийн газрын тогтоолын төслийг холбогдох Яамдуудаас санал авч нэгтгэн боловсрууллаа.
ТАВ.САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын багц 2022 оны 5 дугаар сард улсын төсвөөс 968,996,918.5 мянган төгрөгийн санхүүжилт авахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 878,255,564.6 мянган төгрөгийн санхүүжилт авсан ба нийт төсвийн 91 хувийг санхүүжүүлсэн байна.
Нийт урсгал зардал 857,268,231.3 мянган төгрөг батлагдсанаас 732,029,036.2 мянган төгрөг буюу 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын төсвийн гүйцэтгэлийн 5 дугаар сарын мэдээг нэгтгэн хүргүүлсэн. 6 дугаар сард нийт 797 ширхэг төлбөрийн баримтаар 33.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн.
Боловсрол, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа 677 байгууллага шилэн дансны тухай хуулийн дагуу https://shilendans.gov.mn/ цахим хуудаст мэдээллээ оруулсан байна.
ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД
6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гадны байгууллага, иргэдээс БШУЯ-нд хандаж 5576 хариутай бичиг, 897 шууд бичиг, 3030 өргөдөл гомдол, нийт 8379 албан бичиг ирүүлсэн байна. Үүнээс 5303 хариутай албан бичиг, 2898 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт ирсэн бичиг, өргөдөл, гомдлын 95,3 хувийг шийдвэрлэж хариу өгсөн байна. Энэ нь өмнөх сараас 2,5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн 273 албан бичиг, 132 өргөдөл хугацаандаа судлагдаж байна. БШУЯ-аас гадны байгууллага, иргэдэд хандаж 3214 албан бичиг хүргүүлсэн.
6 дугаар сарын 13-ны өдөр БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Б.Цэдэвсүрэн нар холбогдох газар хэлтэс, харьяа байгууллагын дарга нарын хамт Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв дээр иргэдийг биечлэн хүлээн авч уулзаж, иргэдийн өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан. Энэ үеэр удирдлагууд боловсролын салбарын асуудлаар хандсан 25 иргэнтэй уулзаж, утсаар хандсан 27 иргэнтэй холбогдон санал хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэлээ.
Албан хэргийг хос бичгээр хөтлөх туршилтын ажил явуулах байгууллагад БШУЯ хамрагдаж байгаатай холбогдуулан монгол бичгээр үйлдэгдэх тушаал, албан бичгийн 6 нэр төрлийн нийт 6000 ширхэг хэвлэмэл хуудсыг Архивын Ерөнхий Газрын хэвлэх үйлдвэрт хэвлүүлсэн.