БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 7 ДУГААР САРЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭ
НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР
Боловсролын ерөнхий болон дагалдах хуулийн төслүүдийн уялдааг тодорхойлох шинжилгээ хийж дуусгасан бөгөөд энэхүү шинжилгээний үр дүнг танилцуулж, хуулийн найруулгыг эцэслэн сайжруулна.
Дээд боловсролын хуулийн төсөлд Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын хуулийн төслийг нэгтгэн шинэчлэн боловсруулсан.
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл хүсэх тухай албан бичгийг Сангийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдад тус тус хүргүүлсэн. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын Боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдэд 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр танилцуулж зөвлөмж, чиглэл авсан.
Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцийг соёрхон батлах хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулан Боловсрол, шинжлэх ухааны сайд, Гадаад хэргийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаар батлуулж хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулах бэлтгэл ажлын хүрээнд санал авахаар албан бичгийг Яамдуудад хүргүүлсэн.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшид мөнгөн урамшуулал олгоход баримтлах шалгуур үзүүлэлт Засгийн газрын 2022 оны 252 дугаар тогтоолоор батлагдсан.
Ерөнхий сайдын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн "Нийслэлийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай" 07 дугаар албан даалгавар гарсан.
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд тавигдах шаардлагыг шинэчлэн боловсруулж Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/263 дугаар тушаалаар батлууллаа.
Азийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форумын гишүүн орнуудын Сайд нарын түвшний 23 дугаар уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд, Гадаад харилцааны сайдын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/253, А/52 дугаар хамтарсан тушаал батлагдсан.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын залуу монгол судлаачдын зуны сургалтыг зохион байгуулах “Ажлын хэсэг байгуулж, зардал батлах тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/245 тоот тушаал батлагдсан.
Их дээд сургуулиудын хөтөлбөр индекс шинэчлэх ажлын хүрээнд шинэ мэргэжил хөтөлбөрөөр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай Боловсрол шинжлэх ухааны сайдын А/240, Загвар шинэчлэн батлах тухай А/241 дүгээр тушаалууд батлагдсан.
Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, ирэх хичээлийн жилд 3 ээлжээр хичээллэхээр байгаа сургуулиудыг 2 ээлжинд шилжүүлэх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Барилгын түрээсийн талаар авах арга хэмжээний тухай” 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/267 дугаар тушаал батлагдав.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, чанар, хүртээмжийн удирдлагын цахим системд тавих ерөнхий шаардлагыг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/250 дугаар тушаалаар батлагдсан.
Мэргэжлийн боловсрол, сургалтын 23 байгууллагад 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт бүхий 71 шинэ мэргэжлээр “Тусгай зөвшөөрөл олгох тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/255 дугаар тушаал батлагдсан.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/256 дугаар тушаалаар Архангай аймаг дахь Гурвантамир мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг политехник коллеж болгон ангиллыг шинэчлэн тогтоож, хөдөлмөрийн зах зээлд эрэлт бүхий “Малын бага эмч”, “Зоотехникч” мэргэжлээр хангайн бүсэд шинээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх нөхцөлийг бүрдүүллээ.
ХОЁР.САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
Засгийн газрын 2022 оны “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 218 дугаар тогтоолын хүрээнд Боловсролын ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/110 дугаар тушаалаар байгуулагдсан цэцэрлэгийн болон сургуулийн зориулалтаар байр түрээслэх ажлын хэсэг түрээслэх хүсэлт ирүүлсэн 109 байрыг газар дээр нь үзэн сургалт явуулах шаардлага хангасан цэцэрлэгийн 35 байр, сургуулийн 12 байрыг түрээслэхээр иргэн, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийх бэлтгэл ажил хийгдэж байна.
Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд цэцэрлэгийн зориулалттай байр түрээслэх, цэцэрлэгийн зориулалтаар барилга худалдан авах, шинэ цэцэрлэгүүдийг ашиглалтад оруулах зэрэг ажлууд хийгдэж 25,0 орчим мянган хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүллээ.
Цэцэрлэгийн хүртээмж сайжирч байгаатай холбоотойгоор багш боловсон хүчнийг бэлтгэж, бэлэн болсон байруудад засвар үйлчилгээ хийх, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслээр хангах, тавилга хэрэгсэл, ширээ сандал нийлүүлэх, тоглоомын хангалт хийх, хамран сургах тойргийг шинэчлэн тогтоох зэрэг ажлуудыг хийж байна.
Улсын хэмжээнд 242,0 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, тэднийг 11800 багш сурган хүмүүжүүлж байна. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд МУБИС болон бусад сургуулиуд хоёр ээлжээр 1,0 мянган туслах багшийг бэлтгэх сургалт явагдаж байна. Сургалтад хамрагдаж байгаа хүмүүс 18 кредитийн 11 төрлийн хичээлийг судалж байгаа бөгөөд төгсөгчдийг нийслэлийн Боловсролын газартай хамтран оршин суугаа хаягтай нь хамгийн ойр цэцэрлэгт ажиллуулахаар хуваарилна.
7 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд хос хэлний бодлого боловсруулах, монгол дохионы хэлний хуультай байх эсэх талаар сонсголгүй иргэдийн төлөөллийн байгууллага болон судлаачидтай уулзалт хийж, санал хүсэлтийг хүлээн авч судалгаа шинжилгээ хийж байна.
ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
Боловсрол, шинжлэх ухааны яам, “Оюу Толгой” ХХК-ийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар Өмнөговь аймаг дахь ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил эхэлсэн.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесыг хүлээн авч уулзлаа. Засгийн газар хоорондын гэрээнээс гадна боловсролын зээлийн сангийн дэмжлэгтэйгээр оюутан нэмж суралцуулах, испани хэлтэй орнуудад оюутан сургах сонирхолтой байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд илэрхийлж, испани хэлний бэлтгэл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн 7 дугаар сарын 5-нд ирээдүйн боловсролыг дахин төлөвлөх, тогтвортой хөгжлийн зорилт 4-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурлагын хоцрогдлыг арилгах бодлого чиглэл, арга замыг талуудын оролцоотой тодорхойлох зорилготойгоор “Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулж төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хүүхэд, залуус гэх мэт бүх салбарын төлөөлөл оролцон ирээдүйн боловсролыг тодорхойлж зөвлөлдөв.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын цахим шилжилтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг технологийн компаниудын төлөөлөлтэй уулзаж “Хувьсаж буй боловсрол: боловсролын салбар дахь цахим шилжилт, туршлага” сэдвээр харилцан санал солилцлоо. Хэлэлцүүлэгт боловсролын салбарт цахим сургалтын системийг хөгжүүлж, цахим агуулга, нөөц хэрэглэгдэхүүн, технологийн үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн 50 орчим төлөөлөл оролцов.
Боловсрол, шинжлэх ухааны яам, КОЙКА(БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг) хамтран 2022 онд боловсролын салбарт шинээр хэрэгжүүлэх төслүүдийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И Ё Хун, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Ким Жүн Му, төсөл хэрэгжих их, дээд сургуулийн удирдлагууд болон бусад төлөөлөгчид оролцлоо. Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, ШУТИС-д Хот төлөвлөлт, инженерийн тэнхим байгуулах, ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх гэсэн гурван төслийг энэ онд шинээр эхлүүлж, Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх КОЙКА болон GIZ-ийн хамтарсан төсөл, Монгол-Солонгосын Политехник Коллежийн “Хүчин чадлыг сайжруулах” төслүүдийг үргэлжлүүлнэ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын залуу монгол судлаачдын зуны сургалт 2022 оны 7 дугаар сарын 24-өөс 8 дугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба Орос, Америк, Герман, Польш, Чех, Хятад, Турк, Япон, Лаос, Мозанбик, Тайвань зэрэг 10 улс, 1 орны 17 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу судлаач, оюутнууд оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн “Чингис хааны ертөнц ба Монгол судлал цогц арга хэмжээ”-г зохион байгуулах тухай 109 дүгээр захирамжийн дагуу “Ажлын хэсэг байгуулах тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/257 дугаар тушаал батлагдсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээг 2022 оны 8 дугаар сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгуулна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хууль, тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт, Алсын хараа-2050 бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн 2022 оны эхний хагас жилийн тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
7 дугаар сард зохион байгуулагдсан Олон улсын олимпиадуудад Монголын баг амжилттай оролцлоо. Үүнд:
-
Щвейцарын нийслэл Цюрих хотноо зохион байгуулагдсан Олон улсын Физикийн 52 дугаар олимпиадаас Монголын баг 1 мөнгөн медаль, 3 хүрэл медаль, 1 шагналт байр хүртэж 100 хувийн амжилт
-
Армени улсын Ереван хотноо 2022 оны 7 дугаар сарын 10-аас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Биологийн олон улсын 33 дугаар олимпиадаас хос мөнгөн медаль
-
Норвеги улсын Осло хотноо 7 сарын 6-аас 16-ны өдрүүдэд явагдсан Олон улсын математикийн 63 дугаар олимпиадад Монголын баг онлайнаар оролцож хоёр мөнгө, гурван хүрэл медаль, нэг шагналт байр авснаар багийн дүнгээр 104 орноос 29 дүгээр байранд шалгарсан амжилт үзүүллээ.
Боловсрол, шинжлэх ухааны яам болон Оросын Холбооны Улсын Гэгээрлийн яам хоорондын гэрээгээр Монгол Улсад орос хэлний мэргэжилтэн 12 багшийг ажиллуулахтай холбоотой сонгон шалгаруулалт явагдаж ерөнхий боловсролын 17 сургууль хүсэлтээ ирүүлснээс сонгон шалгаруулалтын ерөнхий шаардлагыг хангасан ерөнхий боловсролын 12 сургуульд мэргэжилтэн багш ажиллахаар болсон.
Боловсролын салбарын 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө бага, дунд боловсрол, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын бүртгэлийн болон захиргааны статистикийн мэдээний багц маягтыг шинэчлэн боловсруулж, нөхөх заавар, танилцуулгын хамт Үндэсний статистикийн хороонд хүргүүлсэн.
Боловсролын салбарын дижитал дэд бүтцийг хөгжүүлэх ажлын хүрээнд алслагдсан ерөнхий боловсролын сургуулиудад цахим анги байгуулах, тохижуулах чиглэлээр JICA-ийн төлөөлөгчидтэй хийх уулзалтыг 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр зохион байгууллаа. Цахим анги тохижуулах чиглэлээр Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээллийн технологийн төв шаардлагатай тооцоо судалгааг гаргасан.
ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн болон холбогдох албаны хүмүүс “Dell” компанийн Азийн бүсийн Орон нутгийн хөгжил хариуцсан менежер Т.Сэлэнгэ, “Global Smart Digital Cities” төслийн багийн ахлах Бай Луй нарыг хүлээн авч уулзан Хөшигийн хөндийд байгуулахаар төлөвлөж буй дижитал их сургууль, их сургуулийн хотхон болон багш бүрийг сургалтын зориулалттай зөөврийн компьютерээр хангах боломж, цахим платформыг хөгжүүлэх талаар ярилцлаа.
Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 13 дугаар цэцэрлэгийн шинэ барилгыг "Цонбон тоосго" ХХК, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг Вивазоне ХХК гүйцэтгэж улсын комисс хүлээн авлаа. Тус цэцэрлэгүүд ашиглалтад орсноор 500 гаруй хүүхэд шинээр цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна.
7 дугаар сарын 7-ны өдөр БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Яамны газрын дарга нар, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны дарга Ю.Энхбат, БХБЯ-ны газрын дарга Ц.Баярбат болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүд уулзаж Хөшигийн хөндий дэх Оюутны хотхоны ерөнхий төлөвлөгөөний талаар ярилцлаа.
АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлэг дэргэдээ 200 хүүхдийн цэцэрлэг, Сүү ХК 75 хүүхдийн цэцэрлэг, MCS компани байгууллагын цэцэрлэг ажиллуулахаар шийдвэрлэж бэлтгэл ханган ажиллаж байна.
Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгаар баяжуулсан монгол хүний хүмүүжлийг дээдэлсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгаар баяжуулсан монгол хүний хүмүүжлийг дээдэлсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд 2019 онд 1-12 дугаар ангийн монгол хэлний сургалтын хөтөлбөрийг сайжруулсан тайланд шинжилгээ хийж нэгдсэн дүгнэлт гаргалаа.
ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
2022 оны 7 дугаар сард нийт 704 ширхэг төлбөрийн баримтаар 46,5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
2022 оны 6 дугаар сарын сайдын багцын төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг нэгтгэн Сангийн яаманд хүргүүлсэн.
2022 оны эхний хагас жилийн тайлан гаргахтай холбоотой харьяа байгууллагуудын санхүүгийн тайланг э-тайланд шивсэн тайлантай тулган баталгаажуулж байна.
Боловсрол, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн 1948 байгууллага шилэн дансны тухай хуулийн дагуу https://shilendans.gov.mn/ цахим хуудаст мэдээллээ оруулж байна. Эдгээр байгууллагууд нь 2022 оны 7 дугаар сарын байдлаар 151288 мэдээлэл оруулахаас 128163 буюу 85 хувийг оруулсан байна.
Монгол-Энэтхэгийн хамтарсан боловсролын мэдээллийн аутсорсинг төвийн барилга угсралтын ажлын явцтай танилцаж даалгавар, чиглэл өгсөн.
Салбарын хэмжээнд хэрэгжиж байгаа 174 төсөл арга хэмжээнээс 134 нь гэрээ байгуулсан, 31 нь гүйцэтгэгч шалгараагүй, 1 нь тендер зарласан, 8 нь тендер зарлаагүй байна.
ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД
Бичиг хэргийн эргэлтийн мэдээ: 7 дугаар сард байгууллага, иргэдээс Боловсрол, шинжлэх ухааны яаманд хандаж 5972 хариутай бичиг, 1040 шууд бичиг, 3119 өргөдөл гомдол, нийт 10131 бичиг ирүүлсэн байна. 5683 хариутай албан бичиг, 3027 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт ирсэн бичиг, өргөдөл, гомдлын 95,9 хувийг шийдвэрлэж хариу өгсөн байна. Энэ нь өмнөх сараас 0,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн 289 албан бичиг, 92 өргөдөл хугацаандаа судлагдаж байна. Яамнаас байгууллага, иргэдэд хандаж 3555 албан бичиг хүргүүлсэн.
Иргэдээс Боловсрол, шинжлэх ухааны яам болон албан тушаалтан, харьяа байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2022 оны 2 дугаар улирлын тайланг нэгтгэн боловсруулж 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 2/3448 дугаар албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүллээ.