Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, эрдэмтэн мэргэд ээ!
Ноёд, хатагтай нар аа! Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.
Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг үндэслэн байгуулж, дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг, аугаа эзэнт гүрнийг цогцлоосон хаадын хаан Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ойн мэндийг та бүхэнд өргөн дэвшүүлье!
Тэртээ 860 жилийн өмнө Монголын хээр тал нутаг, ханат цагаан гэрт нэгэн хөвгүүн мэндэлсэн нь хожим даян дэлхийд алдар нэрээ дуурсгасан аугаа удирдагч, баатар эр, хүмүүний түүхийн 2 дахь мянганы суут хүмүүн эзэн Чингис хаан бөгөөд өнөөдөр бид тэр эрхэм хүмүүний мэндэлсний тэгш ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр Монгол төрийн гал голомт - Төрийн ордондоо хуран чуулаад байна.
Эзэн Чингис хаан болон түүнийг залгамжлагч их хаад ХIII-XIV зуунд Ази, Европыг дамнасан дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан билээ. Монголын эзэнт гүрэн нь дэлхийн хуурай газрын тэн хагасаас илүүг эрхшээлдээ оруулж 200 гаруй жил оршин тогтнохдоо өрнө, дорнын олон орны эдийн засаг, соёлын солилцооны нэгдэлд тулгуурласан хөгжлийн шинэ эринийг нээж өгсөн бөгөөд тэр нь хүн төрөлхтний түүхэнд дахин давтагдаагүй юм.
Аливаа бүхэн сайн, муу гэсэн хоёр талтай байдгийн адил хүн төрөлхтөний өнгөрсөн түүх ч бас ертөнцийн энэхүү түгээмэл зүй тогтлоос гажаагүй нь мэдээж. Гэсэн хэдий ч, нэгэн цагт Монголын эзэнт гүрний түүхийг улс төр, үзэл суртлын улмаас дайн байлдаан хийж хүний амь нас хороосон, эвдэн сүйтгэсэн гэх мэт сөрөг талаас нь хэтрүүлэн үнэлж байсан явдал ч бий. Сүүлийн үед эрдэмтэд Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүхийг үнэн бодтойгоор үнэлж цэгнэхийг хичээх болж ихээхэн амжилтад хүрээд байна. Тэдний шинжилгээ судалгааны үр дүнд, Монголын эзэнт гүрний түүх, үлдээсэн өв нь сөрөг талаасаа илүүтэй эерэг талын нь жин давамгайлж, тухайн үедээ харьцангуй хөгжил дэвшлийг авчирч, хожим нь ч эерэг нөлөө нь зонхилж байсан нь улам бүр нотлогдсоор байна.
Монголын эзэнт гүрэн нь Монгол төдийгүй дэлхий дахины улс төр, эдийн засаг, шашин, соёл, сэтгэлгээ, хууль эрх зүй,шинжлэх ухаан, технологийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлж, өөрийн гэсэн өвийг үлдээсэн билээ. Эдгээр нь ерөнхийдөө Чингис хааны үеэс эхтэй боловч, нэгэн амьсгаагаар бүрэлдэн бий болсон гэхээсээ илүүтэйгээр, Монголын эзэнт гүрэн оршин тогтнож байх үеийн турш үргэлжилж, улам төгөлдөржсөн бүхэл бүтэн үйл явц юм.
Зөвхөн дэлхийн улс төрийн түүхэнд үзүүлсэн нөлөө л гэхэд гадаадын нэр хүнд бүхий түүхч эрдэмтдийн үзсэнээр Монголын эзэнт гүрний суурин дээр Хятад дахь Мин улс, Дундад Ази дахь Төмөрийн улс, Баруун Ази дахь Османы эзэнт гүрэн, Зүүн Европ дахь Оросын эзэнт гүрэн гэсэн 4 эзэнт гүрэн үүсэж, Монголын эзэнт гүрнийг залгамжилсан агаад энэ 4 гүрэн хожим нь Евразийн түүх төдийгүй, дэлхийн түүхэнд асар их үүрэг гүйцэтгэжээ. Үүн дээр уугуул монгол нутагтаа буцан ирж суусан Монгол улсыг бас нэгэн эзэнт гүрэн гэж үзвэл Монголын эзэнт гүрний суурин дээр нийт 5 эзэнт гүрэн үүссэн гэж үзэх нь зүйтэй.
Тиймээс цаашдаа Монгол гүрний түүх, үлдээсэн өвийг нарийвчлан судлах ажлыг Монгол Улс төдийгү дэлхийн олон орны эрдэмтэн судлаачид хамтран гүйцэтгэх, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ үйлсэд нэн ялангуяа Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан бүс нутаг, улс орнуудын эрдэмтдийн хамтын ажиллагаа нэн чухал байна. Тэгж гэмээн бид Чингис хаан, Монголын эзэн гүрний түүхийг бүрэн гүйцэд судалж чадах юм.
Өнгөрсөн 7 дугаар сард ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр миний бие Монголын эзэнт гүрний түүх, Төв Азийн эзэнт гүрнүүдийн түүхийг олон орны эрдэмтэн түүхчид хамтран судалж, шинэ бүтээл туурвих талаар санал бодлоо солилцсон бөгөөд саявтар энэ талаар нааштай хариу ирүүлснийг та бүхэнд сонордуулахад таатай байна. Энэхүү үйл хэрэгт энд хуран цугласан дэлхийн монголч эрдэмтэн та бүхнийг идэвх санаачилгатай оролцоно хэмээн найдаж байна.
Сүүлийн үед дэлхийн олон орны архив, номын сангуудад хадгалагдаж буй баримт хэрэглэгдэхүүн, эх сурвалжийг судалж, нийтлүүлэх ажил идэвхтэй өрнөж эзэн Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүхийг шинээр туурвих нөхцөл боломж улам нэмэгдэж байна. Түүгээр ч зогсохгүй, гадаад орнууд дахь Монголын эзэнт гүрэнд холбогдох археологийн дурсгалыг тухайн улсын эрдэмтэдтэй хамтран судлах ажлын эхлэл сүүлийн жилүүдэд тавигдлаа.
Эрхэм хүндэт эрдэмтэд ээ, эрхэм зочид оо!
Чингис хааны үйл хэрэг, гавьяа зүтгэл түүний төрсөн гал голомтыг сахиж, монгол төрийг залгамжлан, туурга тусгаар улсын ёсоор оршиж буй Монгол Улсад оногдох нь зүй ёсны хэрэг мөн. Тийм ч учраас манай төр засгийн зүгээс сүүлийн жилүүдэдэзэн Чингис хааны алдар гавьяа, түүхэнд гүйцэтгэсэн үүргийг судлан шинжлэх, сурталчлан таниулах, мөнхжүүлэх зорилгоор олон ажил зохион байгуулж,бүтэн байгуулалт өрнүүлж бодтой үр дүнд хүрч байгааг та бүхэн бэлхэнээ харж, биеэр мэдэрч байгаа гэдэгт итгэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал санаачилгаар Монголын эзэнт гүрний түүхийн чухал сурвалж болох “Монголын нууц товчоон”-ы тайлбар толийг туурвиж эхлээд байгаа бөгөөд цаашид Монгол Улсын түүхийг олон ботиор шинээр туурвих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Монгол судлалын хойч ирээдүй болсон залуу монгол судлаачдыг бэлтгэх, тэдний судалгааны ажлыг дэмжих нь бидний бас нэгэн үүрэг юм. Залуу монголчдод зориулсан ахьсан түвшний сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг буй болгож, энэ чиглэлээр идэвхтэй ажиллах болно.
Эцэст нь, эзэн Чингис хааны ойд зориулсан цогц арга хэмжээ, ялангуяа олон улсын эрдэм шинжилгээний хурал нь эрдэмтэн мэргэдийн бие сэтгэлээ чилээн байж бүтээн туурвисан их хөдөлмөрийн үр дүнгээ түмэн олонд толилуулж, санал бодлоо солилцох, олон орны эрдэмтэн судлаачид ойртон нөхөрлөх сайхан завшаан, “Чингис хаан судлал” хийгээд “Монголын судлал”-д томоохон түлхэц болж, оюуны их цэнгэлийг эдлүүлнэ гэдэгт итгэл төгс байна.
Энд хуран цугласан эрхэм хүндэт зочид төлөөлөгч, эрдэмтэн мэргэд та бүхний оюун хурц, мэлмий тунгалаг, өлмий бат оршихын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье!
Их эзэн Богд Чингис хааны суу заль өнөд ивгээх болтугай.