БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 8 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭ
НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Улаанбаатар хот дахь төрийн өмчийн ижил чиглэлийн хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг их, дээд сургуулийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, хөтөлбөрийн давхацлыг арилгах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “Төрийн өмчийн дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай” 293 дугаар тогтоол батлагдан тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 321 дүгээр тогтоолын 1.4-д дэд заалт нэмж батлуулсан.
Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 293 дугаар тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/296 дугаар тушаалаар 21 их дээд сургууль, коллежийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, 8 сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ.
Боловсрол, шинжлэх ухааны салбарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа зарим төсөл, арга хэмжээнд үүссэн нөхцөл байдлын талаарх танилцуулгыг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан 40 дүгээр тэмдэглэл гарсан.
Засгийн газрын 2022 оны 40 дүгээр тэмдэглэлээр өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын хуралдаанд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтаар боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжиж байгаа зарим төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хэлэлцүүлж “Салбарын хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 310 дугаар тогтоол батлагдсан.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/288 дугаар тушаалаар “ЕБС-ийн хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөр" батлагдаж ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлэв.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн А/274 дүгээр тушаалаар “Цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулахад мөрдөх журам” батлагдсан.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/291 дүгээр тушаалаар Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан салбарт хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг тус хуультай нийцүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 2022 оны “Төлөвлөгөө батлах тухай” А260 А/391 А/146 А/260 дугаар хамтарсан тушаалаар “Бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлагдсан.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/178 дугаар тушаалаар “Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд олон улсын сайн туршлагыг судлах, өөрийн орны онцлогт тохируулан хөтөлбөр боловсруулах, түүнийг туршин, нэвтрүүлэх зорилгоор “Google” компанитай хамтран ажиллах ажлын хэсэг”, А/258 дугаар тушаалаар “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээний хүрээнд цэцэрлэгт хамруулах хүүхдийн оршин суугаа хаягийг тодорхой болгох, хүүхдийн эцэг, эх асран хамгаалагчийн санал, хүсэлтийг и-Монголиа системээр дамжуулан хүлээн авч, шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг”, А/310 дугаар тушаалаар “Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээг тодорхойлох, сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж байна.
ХОЁР.САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “Эзэн Богд Чингис хааныг алдаршуулах тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/266 дугаар тушаал батлагдаж 2022-2023 оны хичээлийн шинэ жилээс эхлэн жил бүрийн хичээлийн шинэ жилийн нээлтийн өдрөөр “Эзэн Богд Чингис хааныг алдаршуулах” арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны сургалтын байгууллагын удирдлагад үүрэг болгов.
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарт 2022-2023 оны хичээлийн жилд дэвшүүлэх зорилго, зорилтыг боловсруулан сургалтын байгууллагуудад хүргүүлэв. Энэ хичээлийн жилийн зорилго, зорилт нь (i) сурах тэгш боломж бүрдүүлэх, суралцахуйд дэмжлэг үзүүлэх, (ii) суралцагч сургалтын байгууллага орчинд эрүүл, аюулгүй, амар тайван суралцах, (iii) сургалтын байгууллага, багшийн хөгжлийг дэмжих, (iv) багш, ажилтны ёс зүй, харилцаа, хандлага, манлайлах ур чадварыг бэхжүүлэх, (v) байгууллага хоорондын хамтын ажиллагаа болон цэцэрлэг, сургуульд суурилсан менежментийг сайжруулахад чиглэсэн.
Цахим боловсрол, сургалтын тогтолцоог бэхжүүлэх, олон улсад гарч буй шинэ технологийг судлах, нэвтрүүлэх зорилгоор Google болон Microsoft компаниудтай уулзалтуудыг хийж, хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов.
ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифиг хүлээн авч уулзан НҮБ-ын Хүн амын сангаас 2023-2027 онд хэрэгжүүлэх Улс орныг дэмжих VII хөтөлбөрийн хүрээнд талууд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож харилцан тохиролцлоо.
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй холбогдох албаныхан БНСУ-ын Дежон хотын Боловсролын газрын дарга Сүль Донг Хо болон төлөөллийг хүлээн авч уулзан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.
8 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд "Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя-2022" аяныг Дархан-Уул аймагт зохион байгуулж тус аймагт аж үйлдвэрийн кластеруудыг хөгжүүлэх, инноваци, технологийн үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг хамтдаа шийдвэрлэх гарц шийдлийн талаар хэлэлцлээ.
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын “Багш, удирдах ажилтнуудын зөвлөгөөн”-ийг Ховд, Өвөрхангай, Дархан-Уул, Дорнод аймаг, нийслэлд бүсчлэн зохион байгуулж тус зөвлөгөөнд төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, удирдах ажилтан ажил олгогч, мэргэжлийн холбоод, донор хөрөнгө оруулагчдын төлөөлөл 700 гаруй хүн оролцон салбарын тулгамдсан асуудал, хууль эрх зүйн шинэчлэл, 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн зорилго, зорилт, түншлэл хамтын ажиллагааны оновчтой шийдэл зэрэг асуудлаар санал солилцлоо.
Бага, дунд боловсролын болон техник мэргэжлийн боловсролын бүртгэлийн болон захиргааны статистикийн мэдээний маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн боловсруулж Үндэсний статистикийн хорооны Арга зүйн байнгын хороо, Даргын зөвлөлийн хурлаар 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцүүлэн батлуулав.
Боловсролын салбарын хэмжээнд багш, суралцагч, нийт албан хаагч нарын албан хэрэгцээнд зориулсан Microsoft office 365 программын A1, A3, A5 лицензийн сунгалтыг хийсэн.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр зохион байгуулах “Хувьсаж буй боловсрол” олон улсын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг ханган, үндэсний EdTech компаниудаас гарч байгаа тэргүүн туршлагуудын мэдээллийн санг үүсгэж, нэгтгэн боловсруулсан.
Боловсрол сургалтын байгууллагын болон суралцахуйн удирдлагын системийн ерөнхий гэрээний худалдан авах ажиллагааг Төрийн худалдан авах ажиллагааны газраас амжилттай зохион байгуулж, гэрээ байгуулах мэдэгдлийг шалгарсан 4 байгууллагад хүргүүлээд байна.
Боловсролын сургалтын байгууллагын хүүхдийн хоол, хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж, шийдлийн талаар уулзалт зохион байгуулж, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, орон нутгийн хүнс үйлдвэрлэгчид, газар тариалан эрхлэгчид болон боловсролын газрын төлөөлөл харилцан санал солилцов.
8 дугаар сарын 23-ны өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн бүх сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж хичээлийн жилийн зорилго, зорилт, сургалтын хөтөлбөр, агуулга, багшийн тасралтгүй хөгжил, байгууллагын удирдлага менежментийн чиглэлээр зөвлөлдлөө.
Их, дээд сургуулийн элсэгчдээс монгол хэл бичгийн шалгалтыг 8 дугаар сарын 20-нд зохион байгуулж 4, 6 дугаар сард зохион байгуулсан 2 удаагийн шалгалтаас хоцорсон, шалгалтад орсон боловч босго оноонд хүрээгүй зэрэг шалтгаанаар дахин шалгалтад оролцох хүсэлт гаргасан хөдөө орон нутгийн 477, нийслэлийн 281 нийт 758 шалгуулагч бүртгүүлснээс орон нутагт 220, нийслэлд 77, нийт 297 шалгуулагч оролцсон.
Тус ажлын хүрээнд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компаниас бусад этгээд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглоно” гэж заасны дагуу салбарын төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын удирдлага нарт хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор бүтэцдээ өөрчлөлт оруулах, авсан арга хэмжээний талаар албан бичгээр хариу мэдэгдэх чиглэл хүргүүлж, хэрэгжилтийг ханган ажиллав.
Төрийн өмчийн их дээд сургууль болон бусад харьяа байгууллагын 66 дэд захирал, дэд дарга, зөвлөх, орлогч дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хуульд заасны дагуу тэтгэмж олгосон. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан албан тушаалтны албан ажилдаа хэрэглэж байгаа автомашиныг эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан.
ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг 2022 оны 8 дугаар сарын 5-10-ны өдрүүдэд 6 салбар чиглэлээр зохион байгуулж, 14 орны 54 монгол судлаач биечлэн, 12 судлаач онлайнаар оролцож нийт 155 илтгэл хэлэлцүүллээ.
Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд дүүргийн удирдлагуудтай хэд хэдэн удаагийн уулзалтыг зохион байгуулж 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 140904 хүүхдийн цэцэрлэгийн хүчин чадлыг бий болгоод байна. Нийт 14115 суудал буюу 123 түрээсийн байрыг салбар бүлгээр ажиллуулахаар боллоо. Эдгээр байрын 70 хувь нь хичээлийн жилийн өмнө ашиглалтад орж, үлдсэн 30 хувь нь үе шаттайгаар ашиглалтад орж хүүхдээ хүлээж авна.
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем/E-Mongolia/-д цэцэрлэг болон нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг хийх үйлчилгээг оруулж бүртгэлийг зохион байгуулж 1 дүгээр ангид 78683 хүүхэд бүртгэгдсэн.
Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагааг 3 үе шаттайгаар 2022 оны 8 дугаар сарын 8-24, 9 дүгээр сарын 5-30, 10 дугаар сарын 3-24-ний өдрүүдэд зохион байгуулна. Нийслэлийн хэмжээнд 2-5 настай 141023 хүүхэд байгаа ба 2022 оны 8 дугаар сарын 24-ний байдлаар нийт 113474 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар хүсэлт гаргаж e-Mongolia цахим системээр 111542, уламжлалт элсэлтээр 1932 хүүхэд хамрагдан бүртгүүлсэн.
Улсын Их Хурлын 2022 оны 17, Засгийн газрын 2022 оны 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага дэргэдээ цэцэрлэг, салбар бүлэг байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 2022 оны 9 дүгээр сарын 1-нээс “Говь” ХХК-ний дэргэдэх 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, байгууллагын ажилчдын хүүхдүүдээ хүлээн авч, сургалт үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ачаалал ихтэй байршилд байгаа төрийн бус өмчийн цэцэрлэг хамран сургах тойргийн хүүхдийг суралцуулсан тохиолдолд түүнд ногдох хувьсах зардлыг 2 дахин, хоолны зардалтай хамт олгохоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн А/272 тоот тушаалыг батлуулав. Өнөөдрийн байдлаар төрийн бус өмчийн 229 цэцэрлэгт 22544 хүүхэд элсэн суралцах боломжтой болсон.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/204 дүгээр “Түр журам батлах тухай” тушаал батлагдсаны дагуу цэцэрлэгийн зориулалтаар орон сууцны нэг давхрын барилга, бие даасан цэцэрлэгийн барилга худалдан авах ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/1129 дүгээр “Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тухай” захирамж гарсан. Тус захирамжид ачаалал өндөртэй 13 байршилд орон сууцны нэгдүгээр давхарт 20.4 тэрбум төгрөгөөр, 6 байршилд бие даасан барилга 14.4 тэрбум төгрөгөөр худалдан авахаар тусгагдсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/1113 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг цэцэрлэгийн зориулалтаар орон сууцны нэг давхрын барилга, бие даасан цэцэрлэгийн барилга худалдан авах ажлын хэсгийн анхан шатны хурлыг хийж дүгнэлт гарган дараагийн шатны ажлын хэсэгт шилжүүлсэн. 8 дугаар сарын 31-ний байдлаар 123 түрээсийн байранд 14115 хүүхэд хүлээж авахад бэлэн болсон.
Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нийслэлийн цэцэрлэгийн хүртээмж багатай байршилд хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэх ажлыг удирдлага, зохицуулалтаар ханган ажиллав. 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 368 хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид шинээр сургалтад хамрагдаж, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх эрхээ авсан(хотод 189, орон нутагт 179) 2022 оны 8 дугаар сарын 22-оос хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нараас зөвшөөрөл олгох ажил эхэлсэн бөгөөд хүүхэд харах үйлчилгээнд 3000 гаруй хүүхэд хамруулна.
“Олон улсад өрсөлдөх чадвартай боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх” арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Кембрижийн их сургууль хооронд байгуулах гэрээний төслийг эцэслэн боловсруулж “Боловсролын бүх түвшний сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал боловсруулна” гэсэн арга хэмжээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд гадаад улс орнуудын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалын бүтэц, агуулгыг харьцуулан судалсан судалгааны үр дүнг хэлэлцлээ.
БШУ-ын сайдын 2020 оны “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэгт хамруулах тухай” А/41 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд саа, саажилттай 6-13 насны 60 гаруй хүүхдийг ясли, цэцэрлэгийн 10 дугаар цогцолборт хамруулан сургах зохион байгуулалтыг хийсэн.
Улсын Их Хурлын 2022 оны 17 дугаар тогтоол, Засгийн газрын “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 218 дугаар тогтоол, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8.1, 8,3 дахь заалтад үндэслэн сургуулийн өмнөх боловсролын салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, багшийн дутагдлыг нөхөх зорилгоор багш бэлтгэдэг их дээд сургуулийн төгсөх ангийн 237 оюутан академик цагийн хичээлийг 2022 оны 6-8 дугаар саруудад танхим онлайн хосолсон хэлбэрээр бүрэн судалсан бөгөөд 2022 оны 9-12 дугаар сард цэцэрлэгүүдэд багшаар ажиллангаа багшлах дадлагаа хийж 12 дугаар сард төгсөж дипломоо авах зохион байгуулалтыг хийлээ.
2022-2023 оны хичээлийн жилд “Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээ”-ний хүрээнд сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг 3 их дээд сургуульд 2022 оны 6 дугаар сарын 15-аас 2022 оны 8 дугаар сарын 20-ны хооронд онлайн болон танхим хосолсон 18 кредиттэй “Цэцэрлэгийн туслах багш бэлтгэх” сургалтыг 697 хүн төлбөрийн 100 хувийн тэтгэлэгтэйгээр цэцэрлэгийн туслах багшаар төгсөж ажлын байраар хангагдсан.
ТАВ.САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, 2024-2025 оны төсвийн төсөөллын тухай хуулийн Боловсрол, шинжлэх ухааны Төсвийн ерөнхийлөн зархирагчийн 2023 оны төсвийн төсөл, 2024-2025 оны төсвийн төсөөллийг харьяа төсвийн шууд захирагч, төвлөрүүлэн захирагч нарын төсвийн саналыг авч, салбарын дунд, урт хугацааны бодлого, зорилт, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн төсөв санхүү, эдийн засгийн өнөөгийн нөхцөлд боловсрол, шинжлэх ухааны салбарын төсвийн төлөвлөлтийн тогтолцоог шинэчлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр 2022 онд эхлүүлсэн бодлогын арга хэмжээг цаашид тогтвортой үргэлжлүүлж, Шинэ сэргэлтийн бодлогод туссан төрийн бүтээмжийг сайжруулах, хот хөдөөгийн ялгааг арилгах зорилтуудтай нийцүүлэн гүйцэтгэл үр дүнд суурилсан төлөвлөлт, санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлж, боловсролын чанарыг сайжруулах, ялгаатай байдлыг арилгах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, шинэчлэлийг салбартаа бүрэн хэрэгжүүлэх бодлогыг баримталсан. 2023 онд дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 6,212.8 тэрбум төгрөг үүнээс хөрөнгө оруулалт 2,657.3 тэрбум төгрөг, урсгал төсөв 3,542.9 тэрбум төгрөг ба УИХ-аас баталсан төсвийн хязгаараас 1,662.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага, үндэслэлийг гарган тооцоолж Төсвийн тухай хуулийн дагуу Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Монгол Улсын Их Хуралд Боловсрол, шинжлэх ухааны сайдын албан бичгээр тус тус хүргүүлсэн.
Боловсрол, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсвийн төсөлд тусгагдсан нийт урсгал төсвийн 101.3 тэрбум төгрөг буюу 3,0 хувь нь шинжлэх ухааны салбарт, 4,0 хувь нь буюу 141.9 тэрбум төгрөг нь салбарын нэгдсэн үйл ажиллагаа, захиргаа удирдлагын байгууллагуудад, 93,0 хувь нь буюу 3,416.6 тэрбум төгрөг боловсролын салбарт хуваарилагдаж байна.
Төсвийн төсөлд нийт 2562 байгууллагын төсөв, санхүүжилт багтсан бөгөөд нийт 1,075,044 суралцагч, хүүхэд хамрагдаж, 92,874 хүн цалинжихаар төсвийн төслийг боловсруулсан.
Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг газар зүйн мэдээллийн системд үндэслэн боловсруулж, тусгуулна” заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор “Хэрэгцээ шаардлагын судалгаанд үндэслэн 2023 оны улсын төсвийн төсөлд санал хүргүүлэн, шийдвэрлүүлнэ.” гэж заасны дагуу 2023 оны улсын төсвийн төсөлд тусгуулахаар ирүүлсэн 477 шинэ төсөл, арга хэмжээний 394 төсөл, арга хэмжээнд газар зүйн мэдээлэлд тулгуурласан хэрэгцээ шаардлагын шинжилгээг хийсний дүнд 163 төсөл, арга хэмжээг эрэмбэлж, 2023 оны улсын төсөвт тусгах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргалаа. Мөн он дамжин хэрэгжиж буй 462 төсөл, арга хэмжээний 215 төсөл, арга хэмжээнд хэрэгцээ шаардлагын шинжилгээг хийсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 321-р тогтоолоор Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар сургуулийг Өмнөговь аймагт байгуулах шийдвэрийн хүрээнд салбар сургуулийн сургалтын үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл бүрдүүлэх, засвар үйлчилгээний хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн талаар 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1а/3690 тоот албан хүсэлтийг Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газарт төлөвлөн хүргүүлсэн.
Өмнөговь аймаг дахь “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” төсөл арга хэмжээний хүрээнд “ШУТИС-ийн харьяа 500 суралцагчтай сургуулийн барилга”-ын загвар зургийг Өмнөговь аймгийн ерөнхий төлөвлөгөөний газраар баталгаажуулж 2023 оны төсвийн төсөлд материалыг нь нэмж орууллаа.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 2023 онд Орон нутгийн Их дээд, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын сургалтын орчин сайжруулах төсөл арга хэмжээнүүдийг ашиглагч байгууллагуудтай хамтран зураг төсөв боловсруулан ажиллаж байна.
Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Иргэн Цэргийн Харилцааг Дэмжих нэгжийн багийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Увс аймгийн Улаангом суманд баригдаж байгаа 150 хүүхдийн цэцэрлэг, Хэнтий аймгийн Дадал суманд баригдаж байгаа 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 9 дүгээр сард ашиглалтад оруулах талаар уулзалт зохион байгуулж, Хөвсгөл аймгийн Ханх суманд баригдах 100 хүүхдийн суудалтай цэцэрлэгийн барилгын барилгажих талбайтай газар дээр нь очиж танилцан хэмжилт, орчны судалгаа хийж хамтран ажиллав.
Мөн тус аймгийн төвд хэрэгжиж байгаа салбарын хөрөнгө оруулалтын барилга угсралтын ажлын явцтай танилцаж, 1968 онд баригдсан 2 дугаар цэцэрлэг, 1976 онд баригдсан 6 дугаар цэцэрлэгийн барилгыг үзэж, төслийн багт танилцуулснаар 2 дугаар цэцэрлэгийн барилгыг төсөлд хамруулан шинээр барих хүсэлтийг дэмжин Элчин сайдын яаманд саналыг хүргүүлэн шийдвэр гаргуулахаар боллоо.
Монгол Германы хамтарсан ашигт малтмалын их сургуулийн оюутны дотуур байрны барилга угсралтын ажлын явцын талаар захиалагч, захиалагчийн техник хяналт, ашиглагч, гүйцэтгэгч, зохиогчийн хяналтын байгууллагатай хамтран хуралдаж 9 дүгээр сарын 5-ны өдөр Улсын комисс ажиллуулан байнгын ашиглалтад хүлээн авах шийдвэр гаргалаа.
“Монгол-Энэтхэгийн найрамдлын хамтарсан 1200 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын зураг төсвийг Барилгын хөгжлийн төвийн магадлалын нэгдсэн дүгнэлтээр баталгаажуулан Энэтхэгийн элчин сайдын яаманд хүргүүлж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангалаа.
Боловсрол, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн 1948 байгууллага шилэн дансны тухай хуулийн дагуу https://shilendans.gov.mn/ цахим хуудаст мэдээллээ оруулж байна. Эдгээр байгууллагууд нь 2022 оны 8 дугаар сарын байдлаар 170345 мэдээлэл оруулахаас 149023 буюу 87.5 хувийг оруулсан байна. Цаашид шилэн дансны хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагуудын санхүүгийн албан хаагчдад чиглэл, арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна.
ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД
“Цахим гарын үсгийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус яамны 19 удирдах ажилтан, 44 албан хаагч цахим гарын үсэг авсан.
8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар байгууллага, иргэдээс яаманд хандаж 6554 хариутай бичиг, 1199 шууд бичиг, 3339 өргөдөл гомдол, нийт 11092 бичиг ирүүлсэн байна. 6346 хариутай албан бичиг, 3253 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт ирсэн бичиг, өргөдөл, гомдлын 97,0 хувийг шийдвэрлэж хариу өгсөн байна. Энэ нь өмнөх сараас 1,1 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн 208 албан бичиг, 86 өргөдөл хугацаандаа судлагдаж байна. Яамнаас байгууллага, иргэдэд хандаж 4032 албан бичиг хүргүүлсэн.
Архивын ерөнхий газрын 2022 оны 01/495 дугаар албан бичгээр ирүүлсэн "Архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн болон салбарын жагсаалт"-ын төсөлд санал өгсөн.
Эйбл программын ашиглалтыг сайжруулах талаар удирдлагаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу эхний ээлжинд нийт албан хаагчдыг тус программд засварлах горимд 3 хоногийн хугацаатай шилжүүлж, зураг болон шаардлагатай мэдээллийг бүрэн оруулсан.
Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай яаманд нийт 855 иргэний өргөдөл, гомдлыг хуваарилж, шилжүүлсэн байна. Үүнээс 820 буюу 96 хувийг нь шийдвэрлэж, 35 өргөдөл хугацаандаа судлагдаж байна. Сүүлийн 7 хоногт нийт 35 өргөдөл шилжүүлснээс 9 өргөдлийг шийдвэрлэжээ. 11-11 төвтэй тогтмол хамтран ажиллаж, тус төвөөс илгээсэн иргэдийг биечлэн хүлээн авч уулзаж, зөвлөгөө, мэдээллээр ханган зарим иргэдийн өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв.
---оОо---