БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ
НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР
Шинжлэх ухаан, технологийн тухай болон Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулан Ажлын хэсгийн хурлыг хоёр удаа зохион байгууллаа. Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг БШУЯ-ны албан ёсны вэб хуудаст байршуулан олон нийтээс санал авч байна.
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын харьяа төсвийн шууд захирагч, төвлөрүүлэн захирагч нарын төсвийн төслийн саналыг авч, салбарын дунд, урт хугацааны бодлого, зорилт, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж Сангийн яаманд хүргүүлсэн.
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуультай харьцуулсан судалгаа хийж Улсын Их Хурлын Боловсрол, шинжлэх ухааны байнгын хороонд цахимаар хүргүүлсэн.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын 2015 оны 5 дугаар сарын 17-нд байгуулсан “Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт нэмэлт оруулсан шийдвэрийг үндэслэн “Монгол-Энэтхэгийн хамтарсан ерөнхий боловсролын сургууль” байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А/360 дугаар тушаалаар Боловсролын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, Суралцагчийн үнэлгээний хэлтэс, Багшийн хөгжил, арга зүйн хэлтэс, Захиалагчийн хэлтсийг байгууллаа.
Мэргэшлийн үндэсний хүрээний төсөл боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулах Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” хамтарсан тушаалыг баталж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн.
Ажил мэргэжлийн стандарт хүний хөгжлийн хүрээлэн, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажил үүрэгт дүн шинжилгээ хийж, ажил мэргэжлийн стандартын төсөл боловсруулах ажлын хэсгийг БШУ-ы сайдын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах, зардал батлах” А/364 дүгээр тушаалаар байгуулж, судалгааны ажлыг эхлүүллээ.
БШУ-ны сайдын 2022 оны А/324 дугаар тушаалаар “Үндэсний инновацийн шагнал олгох бүтээл”-ийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг, А/347 дугаар тушаалаар “Инновацийн төсөлд грант олгох” шийдвэрийг тус тус баталсан.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон шим тэжээллэг, эрүүл ахуй, чанарын баталгаатай хоол, хүнсээр хүртээмжтэй хангах, хөндлөнгийн болон дотоод хяналтыг хэрэгжүүлэх зорилго бүхий программ хангамжид суурилсан мэдээллийн системийг нэвтрүүлж, хөгжүүлэх зорилгоор “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийн удирдлагын системд тавих шаардлага”-ыг боловсруулж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/370 дугаар тушаалаар баталсан.
Боловсролын шинжлэх ухааны сайдын 2022 оны “Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулах тухай” А/368 дугаар тушаалыг баталж цэцэрлэгийн багшийн ажлын гүйцэтгэлийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Боловсролын үнэлгээний төвд үүрэг болгосон. Энэхүү үнэлгээг зохион байгуулснаар цэцэрлэгийн багш нарт ажлын гүйцэтгэлд суурилан урамшуулал олгох боломж бүрдэх юм.
Боловсролын шинжлэх ухааны сайдын 2022 оны А/374 дүгээр тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам”, “Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам”-ыг тус тус баталлаа. Энэхүү журмууд батлагдсанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ажлын гүйцэтгэлийг нэгдсэн шалгуураар үнэлж, өндөр гүйцэтгэлтэй багш нарт урамшуулал олгох, багш нарын мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх боломж, нөхцөл бүрдэх юм.
ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
НҮБ-ын Ерөнхий ассамблей 9 дүгээр сарын 13-аас 27-ны өдрүүдэд, "Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалт 9 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд болж, уг дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсын багийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахлан оролцсон. Энэ үеэр "Цахим шилжилт болон түншлэлээр дамжуулан суралцахуйг өөрчлөх нь" сэдэвт тусгай арга хэмжээг манай улс хариуцан зохион байгууллаа.
"Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр “Нүүдэлчдийн цахим шилжилт”, “Цар тахлын үеийн сургууль буюу 5/9 зарчим”, “Үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилт”, “Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулсан туршлага” зэрэг илтгэлийг хэлэлцүүллээ.
АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж буй “Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний чуулга уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны яам “Цахим шилжилж болон хамтын ажиллагаа” сэдвээр арга хэмжээ зохион байгуулж амжилттай оролцлоо. НҮБ-ын 77 дугаар чуулганы үеэр Gateways to Public Digital Learning санаачилгыг ЮНЕСКО, UNICEF хамтарч зарласан бөгөөд Champion улсуудын жагсаалтад 200 орчим улсаас Монгол, Аргентин, Испани, Швейцари, Арабын Эмират улсуудыг зарласан нь Монгол Улсын Засгийн газар, БШУЯ-ны хувьд цар тахлын нөхцөлд боловсролын удирдлагыг амжилттай хэрэгжүүлсэн амжилтын үр дүн юм.
Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилт зохицуулалтын газрын дарга Д.Баттогтох, Шинжлэх ухааны академийн Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Сувданцэцэг нар Францын Парис хот дахь Олон улсын Шинжлэх ухааны Зөвлөлийн харилцаа хариуцсан захирал Алисон Мэстон, удирдлага төлөвлөлтийн мэргэжилтэн Габрил Иван нартай уулзан шинжлэх ухаан, технологийн тогтолцоо, хамтын ажиллагааны талаар санал солилцож хамтран ажиллах чиглэлээ тогтлоо.
2022-2023 оны хичээлийн жилд нийслэл, орон нутгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай байгаа багш, ажилтны судалгааг нэгтгэн гаргасан. 9 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд 1187 багш дутагдаж байгаагийн 682 нь хөдөө орон нутагт, 505 нь нийслэлд байгаа бөгөөд бага анги, математик англи хэлний мэргэжлийн багш хамгийн их эрэлт хэрэгцээтэй байна. Сул орон тоонд мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны “Сул орон тоонд мэргэжлийн хүний нөөц бүрдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” А/353 дугаар тушаалыг баталсан. Энэхүү шийдвэрийн үр дүнд сул орон тоог нөхөхөөр хөдөлмөрийн зах зээлд ажил хайж байгаа багш мэргэжилтэй иргэдээс, ахмад багш нар, их дээд сургуулийн багшийг ахлах ангид хичээл заалгах зэрэг 5-6 арга хэмжээг хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтанд даалгалаа.
Цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг Монгол Улсад ашиглах суурь судалгааны ажлыг эхлүүлж, цаашид баримтлах бодлогын чиглэлийн санал боловсруулах Ажлын хэсэг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрчим хүчний сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан. Тус ажлын хэсгийн хүрээнд тайлан, мэдээлэл, урьдчилсан санал, дүгнэлт боловсруулах 19 дэд ажлын хэсэг байгуулагдсанаас Боловсрол, шинжлэх ухааны яамнаас нийт 8 ажлын хэсэгт нь ажиллаж байгаа бөгөөд “Цөмийн эрчим хүчний чиглэлээр хүний нөөцийг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөр шинэчлэх” үүрэг бүхий дэд ажлын хэсгийн явцын тайланг Эрчим хүчний дэд сайдад танилцуулсан.
ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австрали улсаас Монгол Улсад суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Эйнсли Смиттийг хүлээн авч уулзан талууд боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ТИКА Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч Эмрах Устаөмэрийг хүлээн авч уулзан ирэх онд ТИКА-тай боловсролын салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцов.
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Фэйсбүүк буюу Мета компанийн төлөөлөлтэй уулзаж Мета компанийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, цахим боловсролыг хөгжүүлэх чиглэлд хийж байгаа ажлын талаар харилцан ярилцлаа.
ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төсөл”-ийн Хамтарсан зохицуулах хорооны хоёрдугаар хурал болж “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төсөл”-ийн хэрэгжилтийн явц, орон нутгийн онцлог, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг газар дээр нь үнэлэн, төлөвлөгөөний матрицад орж буй өөрчлөлтийн талаар хэлэлцлээ.
Боловсролын салбарын ёс зүйн жилийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канад Улсын Засгийн газрын дэмжлэгээр хэрэгжүүлж буй ”Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн багтай хамтран “Төрийн албаны үнэт зүйл ба багшийн ёс зүй, жендэрийн мэдрэмжтэйгээр боловсрол олгох нь” сургалтыг Өвөрхангай аймагт танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж танхимаар 60 гаруй багш, ажилтан, цахимаар сумдын 25 сургууль, 35 цэцэрлэгийн 227 багш оролцлоо.
ЕБС-ийн ахлах ангийн сонгон судлах хичээлийг хэрэгцээ, сонирхолдоо тулгуурлан сонгосон боловч судлах нөхцөл нь бүрдээгүй сурагчдад цахим сургалтаар эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор орон даяар онлайнаар сургалт зохион байгуулах Монголын анхны “Medle” цахим сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус сургуульд 21 аймаг, 9 дүүргийн 477 сургуулийн 10 дугаар ангийн 10407 сурагч суралцаж 16 судлагдахууны 155 багш хичээл заана. Цахим сургуулийн багш, сурагчид нь Монгол орны өнцөг булан бүрээс, тодруулбал ажиллаж, суралцаж буй сургуулийн танхимаас болон гэрээсээ хичээл, сургалтад хамрагдана.
“Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгаа”-г зохион байгуулж төрийн өмчийн 682 сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа 6 настай 77,1 мянган суралцагч хамрагдсан. Судалгааны арга зүйн гарын авлагыг боловсруулж 3,5 мянган хувийг хэвлүүлэн багш нарт хүргэн судалгааны явцад хяналт үнэлгээ хийх зорилгоор 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж үнэлгээний чанарыг сайжруулах талаар зөвлөмжийг өгсөн.
Төрийн өмчийн 37 Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/345 дугаар тушаалаар шинэчлэн баталсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай” А/75 дугаар тушаалыг хуульд нийцүүлэн хүчингүй болгох талаар БШУ-ны дэд сайдын албан бичгийг хүргүүлсэн. Үүний дүнд нэг аймагт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын дунд нэг удирдах зөвлөлийн төрийн төлөөлөл байхаар баталснаар сургалтын байгууллага хоорондоо төдийгүй орон нутгийн бусад байгууллагатай хамтарч уялдаа холбоотой ажиллах боломжтой болсон.
ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
Монгол Улсын Ерөнхий сайд 9 дүгээр сарын 1-ний өдөр нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр хүчин чадлаа нэмэгдүүлсэн цэцэрлэг болон түрээсийн байртай танилцаж, Баянзүрх дүүргийн 148 дугаар сургуульд зочилсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 5-ны өдөр олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид, бэлтгэсэн багш нарт нэрэмжит шагналаа гардуулав. Олон улсын 5 төрлийн олимпиадад 23 сурагч оролцон 17 медаль хүртэж, хоёр тусгай байр эзэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч алтан медальтныг 10,0 сая, мөнгөн медальтныг 8,0 сая, хүрэл медальтныг 5,0 сая, тусгай байрын эзнийг 3,0 сая төгрөгөөр тус тус шагнав. Мөн Олимпиадыг зохион байгуулах хорооны үйл ажиллагааг дэмжиж, тус бүр 10,0 сая төгрөгийн шагнал олголоо. Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид дэлхийн тэргүүлэх 100-д багтдаг их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хамрагдах боломжтой болж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Батлан хамгаалахын Ражат Сингх нар 9 дүгээр сарын 6-ны өдөр “Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургууль”-ийн шав тавилаа. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд орчин үеийн дэвшилтэт технологиор тоноглогдсон 1200 хүүхдийн хүчин чадалтай сургууль Энэтхэг улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд баригдана.
Монгол Улсад боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” хөтөлбөрийг БШУЯ-аас хэрэгжүүлэх ба хөтөлбөрийн санхүүжилтийн гэрээнд Сангийн сайд Б.Жавхлан, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Хүүхдийг Ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн менежер бөгөөд суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар гэрээнд гарын үсэг зурсан.
Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн тайлангийн хурал болж дэд зөвлөлийн гуравдугаар улирлын төлөвлөгөөний биелэлт, Засгийн газрын тэмдэглэлд боловсролын асуудлаар тусгагдсан үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-өөс хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг хэлэлцэв.
Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2022 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо. Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан журмын шалгуурыг хангасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргаж 415 хүүхдийн нэрийг зарласан. Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийх ба амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгдэнэ.
“Бага насны хүүхдийн цогц хөгжил” арга хэмжээний баримт бичгийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг БШУ-ны сайдын 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/326 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна. “Бага насны хүүхдийн цогц хөгжил, боловсролын сүлжээ” (ECED Network Mongolia)-г Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэн явуулж буй олон улсын болон иргэний нийгмийн 21 байгууллагуудын оролцоотой байгуулан хэлэлцүүлэг хийх, загвар үйл ажиллагааг судлах, түгээн дэлгэрүүлэх боломж нөхцөлийг тодорхойлох ажлыг хийсэн.
Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 105 дугаар захирамжаар нийслэлд шинээр баригдах хотхон, хорооллын барилга, байгууламжийн төлөвлөлтөд цэцэрлэгийн барилгын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг заавал тусгасан байх талаарх барилгын холбогдох норм, дүрмийн шаардлагыг мөрдүүлэх, өмнө ашиглалтад орсон орон сууцны барилгын 1 дүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах талаарх холбогдох арга хэмжээ авах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг “Орон сууцны хороолол, барилгад хүүхдийн цэцэрлэг байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан, яамдаас санал авч нэгтгэн 9 дүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд тус тогтоолын 4, 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, яамдаас дахин санал авахаар хүргүүллээ.
Цэцэрлэгийн элсэлтийн II шатны цахим бүртгэл энэ сарын 10-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 11078 хүүхэд бүртгэгдсэн. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд өргөө гэр цэцэрлэг, түрээсийн байр, шинэ обьект худалдан авах, байгууллагын цэцэрлэг байгуулах зэрэг олон хэлбэрээр цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэн ажиллаж байна. Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах ажлуудыг хийлээ. Үүнд:
- Түрээсийн байранд 71 /7055 ор/ салбар үйл ажиллагаагаа эхэлсэн.
- Бие даасан нэг обьект /240 ор/ худалдан авч, гурван обьект худалдан авахаар ажиллаж байна.
- Орон сууцны 1 давхрын 7 талбайг /765 ор/ худалдан авч, 4 салбарыг /325 ор/ худалдан авах ажил үргэлжилж байна.
- Говь компани байгууллагынхаа дэргэд 120 хүүхдийн цэцэрлэг байгуулж хүүхдүүдээ хүлээж авсан.
Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийслэлийн захын хороод болон гэр хорооллын дунд Өргөө цэцэрлэг байгуулахаар төлөвлөсөн. Орчин үеийн шийдэл бүхий дотроо ариун цэврийн байгууламжтай, шалны халаалт бүхий гэр хэлбэртэй 4 бүлэг бүхий 120-140 хүүхдийн хүчин чадалтай эхний өргөө цэцэрлэгийг Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 271 дүгээр цэцэрлэгийн салбар бүлэг хэлбэрээр нээж ажиллуулж эхэллээ.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.3.4.1-д заасан “Боловсролын бүх түвшний /сургуулийн өмнөх, бага, дунд, мэргэжлийн болон дээд боловсрол/ сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал боловсруулна” гэсэн арга хэмжээний хүрээнд 2021 онд сурах бичгийн өнөөгийн байдлыг тодорхойлох судалгаа хийж, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын судалж буй бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрт шинжилгээ хийсэн. Түүнчлэн сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал боловсруулахад зайлшгүй хийх шаардлагатай судалгааны ажлын жагсаалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/2521 дүгээр албан бичгээр Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд хүргүүлэв. Тус хүрээлэнгээс гадаад улс орнуудын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалын бүтэц, агуулгыг харьцуулан судалсан судалгааг хийсэн байгаа бөгөөд МУИС, МУБИС, БЕГ-ын төлөөллөөр хэлэлцүүллээ.
ТАВ.САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
Боловсрол, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн 1947 байгууллага шилэн дансны тухай хуулийн дагуу https://shilendans.gov.mn/ цахим хуудаст мэдээллээ оруулж ил тод байдлыг ханган ажиллаж байна. Эдгээр байгууллагууд нь 9 дүгээр сарын байдлаар 191066 мэдээлэл оруулахаас 168342 буюу 88,0 хувийг нь оруулсан байна.
ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД
Боловсрол, шинжлэх ухааны яам, дэлхийд нэр хүнд бүхий академик мэдээллийн сан болох Springer Nature-тай хамтын ажиллагааны хүрээнд тус компанийн салбар AJE болон Research Square-тай хамтран “Өндөр чансаатай сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхэд судалгаагаа төлөвлөх нь” сэдэвт онлайн сургалтыг зохион байгуулж салбарын нийт 1000 гаруй судлаач, эрдэм шинжилгээний ажилтан хамрагдав.
Бичиг хэргийн эргэлт: 9 дүгээр сарын байдлаар байгууллага, иргэдээс яаманд хандаж 7135 хариутай бичиг, 1316 шууд бичиг, 3611 өргөдөл гомдол, нийт 12062 бичиг ирүүлсэн байна. 6916 хариутай албан бичиг, 3519 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт ирсэн бичиг, өргөдөл, гомдлын 97,1 хувийг шийдвэрлэж хариу өгсөн байна. Энэ нь өмнөх сараас 0,1 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн 219 албан бичиг, 92 өргөдөл хугацаандаа судлагдаж байна. Яамнаас байгууллага, иргэдэд хандаж 4568 албан бичиг хүргүүлсэн.
Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай яаманд нийт 1025 иргэний өргөдөл, гомдлыг хуваарилж, шилжүүлсэн байна. Үүнээс 1005 буюу 98,0 хувийг нь шийдвэрлэсэн нь өмнөх сараас 2,0 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 20 өргөдөл хугацаандаа судлагдаж байна. 11-11 төвтэй тогтмол хамтран ажиллаж шаардлагатай тохиолдолд тус төвөөс илгээсэн иргэдийг биечлэн хүлээн авч уулзан зөвлөгөө, мэдээллээр хангаж, зарим иргэдийн өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв.
Албан хэрэг хөтлөлтийн программд 8 нэр төрлийн хэвлэмэл хуудасны тохиргоог оруулж, тушаал, албан бичгийн төслийг цахимаар төлөвлөж, системд холбогдсон байгууллагуудад илгээн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг цахимаар хөтлөн явуулах бэлтгэлийг ханган ажиллаж байна. Мөн монгол бичгээр үйлдэгдэх тушаал, албан бичгийн 6 нэр төрлийн хэвлэмэл хуудсыг хэвлүүлж, албан хэргийг 10 дугаар сараас эхлэн хос бичгээр хөтлөн явуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.