БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН

 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсэг 11 дүгээр сард 3 удаа хуралдаж, Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 75, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 51 саналыг тус тус томьёолж, хэлэлцэн УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэгт хүлээлгэн өгөв. Хуулийн хэлэлцүүлэгт зориулж "Сургуулийн өмнөх боловсролын салбарын дүн шинжилгээ", "Монгол Улсын бага боловсролын салбарын судалгаа", "Бага, дунд боловсролын салбарын судалгаа", "Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт хийсэн шинжилгээ" зэрэг 7 судалгааны тайланг хэвлүүлж бэлтгэлээ.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төсөл, хуулийн төсөл, Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төсөл, хуулийн төслийг боловсруулан БШУЯ-ны цахим хуудсанд байршуулж санал авсан.

Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуулийн зарим заалтыг хасах тухай хуулийн төсөл боловсруулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яаманд хүргүүлсэн.

Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанд "Төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийг тодорхойлох, санхүүжүүлэх журам"-ыг хэлэлцүүлж батлагдсан. Тус журам батлагдсанаар эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийн судалгааны үндсэн чиглэлд тогтмол санхүүжилт олгох, улмаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт арга хэмжээтэй уялдуулан төлөвлөх, салбар дундын хамтын ажиллагаа сайжирч, салбарын материаллаг бааз, хүний нөөцийн тогтвортой байдал нэмэгдэхээс гадна эрдэм шинжилгээний байгууллагад үр дүнд суурилсан санхүүжилтийн механизмыг бий болгох боломж бүрдсэн.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/459 дүгээр тушаалаар “Сургууль, дотуур байрын орчинд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журам” батлагдсан. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажилласнаар ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчинд хүүхдийг үл хайхрах байдал, сэтгэл санааны хүчирхийлэл, үе тэнгийнхний дарамт, бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг, эрсдэлт нөхцөл байдлаас хамгаалж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах боломж бүрдэж байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны "Ахлах ангийн сонгон судлах хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай" А/460 дугаар тушаал батлагдсан. Тушаалаар ахлах ангийн сонгон судлах хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулах шалгарсан багш нарын жагсаалтыг баталсан бөгөөд тушаалын хэрэгжилтийг хангаж, зохион байгуулалт хийж багшийн хөгжлийг дэмжиж ажиллахыг Боловсролын ерөнхий газарт, систем хангамжийн найдвартай байдлыг хангаж ажиллахыг Боловсролын мэдээллийн технологийн төвд тус тус үүрэг болголоо.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/462 дугаар тушаалаар “Сургуулийн нийгмийн ажилтныг мэргэжлийн удирдлагаар хангахад баримтлах чиглэл” батлагдсан. Сургуулийн нийгмийн ажилтныг мэргэжлийн удирдлагаар хангах чиглэлийг хэрэгжүүлж ажилласнаар нийгмийн ажилтны мэргэжлийн боловсрол, мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, практик туршлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үндэсний тогтолцоо бий болж, нийгмийн ажилтнууд хамтран ажиллах, харилцан суралцах, ажлын байрандаа дадлагажих, мэргэших боломж бүрдэнэ.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/463 дугаар тушаалаар “Сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс хяналт шинжилгээ хийх заавар” батлагдсан. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хяналт шинжилгээ хийснээр тэдний бүтээлч оролцоо, хамтын ажиллагаа нэмэгдэж, үйлчилгээний чанар, үр дүнд эерэг нөлөө үзүүлэх, сургалтын орчин сайжрах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/496 дугаар тушаалаар "Салбарын албан хаагчид шагнал олгох журам" шинэчлэгдэн батлагдлаа. Журамд Боловсролын ерөнхий газар шагналд нэр дэвшигчийн материал хүлээн авах, хянах зохицуулалт болон цахим бүртгэлийн үйл ажиллагаа, мөн салбарын тэргүүн, яамны жуух бичиг, Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч шагналын дагалдах мөнгийг тодорхойлсон байгууллага гаргахаар нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/465 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори, цахим сургалтын танхим байгуулах, ашиглах нийтлэг журам”-ыг шинэчлэн баталлаа. Энэхүү журмаар хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сургалт, үйл ажиллагааг цахимаар зохион байгуулахтай холбоотойгоор танхимд зохион байгуулах сургалт, үйл ажиллагааны чиглэл болон кабинет, лаборатори, цахим сургалтын танхимд шаардагдах жижиг багаж хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнийг Засгийн газрын тогтоолоор баталсан “Ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив, түүний бүрэлдэхүүн”-ий сургалтын үйл ажиллагааны болон тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зориулалтаар батлагдсан эх үүсвэрээс холбогдох аргачлал, зааврыг баримтлан санхүүжүүлэх зэрэг харилцааг зохицууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/488 дугаар тушаалаар "Боловсролын нэгдсэн мэдээллийн систем ашиглах, мэдээллийн сан бүрдүүлэх, зохицуулах журам" батлагдсан.

Засгийн газрын 2021 оны 372 дугаар тогтоолоор баталсан "Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ"-ний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны "Сургалтын хөтөлбөр турших тухай" А/482 дугаар тушаал батлагдсан. Тус тушаалаар 2022-2023 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн V-IX ангид англи хэлний цахим сургалтын хөтөлбөрийг турших ажлыг эхлүүлэхээр зохицуулсан бөгөөд тушаалыг хэрэгжүүлснээр англи хэлний багш нарыг ажлын байранд нь хөгжүүлж, улмаар тэднийг B1-B2 хүртэлх түвшний олон улсын сертификаттай болгох бодлогын зорилтын хэрэгжилт хангагдана.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

            Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Жайка олон улсын байгууллагын ерөнхийлөгч Танака Акихикотой уулзаж хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, цаашид “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд оюутан суралцуулах, бага, дунд боловсролын чанарыг сайжруулах, сургуулийн барилга байгууламж барих, Монгол-Японы эмнэлгийг өргөжүүлэх, инженер техникийн дээд боловсрол төслийн 2 дугаар шатыг эхлүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

ЮНЕСКО-гийн Олон улсын хамтын ажиллагааны Ази, Номхон далайн Боловсролын төвөөс зохион байгуулсан 2022 SSEAM чуулга уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр оролцож, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсрол телевиз, KERIS олон улсын байгууллагатай хоёр талт уулзалт зохион байгуулсан.

            Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн Япон улсад ажиллаж Япон Улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам, ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, Үндэсний технологийн хүрээлэн буюу Коосен байгууллага байгуулагдсаны 60 жилийн хүндэтгэлийн арга хэмжээ, Хамтарсан судалгаа, бизнес түншлэл уулзалтад оролцсон.

Төрийн өмчийн бүх шатны боловсролын сургалтын байгууллага, шинжлэх ухааны байгууллагын эзэмшиж байгаа газрын талаар судалгаа гарган хяналт шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж боловсруулах ажлын хэсэг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан. Ажлын хэсгээс гарсан нэгдсэн дүгнэлт зөвлөмжийг үндэслэн Засгийн газрын тэмдэглэлийн төсөл, холбогдох танилцуулгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан.  Тэмдэглэлд: Төрийн өмчийн бүх шатны боловсролын байгууллагын эзэмшиж байгаа газраас хууль тогтоомж зөрчиж иргэн, хувийн өмчийн хуулийн этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн албан тушаалтанд зохих хариуцлага тооцох, газар эзэмших эрхийг цуцлах, газрын үнийг буцаан төлүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн газар дээр баригдсан, баригдаж байгаа иргэн, хуулийн этгээдийн барилга, байгууламж, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлж газрыг чөлөөлөх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд судалж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн засаг дарга нарт даалгасан.

 

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрт хамрагдан гадаадын их, дээд сургуульд суралцахаар явж байгаа оюутнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар үдэн гаргаж өглөө. Энэ жил эхний ээлжинд 256 оюутан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Канад Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Австралийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс зэрэг 13 орны их, дээд сургуульд суралцах юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг хүлээн авч уулзан Азийн сан болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Хамтдаа уншицгаая” төслийг цаашид төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдтэй хамтран өргөн хүрээнд хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан “Байгалийн ухаан”, “Газарзүй-Геологи”, “Анагаах ухаан”, “Нийгэм-хүмүүнлэг”, “Биологи-Хөдөө аж ахуй”, “Эдийн засаг-Бизнес”, “Технологи-Инноваци” гэсэн 7 салбар чиглэлээр залуу эрдэмтдийн “Хүрэлтогоот-2022” эрдэм шинжилгээний хурлыг 18 дахь жилдээ зохион байгууллаа. Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит грантад нийт 177 бүтээл ирснээс 77 илтгэл шалгарч хэлэлцэгдэн салбар бүрээс 2, нийт 14 бүтээлийг шалгаруулж шалгарсан бүтээлд 10,0 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн.

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Гэртээ туршья” ТББ-ын санаачилгаар "SCIENCE FAIR 2022" шинжлэх ухааны бүтээлийн уралдааныг Боловсрол, шинжлэх ухааны яам, UNICEF, Франц улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яам, Голомт банк хамтран зохион байгуулж ерөнхий боловсролын сургуулийн 5-8 дугаар ангийн сурагчид оролцлоо.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу хэрэгжиж байгаа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн үр дүнг бататгах, хамтарсан судалгааны багуудын судалгааны ажлыг Япон улсад таниулах, сайжруулахаар “Хамтарсан судалгаа-бизнес түншлэл” уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар хамтарсан судалгааг зөвхөн их сургуулиудын хооронд бус Япон-Монголын бизнесийн байгууллага, компани, хувь хүмүүсийн хоорондох хамтын ажиллагааг эхлүүлэх, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлж инноваци, бүтээгдэхүүн бий болгох, гарааны компани байгуулах, хөрөнгө оруулалт татах асуудлыг хэлэлцлээ.

Оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэднийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн газар, Монголын оюутны холбоо, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн Амын Сан хамтран “Эерэг Хандлага- Эрүүл Оюутан” сарын аян зохион байгуулсан.

Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгааг зохион байгуулж ерөнхий боловсролын 649 сургуулийн нэгдүгээр ангийн 70,033 сурагч хамрагдлаа. Үнэлгээний даалгавар 72,88 хувийн гүйцэтгэлтэй байна. Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 84,8 хувь /59382/ нь, 2021-2022 оны хичээлийн жилд цэцэрлэгийн танхимын болон зайн сургалтад хамрагдсан, 15,2 хувь /10651/ нь хамрагдаагүй ба сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийн гүйцэтгэлийн дундаж 72,88 хувь байсан бол хамрагдаагүй хүүхдийн хувьд 69,99 хувийн гүйцэтгэлтэй байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/430 дугаар тушаалаар батлагдсан "Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам" -ын дагуу төрийн өмчийн цэцэрлэгийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, үнэлгээнд дүн шинжилгээ хийлээ. Үнэлгээнд 969 цэцэрлэгийн 6238 багш хамрагдан нийт багшийн 48.9 хувьд үндсэн цалингийн 10-25 хувийн урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байна. Цаашид Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, аймаг, нийслэлийн боловсролын газар, хэлтэс, багш нарт үнэлгээний холбогдох мэдээллийг хүргүүлж, шат шатандаа багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

“ХИМИ-2022” үндэсний эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг “Шинэ сэргэлт-Химичдийн оролцоо” уриан дор ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, МУБИС, Монголын Химийн нийгэмлэг хамтран УИХ-аас баталсан “Алсын хараа 2050” урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөтөлбөрт туссан зорилтуудыг хэрэгжүүлэхэд химичдийн оролцоог тодорхойлох, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ШУТИС-ийн оюутан, залуус, эрдэмтэн багш нартай уулзаж Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны яам болон Канадын Бритиш Колумбын их сургууль хамтран ажиллах мэдэгдэл”-д Элчин сайд Я.Ариунболд болон Бритиш Колумбын их сургуулийн Олон улсын харилцаа хариуцсан дэд захирал Руми Ахмед нар гарын үсэг зурлаа. Талууд тус баримт бичигт дурдсан хамтын ажиллагааг хэрэгжүүлж Ерөнхийлөгчийн илгээлт-2100, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрүүдийн хүрээнд Бритиш Колумбын их сургуульд оюутан суралцуулах боломжийг бүрдүүлж ажиллахаар боллоо.

Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготовт Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээсэн. Академич Д.Доржготовт Боловсрол, шинжлэх ухааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хөрс судлалын шинжлэх ухаанд оруулсан  хувь нэмрийг нь үнэлж хоёр өрөө байр олгохоор шийдвэрлэлээ.

Ерөнхий сайдын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 105 дугаар захирамжаар нийслэлд шинээр баригдах хотхон, хорооллын барилга, байгууламжийн төлөвлөлтөд цэцэрлэгийн барилгын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг заавал тусгасан байх талаарх барилгын холбогдох норм, дүрмийн шаардлагыг мөрдүүлэх, өмнө ашиглалтад орсон орон сууцны барилгын 1 дүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах талаарх холбогдох арга хэмжээ авах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Орон сууцны хороолол, цогцолбор барилгад хүүхдийн цэцэрлэг байгуулах талаар авах арга хэмжээний тухай” 402 дугаар тогтоол батлагдсан. Үүний дүнд хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд цэцэрлэгийн барилга байгууламжийг холбогдох хот байгуулалтын норм, дүрмийн шаардлагыг хангуулах, тусгасан эсэхийг хянаж, барилга байгууламжийн газар олголт, барилгажилтын төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг төслийг баталгаажуулахад цэцэрлэгийн барилга байгууламжийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг холбогдох норм, дүрмийн дагуу тусгуулж, хэрэгжилтийг хангах эрх зүйн орчин бүрдлээ.

“Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний стандарт”-ын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулж төрийн болон төрийн бус өмчийн 78 сургууль, цэцэрлэгийн удирдлага, хоол зүйч, эмч, дотоод хяналтын ажилтнууд танхимаар, 317 сургууль, цэцэрлэгийн төлөөлөл цахимаар оролцлоо. Энэхүү стандарт батлагдсанаар сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний төлөвлөлт, зохион байгуулалт, барилга байгууламж, тоног төхөөрөмж, хүний нөөц, технологи, үйлчилгээнд тавигдах шаардлага тодорхой болно.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Мөнх тэнгэрийн бичиг-2022” үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МҮОНРТ, Боловсролын ерөнхий газар, “Чингис хаан” музей, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Монголын урчуудын эвлэл, “Бичиг соёл” төв хамтран зохион байгуулж шилдэг бүтээлүүдийг шалгаруулан шагнал гардууллаа.

Засгийн газрын 2018 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний инновацийн шагнал олгох журам”-ын дагуу “Үндэсний инновацийн шагнал”-ыг Монгол Улсад шинэ мэдлэг, технологийг зах зээлд нэвтрүүлсэн шинийг санаачлагч, зохион бүтээгч, инноватор, энтрепренерүүдийн үйл ажиллагаа, санаачилгыг дэмжих, шинэ технологи, инновацийг хөгжүүлэх зорилгоор 2 жилд тутамд “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний шилдэг инноваци” гэсэн хоёр төрлөөр шалгаруулан тус бүр 30,0 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгодог. Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар "Үндэсний инновацийн шагнал олгох тухай" Засгийн газрын тогтоол батлагдан “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”-ий шагналыг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын “Төвөөс зугтах хүчний шахуурга” бүтээлд, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” шагналыг “Гэрэгэ дижитал технологи” компанийн “Зэв дижитал музей” бүтээлд тус тус олгохоор шийдвэрлэсэн.

“Монгол бахархалын өдөр”-ийг тохиолдуулан Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ойн хүрээнд үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг судалж, хойч үедээ өвлүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Хэнтий аймгийн Дадал суманд Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэн, Ерөнхийлөгчийн тамгын газар, Хэнтийн аймгийн Тамгын газар хамтран “Тэмүжин чингис хааны түүхт Ононы дэлүүн болдог” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулсан.

“Дэлхийн ур чадвар-2022” 46 дахь удаагийн тэмцээнд Монголын баг 7 төрөлд оролцож өрөг угсралтын мэргэжлээр Барилгын политехник коллежийн суралцагч О.Наранбаатар дэлхийн стандарт хангасан сайн гүйцэтгэлтэй буюу “Medallion for excellence” шагнал хүртлээ.

Монгол Улсын Засгийн газраас баталсан "Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Монголын оюутны холбоотой хамтран МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС, ХААИС-ийн "Оюутан-цэрэг"-т хамрагдсан 313 оюутан, залуусыг оролцуулсан "Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд оюутан залуусын ёс суртахууны манлайлал" чуулга уулзалтыг зохион байгуулав.

 

ТАВ.САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг УИХ-ын чуулганы 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд боловсрол, шинжлэх ухааны салбарт нийт 2687.4 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 4.9 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын 13.2 хувьтай дүйцэх хөрөнгийг зарцуулахаар төлөвлөлөө. Урсгал зардлын хувьд 2022 оны батлагдсан төсвөөс хүүхдийн тооны өсөлтөөс хамаарсан санхүүжилт, мэргэжлийн боловсролын байгууллагын суралцагчдад төгсөхөд нь нэг удаа олгох тэтгэмж, шинжлэх ухааны салбарын төсвийн шинэчлэлийг эхлүүлэхтэй холбоотой эрдэм шинжилгээний ажлын зардал тус тус нэмэгдэж нийт 2158.1 тэрбум төгрөгөөр батлагдсан.

2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын талаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн үр дүнг сайжруулах зорилгын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2023 оны улсын төсөвт зөвхөн шилжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг тусгах, цаашид бэлтгэл ажил хангагдсаны үндсэн дээр 2024 оноос шинэ хөрөнгө оруулалтыг эрэмбэлж төсөвт тусгах зарчмыг баримтлан УИХ-д төсвийн төслийг өргөн мэдүүлж, батлуулсан.

2023 онд боловсрол, шинжлэх ухааны салбарт 399 төсөл, арга хэмжээг үргэлжлүүлэн 2023-2024 онд хэрэгжүүлж бүрэн дуусгахаар нийт 529.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөв батлагдсан бөгөөд үүнд 361 хөрөнгө оруулалт, 21 их засвар, 16 тоног төхөөрөмж, 1 ТЭЗҮ төсөл, арга хэмжээ байна. Төсөл, арга хэмжээг зориулалтаар нь авч үзвэл 133 цэцэрлэгийн барилга, 132 сургуулийн барилга, 13 цогцолбор, 44 дотуур байр, 21 спорт заал, 8 боловсрол, 5 шинжлэх ухаан, их дээд сургуулийн барилга байгууламжийн зориулалттай барилга байна. Шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэхгүй, өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтаа дуусгах бодлого барьснаар 2023 онд нийт төсөл арга хэмжээний 78 хувийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Үүнд: 86 сургууль, 36 дотуур байр, 103 цэцэрлэг багтсан.

Монгол улсын Засгийн газрын 91 дүгээр тогтоолд заасан нөхөн хангалтын зардлыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/452 дугаар тушаалын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын 680 сургуульд 33.3 тэрбум төгрөг, 955 цэцэрлэгт 2.0 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зардлыг хуваарилж зохион байгуулалтын арга хэмжээ авах чиглэл, удирдамжийг хүргүүлсэн.

Шилэн дансны цахим системд Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын 1994 байгууллагын мэдээг сар бүр оруулж байгаа бөгөөд эдгээр байгууллагуудын шилэн дансны гүйцэтгэлд шинжилгээ хийж, зарим байгууллагуудын удирдлага, санхүүгийн албан хаагчдад зөвлөгөө өгч, үр дүнгийн талаарх тайлан, мэдээллийг хүлээн авсан. Сайдын багцын хэмжээнд гүйцэтгэл 89.7 хувь байгаа бөгөөд, тус системд 215687 мэдээлэл оруулахаас 210546 мэдээллийг оруулсан буюу 97.6 хувийн гүйцэтгэлтэй болж өмнөх сараас өссөн үзүүлэлттэй байна. 

 

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран "Авлигын эсрэг сургалт"-ыг цахимаар зохион байгуулж БШУЯ-ны 50 албан хаагч болон яамны харьяа 129 байгууллагын төсвийн шууд захирагч, албан хаагчид оролцлоо.

Байгууллага, иргэдээс яаманд хандаж 8343 хариутай бичиг, 1530 шууд бичиг, 3919 өргөдөл гомдол, нийт 13792 бичиг ирүүлсэн бөгөөд 8091 хариутай албан бичиг, 3848 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт ирсэн бичиг, өргөдөл, гомдлын 97,3 хувийг шийдвэрлэж хариу өгсөн байна. Мөн 252 албан бичиг, 71 өргөдөл хугацаандаа судлагдаж байна. Яамнаас байгууллага, иргэдэд хандаж 5615 албан бичиг хүргүүлэн яаманд ирсэн болон явуулсан нийт 19407 албан бичиг, өргөдөл, гомдлыг албан хэрэг хөтлөлтийн программд бүртгэлээ.

Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай яаманд нийт 1171 иргэний өргөдөл, гомдлыг хуваарилж, шилжүүлсэн бөгөөд үүнээс 1143 буюу 97,6 хувийг нь шийдвэрлэж, 28 өргөдөл хугацаандаа судлагдаж байна.