ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

A- A A+
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

Их, дээд сургуулийн багш, судлаач, суралцагчдын төгсөлтийн ажил, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн хуулбарлалт шалгах, хуулбарлалтын хувь хэмжээг тогтоох замаар судлаачийн ёс зүйг төлөвшүүлэх зорилгоор “Бүтээлийн хуулбарлалт шалгах үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын төслийг боловсруулсан болно.

БҮТЭЭЛИЙН ХУУЛБАРЛАЛТ ШАЛГАХ

ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ (ТӨСӨЛ)

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь их, дээд сургуулийн багш, судлаач, суралцагчдын төгсөлтийн ажил, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн хуулбарлалт шалгах, хуулбарлалтын хувь хэмжээг тогтоох, Монгол Улсын хэмжээнд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн нэгдсэн мэдээллийн санг бий болгохтой холбоотой  харилцааг зохицуулахад оршино.

1.2. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий дээд боловсролын сургалтын байгууллага нь энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.3. Зохиогчийн эрхийн тухай хуулийн зөрчлийг энэхүү журмаар зохицуулахгүй.

Хоёр. Нэр томьёоны тайлбар

 2.1. Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

 2.1.1. “Бүтээлийн хуулбарлалт” гэж эх сурвалж (зохиогчийг), цахим холбоосыг дурдалгүйгээр, эшлэл, зүүлт хийхгүйгээр хэн нэгний цаасан болон цахим хэрэгсэлд нийтэлсэн агуулга, тодорхойлолт, тоо баримт, бичвэрийг ашигласан, бусдын дэвшүүлсэн санааг хуулбарласан, өмнө бичсэн өөрийн бүтээлийн бичилтийг дахин ашигласан үйлдлийг, эшлэл, зүүлт хийсэн тохиолдолд эшлэл, зүүлтийн хэмжээ нь тогтоосон хэмжээнээс хэтэрснийг болон зохиомол эх сурвалжийг дурдахыг хэлнэ;

 2.1.2. “Бүтээл ба бүтээлийн төрөл” гэж сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд бичигдэж байгаа бакалавр, магистрын төгсөлтийн ажил, эрдэм шинжилгээний өгүүлэл, докторын диссертацийн ажлыг хэлнэ;

2.1.3. “Бүтээлийн зохиогч” гэж сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд бичигдэж байгаа болон бакалавр, магистрын төгсөлтийн ажил, эрдэм шинжилгээний өгүүлэл, докторын диссертацийн ажлыг бичиж турвисан суралцагч, багш, судлаач, профессорыг хэлнэ;

2.1.4. “Мэдээллийн сан” гэж суралцагч, багш, судлаач, профессорын бичсэн бакалавр, магистрын төгсөлтийн ажил, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн нэгдсэн мэдээллийг санг хэлнэ;

2.1.5. “Бүтээлийн хуулбарлалт шалгах” гэж бүтээл хуулбарлалт шалгах программын тусламжтайгаар бүтээлийн цахим хувилбарыг мэдээллийн санд хадгалагдаж буй бусад бүтээлтэй харьцуулан агуулгын давхцал байгаа эсэхийг тогтоохыг хэлнэ;

2.1.6. “Давхцалын хувь” гэж бүтээлийн төрөл тус бүрээр энэхүү журмаар тогтоосон хувиас хэтэрсэн хуулбарлалт, эшлэл, зүүлтийн хэмжээг хэлнэ.

Гурав. Бүтээл хуулбарлалт шалгах үйл ажиллагааны зохион байгуулалт

3.1. Дээд боловсролын сургалтын байгууллага нь өөрийн сургуулийн профессор, багш, судлаач, суралцагчдын бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бакалавр, магистрын төгсөлтийн ажил, боловсролын докторын диссертацийн ажлыг хамгаалалтад оруулахаас өмнө бүтээлийн хуулбарлалт байгаа эсэхийг илрүүлэн давхцалын хувь хэмжээг тогтоох үйл ажиллагааг хариуцан зохион байгуулна.

3.2. Дээд боловсролын сургалтын байгууллага нь бүтээл хуулбарлалтын программ хангамжийн сонголт, худалдан авалт, түүний ашиглалтыг хариуцна.

3.3. Дээд боловсролын сургалтын байгууллагын номын сан нь бүтээлийн хуулбарлалтын программ хангамжийн үйлчилгээ, ашиглалттай холбоотой үйл ажиллагааг хариуцаж, сургуулийн мэдээллийн санг үүсгэх, сангийн баяжуулалт хийх ажлыг зохион байгуулна.

3.4. Монгол Улсын хэмжээнд бакалавр, магистрын төгсөлтийн ажил, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэх, баяжуулалт хийх ажлыг ... /байгууллагын нэр оруулах, тухайлбал, Боловсролын ерөнхий газар/ хариуцна.

3.5. Бакалавр, магистрын төгсөлтийн ажил, докторын диссертацийн ажлын давхцалын хувь хэмжээг “Удирдагчийн тодорхойлолт”-д бичиж, хамгаалуулах зөвлөлд нотлох баримтын хамт танилцуулна.

3.6. Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтээлийн давхцалын хувь хэмжээг энэхүү журмын 3.8.1-т зааснаас илүүгүй байх шаардлагыг холбогдох редакцын зөвлөл хангуулна.

3.7. Бүтээлийн хуулбарлалтыг олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний мэдээллийн сан, магистр, докторын судалгааны ажлын мэдээллийн сан болон бусад нээлттэй эх үүсвэрээс шалгана.

3.8. Их, дээд сургуулийн багш, судлаач, суралцагчдын төгсөлтийн ажил, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн давхцалын хувь дор дурдсан хувь хэмжээнээс хэтрэхгүй байна.

3.8.1. Эрдэм шинжилгээний өгүүлэл                             40%

3.8.2. Бакалавр, магистрын төгсөлтийн ажил             25%

3.8.3.  Докторын диссертацийн ажил                           0%

3.5. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь төгсөгчийн дипломын дугаарыг дээд боловсролын сургалтын байгууллагаас ирүүлсэн бүтээл хуулбарлалтыг шалгасан, давхцалын хувь хэмжээг тогтоосныг нотлох баримтат үндэслэн олгоно.

3.6. Бүтээл хуулбарлалтыг шалгасан, давхцалын хувь хэмжээг тогтоосныг нотлох баримтыг буюу дүгнэлтийг тухайн дээд боловсролын сургалтын байгууллагын номын сан олгоно.

Дөрөв. Бусад

4.1. Бүтээл хуулбарлах үйл ажиллагаатай холбоотой номын сангийн зардлыг бүтээл хуулбарлалт шалгах ажил үйлчилгээний хураамжаас санхүүжүүлнэ.

4.2. Бүтээл хуулбарлалт шалгах ажил үйлчилгээний хураамжийн үнийг тухайн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөл тогтооно.

4.3. Бүтээл хуулбарлалтыг шалгасан, давхцалын хувь хэмжээг тогтоосныг нотлох баримт, дүгнэлтийг 10 жилийн хугацаатай архивт хадгална.

4.4. Бүтээлийн хуулбарлалттай холбоотой гомдол саналыг дээд боловсролын сургалтын байгууллагын эрдэм шинжилгээний асуудал хариуцсан нэгж хянан шийдвэрлэнэ.

4.5. Их, дээд сургуулийн багш, судлаач, суралцагчдын төгсөлтийн ажил, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн давхцалын хувь энэхүү журамд зааснаас их байх нөхцөлд эрдэм шинжилгээний өгүүллийг нийтлэх, бакалавр, магистрын төгсөлтийн ажлыг тооцох, боловсролын докторын диссертацийн ажлыг хамгаалалтад оруулахыг хориглоно.

4.3. Бүтээл хуулбарлалтын программаар бүтээлээ шалгуулан энэхүү журмын 3.8-д заасан шалгуурыг хангаж чадаагүй бүтээлийн зохиогч бүтээлээ сайжруулан бүтээл хуулбарлалтын программаар дахин шалгуулах эрхтэй болно.

---o0o---

Саналаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар /шинжээч О.Оюунбилэг/-т oyunbilegoirov@mecs.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.