БОЛОВСРОЛЫН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

A- A A+
БОЛОВСРОЛЫН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

БОЛОВСРОЛЫН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН

ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

 

Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны “Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекс шинэчлэн батлах тухай” А/160 дугаар тушаалд тус тус үндэслэн “Боловсролын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийн төслийг шинэчлэн боловсруулаад байна.

Дүрмийн төсөлд боловсролын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн түшиглэх их сургууль болон зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг шинэчлэн, зөвлөлийн гишүүдийн тооны дээд, доод хязгаарыг тодорхой болгон, боловсролын докторын зэрэг горилогчийн судалгааны ажлыг бүтээл хуулбарлалтын программаар шалгуулах зэрэг зохицуулалтыг нэмж тусгав. 

Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтын дагуу дүрмийн төслийг Боловсрол, шинжлэх ухааны яамны цахим хуудаст санал авахаар байрлуулав. Дүрмийн төсөлтэй танилцан саналаа Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газарт (oyunbilegoirov@mecs.gov.mn) ирүүлнэ үү.

 

БОЛОВСРОЛЫН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ (ТӨСӨЛ)

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Боловсролын докторын зэрэг хамгаалуулах зөвлөл (цаашид “зөвлөл” гэх)-ийн чиг үүрэг, зөвлөлийн түшиглэх их сургууль, бүрэлдэхүүнд, үйл ажиллагаа, зөвлөлийн хуралдааны дэг, докторын зэрэг горилогчийн (цаашид “горилогч” гэх) докторын зэргийн судалгааны ажилд тавигдах шаардлагыг тогтоох, зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.

1.2. Зөвлөлийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гурван жилийн хугацаагаар байгуулна.

1.3. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/160 дугаар тушаалаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекс” дэх “төрөлжсөн чиглэл”-ийг баримтлан судалгааны чиглэлийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ. Батлагдсан судалгааны чиглэл тус бүрд зөвхөн нэг зөвлөл байна.

1.4. Зөвлөлийг дараах шаардлага хангасан их сургуульд түшиглэн (цаашид “түшиглэсэн их сургууль” ) байгуулна. Үүнд:

1.4.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухайн шинжлэх ухааны чиглэлээр докторын түвшний сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байх;

1.4.2. Докторын түвшний сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 3 жилээс багагүй байх;

1.4.3. Тухайн судалгааны чиглэлээр сургалт, судалгааны ажил гүйцэтгэдэг бие даасан тэнхимтэй байх;

1.4.4. Тухайн судалгааны чиглэлээр орон тооны үндсэн багшийн тоо бусад сургуультай харьцуулахад их байх.

1.5. Зөвлөлийн бүрэлдэхүүн болон зөвлөлийн түшиглэх сургуулийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 3 жил тутам шинэчлэн батална.

1.6. Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан хүргүүлэх, зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх саналыг өгөх, докторын дипломын дугаар олгохтой холбоотой албан харилцааг түшиглэсэн сургуулийн хэвлэмэл хуудас, захирлын гарын үсэг, тамгатай албан бичгээр дамжуулан хэрэгжүүлнэ.

1.7. Түшиглэсэн сургууль нь зөвлөлийн гишүүдийн мэдээллийг Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системийн мэдээллийн санд жил бүрийн 10 дугаар сарын 25-ны дотор оруулна.

1.8. Түшиглэсэн сургууль нь зөвлөлийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөлийг бүрдүүлнэ.

 

Хоёр. Зөвлөлийн бүрэлдэхүүн, тавигдах шаардлага

2.1. Зөвлөл нь дараах шаардлагыг хангасан 7-оос багагүй 15-аас ихгүй эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:

2.1.1. Тухайн судалгааны чиглэлээр 7 болон түүнээс дээш үндсэн орон тооны докторын зэрэгтэй багштай байх;

2.1.2. Сүүлийн гурван жилд олон улсын шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд нэгээс доошгүй, хянан магадалгаа хийгддэг дотоод, гадаадын эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлд хоёроос доошгүй өгүүллийг нэгдүгээр зохиогч, эсвэл холбоо баригч зохиогчоор хэвлүүлсэн байх;

2.1.3. Cүүлийн 5 жилийн хугацаанд 2-оос дээш горилогчийг удирдаж докторын зэрэг хамгаалуулсан туршлагатай байх;

2.2. Зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн бүрэлдэхүүнтэй байна.

2.3. Төрийн өмчийн зарим их сургуулийг (Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол улсын Боловсролын их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл, урлагийн их сургууль) түшиглэсэн зөвлөлийн бүрэлдэхүүнийг Дундын Удирдах зөвлөлийн шийдвэрээр батална.

2.4. Хувийн өмчийн сургуулийг түшиглэсэн сургуулийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сургуулийн саналыг нягтлан боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2.5. Зөвлөлийн даргыг түшиглэсэн сургуулийн төлөөллөөс боловсролын эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

2.6. Зөвлөлийн орлогч даргыг түшиглэсэн сургуулиас өөр байгууллагын төлөөллөөс зөвлөлийн хуралдаанаар гишүүдийн дунд ил санал хураалтаар сонгоно.

2.7. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь түшиглэсэн сургуулийн тэнхимийн эрхлэгч, профессорын багийн ахлагч байна. Тэнхимийн эрхлэгч, профессорын багийн ахлагч  энэхүү дүрмийн 2.1.1, 2.1.2 болон 2.1.3-т заасан шаардлагыг хангахгүй тохиолдолд түшиглэсэн сургуулийн шаардлага хангасан багш, эрдэмтнийг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилно.

2.8. Зөвлөл нь горилогчийн суралцаж буй чиглэл, судалгааны ажлын сэдвийн онцлогийг харгалзан санал өгөх эрхтэй хоёр хүртэл эрдэмтнийг зөвлөлийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нар зөвлөлдөн томилж болно.

2.9. Нэг байгууллагын төлөөлөл зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгээс дээшгүй байна.

2.10. Хамгаалуулах зөвлөлийн гишүүн нэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллана.

2.11. Зөвлөлийн бүрэлдэхүүнд гадаадын эрдэмтнийг оруулах хүсэлтийг түшиглэсэн сургуулиас гаргаж болно.

2.12. Дор дурдсан хүндэтгэн үзэх шалтгаанаар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна. Үүнд:

2.12.1. Эрүүл мэндийн шалтгааны улмаас үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон.

2.12.2. Гадаад улсад урт хугацаагаар амьдарч, ажиллах болсон.

2.12.3. Ажил, албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдсөн.

2.12.4. Нас барсан.

2.12.5. Өөрийн хүсэлтээр зөвлөлийн бүрэлдэхүүнээс гарах өргөдөл гаргасан.

2.13. Ёс зүйн зөрчил гаргасан болон гэмт хэрэг үйлдсэн нь холбогдох байгууллага, ёс зүйн хороогоор хэлэлцүүлж нотлогдсон тохиолдолд зөвлөлийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг хугацаанаас нь өмнө чөлөөлнө.

Гурав. Зөвлөлийн чиг үүрэг,  үйл ажиллагаа

3.1. Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.1.1. Зөвлөл нь горилогчийн бичсэн докторын зэргийн судалгааны ажлыг (цаашид “судалгааны ажил” гэх) мэргэжлийн түвшинд хэлэлцэж, дүгнэлт гаргах;

3.1.2. Судалгааны ажлын хамгаалалттай холбоотой асуудлаар горилогчид зөвлөгөө, мэдээлэл өгөх;

3.1.3. Горилогчийн бичсэн судалгааны ажил боловсролын докторын зэрэг олгох шалгуурт нийцэж байгаа эсэхийг тогтоох;

3.1.4. Докторын зэрэг олгох шийдвэрийг гаргах, докторын зэрэг олгох;

3.1.5. Бусад докторын зөвлөлд хамгаалагдсан судалгааны ажлын талаар нэмэлт, дүгнэлт гаргах;

3.1.6. Докторын зэрэг олгох асуудлаар гаргасан гомдлыг хэлэлцэн санал дүгнэлт гаргах;

3.1.7. Зөвлөлийн үйл ажиллагаа болон тухайн зөвлөлөөр хэлэлцүүлэн хамгаалсан судалгааны ажлын агуулгад дүн шинжилгээ хийх.

3.2. Зөвлөл үйл ажиллагаандаа ил тод байдлыг хангаж ажиллана. Зөвлөл нь судалгааны ажлын сэдэв, горилогчийн талаарх мэдээлэл, хуралдааны зарыг түшиглэсэн сургуулийн цахим хуудсанд байршуулна.

3.3. Горилогчийн хүсэлт, зөвлөлийн бүрэлдэхүүний дийлэнх олонхын зөвшөөрснөөр судалгааны ажлыг англи хэлээр бичүүлж, хамгаалалтыг англи хэл дээр явуулж болно.

3.4. Зөвлөл нь урьдчилсан хамгаалалтын шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд хоёр шүүмжлэгчийг томилно.

3.4.1. Докторын судалгааны ажлыг шүүмжлэгчид хүргэх ажлыг зөвлөлийн нарийн бичгийн дарга зохион байгуулна.

3.4.2. Шүүмжлэгч ажлын 10 хоногт багтаан тухайн горилогчийн судалгааны ажлын шүүмжийг бичгээр зөвлөлд хүргүүлнэ.

3.4.3. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь шүүмжийг авсан өдөртөө багтаан горилогч болон удирдагч багшид тус тус хүргүүлнэ.

3.5. Зөвлөлийн нарийн бичгийн дарга хуралдааны зарыг дараах байдлаар хүргэнэ.

3.5.1. Зарыг докторын зэргийн хамгаалалт болохоор товлогдсон өдрөөс ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө өдөр тутмын хэвлэлд нийтлүүлнэ. Зарыг нийтлэхтэй холбогдох зардлыг горилогч хариуцна.

3.5.2. Зарыг докторантын суралцаж буй сургууль болон зөвлөлийн түшиглэсэн сургуулийн цахим хуудсанд тус тус байршуулна.

3.6. Зөвлөлийн нарийн бичгийн дарга докторын зэргийн хамгаалалт болохоор товлогдсон өдрөөс ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд горилогчийн судалгааны ажил болон холбогдох материалыг хүргэсэн байна.

3.7. Зөвлөлийн дарга, орлогч нь горилогчийн судалгааны ажлыг оюуны бүтээл хуулбарлалтын программаар шалгуулан 20 хувь болон түүнээс бага тохиолдолд өөрийн бүтээлд тооцсон тухай лавлагаа, дүгнэлтийг холбогдох байгууллагаас гаргуулан авна.

3.8. Зөвлөлийн нарийн бичгийн дарга горилогчоос дараах материалыг биет болон цахим хэлбэрээр хүлээн авна.

3.8.1. Горилогчийн судалгааны ажлыг зөвлөлд хүргүүлэх тухай суралцаж буй сургуулийн захирлын гарын үсэг бүхий албан бичиг;

3.8.2. Горилогчийн өргөдөл;

3.8.3. Горилогч докторын түвшний сургалтын хөтөлбөрт элссэн болон шилжилт хөдөлгөөн хийснийг гэрчлэх баримт бичиг;

3.8.4. Судалгааны ажлын сэдэв, дизайныг хэлэлцүүлсэн тэнхимийн хурлын тэмдэглэл, сэдэв, дизайныг баталсан болон удирдагч томилсон шийдвэр;

3.8.5. Горилогчийн магистрын зэргийг гэрчлэх диплом, дипломын хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

3.8.6. Сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлүүдийн дүн, зохих багц цаг цуглуулсныг нотолсон тодорхойлолт;

3.8.7. Тэнхимийн болон өргөтгөсөн хэлэлцүүлгийн тэмдэглэлүүд;

3.8.8. Зөвлөлийн гишүүдийн тоогоор хэвлүүлсэн судалгааны ажил болон цахим эх;

3.8.9. Горилогчийн судалгааны ажлыг хамгаалалтад оруулахад бэлэн болсныг тодорхойлсон удирдагчийн дүгнэлт;

3.8.10. Судалж буй чиглэлээр олон улсын шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй болон хянан магадалгаа хийгддэг эрдэм шинжилгээний дотоод, гадаадын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг биет байдлаар хавсаргасан байна.

3.9. Зөвлөл нь горилогчийн өргөдлийг дараах шаардлага хангаагүй тохиолдолд буцаана. Үүнд:

            3.9.1. Энэхүү дүрмийн 3.8-т заасан материалын бүрдэл дутуу байх;

3.9.2. Горилогчийн суралцсан сургалтын хөтөлбөр нь тухайн зөвлөлийн хамгаалуулах чиглэл, хөтөлбөрийн индексээс зөрүүтэй байх;

3.9.3. Горилогч хамгаалж буй сэдвийн дагуу олон улсын шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор хэвлүүлсэн нэгээс доошгүй өгүүлэл эсвэл хянан магадлагаа хийгддэг эрдэм шинжилгээний дотоод, гадаадын мэргэжлийн сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор 3 түүнээс доошгүй өгүүлэл хэвлүүлээгүй байх;

3.10. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зөвлөлийн хуралдааны аудио, видео бичлэг хийж, протокол хөтөлнө.

3.10.1. Зөвлөлийн хуралдааны протоколд хуралдаан болсон он сар, сар, өдөр, газар, байршил, хуралдаан эхэлсэн, дууссан цаг, минут, хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний нэр, ирээгүй гишүүдийн шалтгаан, ирцийн хувь, шүүн хэлэлцсэн судалгааны ажлын сэдэв, хуралдааны асуулт, хариулт, шийдвэрийн талаар дэлгэрэнгүй, тодорхой тусгасан байна.

3.10.2. Протоколд зөвлөлийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нар тус тус гарын үсэг зурж баталгаажуулна.

3.10.3. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хуралдааны протоколыг түшиглэсэн сургуулийн ахисан түвшний сургалт эрхэлсэн нэгжид хуралдаан болсноос хойш ажлын 10 хоногт багтаан хүлээлгэн өгч, зохих журмын дагуу цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлж, түшиглэсэн сургуулийн архивд хадгалуулна.

3.11. Зөвлөлийн хуралдааныг цахимаар зохион байгуулж болох бөгөөд цахимаар оролцогчид нь зөвлөлийн хуралдаанд оролцогчдын 30 хувиас хэтрэхгүй байна.

3.11.1. Зөвлөлийн хуралдаанд цахимаар оролцох тохиолдолд тухайн гишүүнийг хуралдаанд оролцсонд тооцож, ирцийг бүртгэнэ.

3.11.2. Тухайн гишүүн саналаа зөвлөлийн даргад цахим шуудангаар өгнө. Зөвлөлийн дарга саналыг санал хураалтад оруулна.

Дөрөв. Зөвлөлийн хуралдааны дэг

4.1. Зөвлөлийн урьдчилсан болон жинхэнэ хуралдааныг гишүүдийн 75 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр зохион байгуулна.

4.2. Зөвлөлийн урьдчилсан болон жинхэнэ хуралдааныг зөвлөлийн дарга удирдана.

4.3. Зөвлөлийн дарга, орлогч дарга хоёулаа эзгүй тохиолдолд Зөвлөлийн хуралдаан хийхийг хориглоно.

4.4. Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг энэхүү дүрмийн хавсралтаар баталсан саналын хуудасны дагуу нууц санал хураалтаар авч дүнг нэгтгэнэ. Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүдийн 75 хувь ба түүнээс дээш хувийн дэмжсэн санал авсан тохиолдолд уг судалгааны ажлыг хамгаалсанд тооцно.

4.5. Зөвлөлийн хуралдаанд оролцолгүйгээр санал өгөх, хуралдаанд ирсэн боловч санал хураалтаас өмнө урьдчилж санал өгөхийг тус тус хориглоно.

4.6. Зөвлөлийн хуралдаанаас тогтоол гаргана.

4.7. Зөвлөлийн хуралдааны дор дурдсан дэгийн дагуу зохион байгуулна:

4.7.1. Зөвлөлийн дарга хуралдааныг нээж, хэлэлцэх асуудлыг танилцуулна;

4.7.2. Зөвлөлийн нарийн бичгийн дарга горилогчийг танилцуулна;

4.7.3. Горилогч докторын зэрэг горилох судалгааны ажлынхаа үндсэн үр дүнг товч илтгэнэ;

4.7.4. Зөвлөлийн гишүүд горилогчид асуулт тавьж, хариулт авч, мэтгэлцэнэ;

4.7.5. Зөвлөлийн гишүүд санал, дүгнэлт хэлнэ;

4.7.6. Тооллогын комиссыг сонгон батална;

4.7.7. Тооллогын комисс гишүүдэд саналын хуудас тарааж санал хураана;

4.7.8. Тооллогын комисс нууц санал хураалтын дүн, тогтоолын төслийг танилцуулна;

4.7.9. Тооллогын комиссын саналыг үндэслэн горилогчийн судалгааны ажлын талаарх дүгнэлтийг баталсан шийдвэр буюу хуралдааны тогтоолыг батална;

4.7.10. Зөвлөлийн дарга хуралдааныг хаана.

4.8. Хамгаалалт амжилтгүй болсон тохиолдолд дахин нэг удаа хамгаалах эрх олгож, хуралдааныг 6 сарын дотор дахин зохион байгуулах товыг тогтоосон хуралдааны тогтоол гаргана. Энэ тохиолдолд дараагийн хуралдаантай холбоотой гарах бүх зардлыг докторын зэрэг горилогч хариуцна.

 

 

---оОо---