БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН

 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсэг Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 75, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 57 саналын томьёоллыг тус тус нягталж, хуулийн төслийн суурь үзэл баримтлал, хуулиар зохицуулахаар тусгагдсан онцлог харилцаа, хууль батлагдсанаар хүлээгдэж буй үр дүнгийн талаар мэдээлэл бэлтгэж Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны ажлын хэсэгт хүлээлгэн өгөв. Мөн хуулийн төсөлд туссан зарим зүйл, заалтуудад тайлбар, хуулийн төсөлд тусгагдсан зүйл, хэсэг, заалтууд нь хүний сурч боловсрох эрхийг хангасан эсэхэд ЮНЕСКО-оос гаргасан 4А хүрээг ашиглан шинжилгээ хийлээ.

Засгийн газрын хуралдаанаар “Цөмийн төхөөрөмж, цацрагтай холбогдолтой үйл ажиллагаанаас үүсэх хаягдлын аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг хэлэлцэж, батлагдлаа.

Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих  журам”-ыг хэлэлцэн, баталсан. Журам батлагдсанаар гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бэхжих, шинжлэх ухааны судалгаа хөгжүүлэлтийн чанар үр дүн дээшилж, санхүүгийн сахилга, хариуцлагын тогтолцоо сайжрахын зэрэгцээ Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан сангийн хөрөнгийг захиран зарцуулах 6 арга хэмжээг бүрэн, цогц байдлаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.

Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардлыг 2023 оны улсын төсөвт багтаан шийдвэрлэх боломжийг судлан танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Сангийн яаманд даалгасан. Уг ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байранд амьдарч буй суралцагчийн хоолны норматив зардлыг нэмэгдүүлэх боломжийг судлан Сангийн яамтай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанд танилцуулсан. Хуралдаанаар мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байрын нэг суралцагчийн хоногийн хоолны зардлыг 4300 төгрөг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын ахлах ангийн нэг хүүхдийн хоолны зардлыг 4300 төгрөг, бага, дунд ангийн нэг хүүхдийн хоолны зардлыг 4000 төгрөгөөр тогтоож Засгийн газрын тогтоол батлагдсан.

Засгийн газрын 2022 оны 433 дугаар тогтоолоор Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулахаар шийдвэрлэсэн.

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 12 дугаар сарын 28 -ны өдрийн А/571, А/637, А/218 дугаар хамтарсан тушаалаар “Нялх балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр” батлагдсан.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн "Түр журам батлах тухай" А/514 дүгээр тушаалаар “Ахлах ангийн сонгон судлах хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулах түр журам”-ыг баталсан. Уг тушаалаар цахим сургалт зохион байгуулахаар шалгарсан багш нарын ажиллах нөхцөл, сонголт нь баталгаажсан суралцагчдын суралцах боломжийг хангах, эцэг эх асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэн ажиллахыг аймаг, нийслэлийн боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад, журмын хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангаж, цахим сургалтын бэлтгэл ажлыг ханган, багшийн хөгжлийг дэмжин, холбогдох зөвлөмж, чиглэл өгч ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 дугаар тушаалаар "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны ёс зүйн дүрэм", "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам"-ыг тус тус баталсан бөгөөд Хууль зүй дотоод хэргийн яамны хууль эрх зүйн нэгдсэн санд бүртгэгдсэн.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/543 дугаар тушаалаар “Боловсролын зээлийн сангийн ажлын албаны бүтэц”-ийг өөрчлөн баталсан.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”,  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Шинэ сэргэлтийн бодлого-Шинжлэх ухааны оролцоо” илтгэлийг хэлэлцүүлэн, шинэ сэргэлтийн бодлогын 6 зорилт тус бүрээр хэлэлцүүлэг хийлээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал Мара Варвиккийг хүлээн авч уулзан боловсролын салбарт хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид хийхээр төлөвлөж буй бодлогын шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Бүгд Найрамдах Энэтхэг Улсад томилолтоор ажиллаж Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Төрийн сайдтай уулзан ВАПКОС байгууллага, Lovely International University-тэй хамтран ажиллах талаар санал солилцов.

Финланд улсын “Eduten” математикийн сургалтыг дэмжих “Eduten” платформыг Монгол Улсад туршиж нэвтрүүлэхээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт БШУЯ-ыг төлөөлөн Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл, “Eduten” компанийн Гадаад харилцаа хариуцсан дэд захирал Хэнри Мүүриймаа нар гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 50 гаруй орны 1,3 сая багш, сурагч англи, япон, испани, португал, эстони, украйн, вьетнам зэрэг олон хэл дээр ашиглах боломжтой энэхүү ухаалаг системийг Монгол хэл дээр хөрвүүлж, хэрэглэх боломж нээгдэж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Үр дүнд суурилсан бодлогын төлөвлөлт, арга зүй” сэдэвт сургалт зохион байгуулж 21 аймаг, 9 дүүргийн боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүд болон төсвийн мэргэжилтнүүд хамрагдан Боловсрол шинжлэх ухааны салбарын 2023 онд баримтлах бодлого, хүрэх үр дүн, байгууллагын гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээ, үр дүнд суурилсан төлөвлөлтийн онол, арга зүй сэдвээр мэдээлэл сонсож хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хооронд Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг Болгарын талтай зөвшилцөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Ерөнхий сайдын захирамжаар хөтөлбөрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Л.Саянаад олгож хөтөлбөрийг баталгаажуулсан.

"Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ын төсөлд нийслэлийн дагуул хот Хөшигийн хөндийд дижитал их сургуулийн сургалтын орчин, нөхцөлийг бүрдүүлсэн дээд боловсролын сургалтын байгууллагыг шинээр байгуулах, Хөгжлийн стратегийн төвүүдийн онцлог, эдийн засгийн тэргүүлэх чиглэлд үндэслэн мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” хэлбэрээр хөгжүүлэх, Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн салбарыг Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төрөлжүүлэх, Өмнөговь аймагт эрчим хүч, геологи, уул уурхай, барилга, мэдээллийн технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах, Улиастай хотод мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг хөнгөн үйлдвэрлэл, мод модон эдлэлийн чиглэлээр хөгжүүлэхээр тус тус тусгалаа.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан математикийн хоцрогдол арилгах хөтөлбөр туршиж байгаа 6 сургуулийн нэг болох Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүдийн эцэг эх, математикийн багш нартай уулзаж туршилтын үр дүнтэй танилцлаа.

Дээд боловсролын сургалтын байгууллагад ашиглагдаж буй мэдээллийн систем, програм хангамжид мэдээллийн аюулгүй байдлын үзлэг хийх, харилцан мэдээлэл солилцох боломжийг судлах, мэдээллийн сангийн үнэн зөв, найдвартай байдалд дүгнэлт гаргах, зөвлөмж боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг БШУ-ын сайдын "Ажлын хэсэг байгуулах тухай" А/527 дугаар тушаалаар байгуулж, тус ажлын хэсэг суурь судалгааг авч, эхний уулзалтыг зохион байгууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны яам болон Цахим хөгжил харилцаа холбооны яам хооронд "Танилт, нэвтрэлтийн систем ашиглан үйлчилгээ үзүүлэх гэрээ",  "Үндсэн систем (ХУР) -ийг ашиглан үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г байгуулж Боловсролын мэдээллийн технологийн төвд хүргүүлэв.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны "Боловсролын салбарын мэдээллийн систем ашиглах, мэдээллийн сан бүрдүүлэх, зохицуулах журам" А/488 дугаар тушаалын дагуу суралцахуйн удирдлагын систем хөгжүүлэгч 3 аж ахуй нэгжтэй мэдээлэл солилцох гэрээ байгуулсан.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Аяако Кайногоор ахлуулсан баг Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Архангай аймгийн зарим сумдын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, МСҮТ, политехник коллежийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрх, хамгаалал, тэдэнд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж, орчин нөхцөлтэй танилцаж зөвлөн тусаллаа.

2022 оны 10 дугаар сард зохион байгуулсан ерөнхий боловсролын сургуулийн чанарын үнэлгээний бичгийн шалгалтыг засах ажлыг дуусгаж, нэгдсэн дүнг гаргалаа. Чанарын үнэлгээний гүйцэтгэлийн дундаж бага боловсролын түвшинд 39.08 хувь, суурь боловсролын түвшинд 46.1 хувь, бүрэн дунд боловсролын түвшинд 38.54 хувь, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага 30.75 хувьтай үнэлэгдсэн байна.

Монгол хэл бичгийн 4 дэх удаагийн шалгалтыг 2022 оны 12 сарын 16-нд 21 аймгийн шалгалтын  төв, Улаанбаатар хотод 5 шалгалтын төв дээр зохион байгууллаа. Энэхүү шалгалтад шинээр шалгалт өгч байгаа болон босго оноо давж чадаагүй, өмнөх оны төгсөгч зэрэг нийт 1359 шалгуулагч хамрагдахаас 330 шалгуулагч хамрагдлаа.

2022 оны хоёр дахь элсэлтийн ерөнхий шалгалтыг 12 сарын 16-19-нд зохион байгуулж давхардсан тоогоор нийт 7333 шалгуулагч хамрагдсан байна.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Medle” анхны цахим сургуулийн багш нарт компьютер, тоног төхөөрөмж гардуулан өглөө. Тус цахим сургуульд 21 аймаг, 9 дүүрэг 499 сургуулийн 10 дугаар ангийн 10 мянга гаруй сурагч суралцаж 148 багш 16 судлагдахууны хичээл зааж байна.

Монгол орон даяар иргэд, олон нийтийн инновацийн санаачилгыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй нээлттэй инновацийн MonX хөтөлбөрийн шалгаруулалтад 251 төслийн санал ирснээс 9 баг шалгарч тус бүр 20.0 сая төгрөгөөр шагнууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/518 дугаар тушаалаар эрдэм шинжилгээний 6 шилдэг бүтээлд шагнал олголоо.

Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 423 дугаар тогтоолоор “Үндэсний инновацийн шагнал”-ыг хоёр төрлөөр буюу “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”-ий шагналыг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын “Төвөөс зугтах хүчний шахуурга” бүтээлд, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” шагналыг “Гэрэгэ дижитал технологи” компанийн “Зэв дижитал музей” бүтээлд олгохоор шийдвэрлэж, тус бүр 30,0 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Эх хэлээр боловсрол эзэмшээгүй Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын үндэстний цөөнхийн хүүхдүүд иргэд (цаатан-тува)-д зориулсан эх хэл соёлын жишиг хөтөлбөр, гарын авлага боловсруулсан.

Багш мэргэжлийн ангийн бакалаврын сургалтын хөтөлбөр"-т дохионы хэлний анхан, ахисан шатны агуулга, арга зүйг тусган их, дээд сургуулийн багш мэргэжлийн ангийн оюутнууд судлах "Дохионы хэлний хичээлийн хөтөлбөр"-ийг БСҮХ, МУБИС, Төрийн бус байгууллагын дохионы хэлний судлаач нартай хамтран боловсруулж дуусгалаа. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн дохионы хэлний 1-5 дугаар ангийн сургалтын жишиг хөтөлбөрийн төслийг ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн багш нартай хамтран боловсруулж туршиж байна.

БШУ-ны сайдын 2022 оны 433, 434 дүгээр тушаалын хүрээнд багш бэлтгэх, анагаах ухааны хөтөлбөртэй болон өмнөх ажлын хэсгийн дүгнэлтээр газар дээр нь шалгах шаардлагатай нийт 52 их дээд сургуулийн үйл ажиллагаанд хөтөлбөр, эрдэм шинжилгээ гэсэн хоёр чиглэлд нь шалгалт хийж, шалгалтын үр дүнд 9 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах, 4 сургуулийг бусад сургуультай нэгтгэх, зарим их дээд сургуулийн орон нутгийн салбар сургуулийг хаах, шаардлага хангахгүй байгаа хөтөлбөрийг цуцлах сайдын тушаал гарсан.

Боловсролын шинжлэх ухааны сайдын 2022 оны А/560 дугаар тушаалаар гадаад улсад амьдарч буй монгол иргэдийн хүүхдэд үндэсний соёл, уламжлалаа дээдлэх, өвлөхөд нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж буй ерөнхий боловсролын сургууль, сургалтын төвд урамшуулал, ном гарын авлага олгохоор шийдвэрлэж БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол сургууль, БНГУ болон АНУ-д үйл ажиллагаа явуулж буй "Соёл", "Унага" сургалтын төвд суралцагч, багшийн тооноос хамааруулан "Батламж", ном, гарын авлагын багцыг хүргүүллээ.

ТАВ.САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

Боловсролын шинжлэх ухааны сайдын 2022 оны “Үнэлгээний дүнгийн талаар авах арга хэмжээний тухай” А/552 дугаар тушаалаар боловсролын салбарт үр дүнд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлэх хүрээнд ажлын гүйцэтгэл, үр дүнгээр тэргүүлсэн 5 аймгийн боловсрол, шинжлэх ухааны газарт урамшуулал олгохоор шийдвэрлэж, Говь-Алтай, Архангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт урамшууллыг олгох ажлыг зохион байгууллаа.

Засгийн газрын 2022 оны 495 дугаар тогтоолын дагуу 80 төсөл арга хэмжээний үлдэгдэл санхүүжилт 27,1 тэрбум төгрөгийг барьцаа хөрөнгийн дансанд авч үлдэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн.

Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2022 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын 62 төсөл арга хэмжээний 35.7 тэрбум төгрөгт зохицуулалт хийж, илүү гүйцэтгэлтэй 26 төсөл арга хэмжээнд 35.7 тэрбум төгрөгийг бодит гүйцэтгэлээр олгосон.

Аймаг, дүүргийн боловсрол, шинжлэх ухааны газар болон боловсролын хэлтсүүд, харьяа байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагууд, шинжлэх ухааны байгууллагуудаас 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийн судалгааг авч төсвийн бүлэг хооронд шилжүүлэх зохицуулалтын саналыг хянан нэгтгэж өр авлагагүй ажиллах нөхцлийг бүрдүүлэв.

Засгийн газрын 2022 оны “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах арга хэмжээний тухай” 346 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ерөнхийлөгчийн тэтгэлэг, Ерөнхий сайдын тэтгэлэг, Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс олгох санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам түүний хэрэгжилтийг хангах хүрээнд орон нутгийн их, дээд сургуулиудад суралцаж буй суралцагчид сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэг олгох боломжийг бүрдүүлж төсвийн хуваарьт зохицуулалт хийх замаар шийдвэрлэв.

Боловсрол, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн 1994 байгууллага шилэн дансны тухай хуулийн дагуу https://shilendans.gov.mn/ цахим хуудаст мэдээллээ оруулж ил тод байдлыг ханган ажиллаж байна. Эдгээр байгууллагууд нь 2022 оны 11 дүгээр сард оруулах мэдээллийг 98.0 хувийн гүйцэтгэлтэй оруулсан байна.

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 214 дүгээр захирамжаар өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/182 дугаар тушаалаар байгуулагдсан "Боловсрол, шинжлэх ухааны яамны болон харьяа байгууллагын ажлыг эрчимжүүлэх, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг 2022 оны 12 дугаар сарын 9-25-ны өдөр хүртэлх хугацаанд шуурхай шийдвэрлэх ажлыг удирдлагаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэг салбарын болон харьяа байгууллагын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг өдөр бүр нэгтгэн шуурхай штабт хүргүүлсэн.

12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар байгууллага, иргэдээс яаманд хандаж 8991 хариутай бичиг, 1783 шууд бичиг, 4098 өргөдөл гомдол, нийт 14872 бичиг ирүүлсэн байна. Үүнээс 8834 хариутай албан бичиг, 4078 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт ирсэн бичиг, өргөдөл, гомдлын 98,6 хувийг шийдвэрлэж хариу өгсөн бөгөөд 157 албан бичиг, 20 өргөдөл хугацаандаа судлагдаж байна. Яамнаас байгууллага, иргэдэд хандаж 6434 албан бичиг хүргүүлсэн.

Тус яаманд ирсэн болон явуулсан нийт 21306 албан бичиг, өргөдөл, гомдлыг албан хэрэг хөтлөлтийн программд бүртгэж, цахим санг тасралтгүй нэмэгдүүллээ.

Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай яаманд нийт 1251 иргэний өргөдөл, гомдлыг хуваарилж, шилжүүлсэн байна. Үүнээс 1246 буюу 99,6 хувийг нь шийдвэрлэж, 5 өргөдөл хугацаандаа судлагдаж байна.