БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2023 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2023 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2023 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН

 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

Боловсролын ерөнхий хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэгт дэмжлэг үзүүлэн Боловсролын ерөнхий хуулийн төслийн ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулт, саналд өгөх тайлбарын товьёог бэлэн болсон.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын Боловсрол, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран салбарын хэмжээний өргөтгөсөн хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлгээр хуулийн батлагдсан үзэл баримтлал, хуулийн төслийг танилцуулж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт нийслэлийн болон орон нутгийн 78 сургалтын байгууллагын багш, удирдах ажилтан, нийгмийн түншлэгч талууд, суралцагч, эцэг эхийн төлөөлөл оролцсон бөгөөд оролцогчдын хуулийн төсөлд өгсөн саналыг товьёглон нэгдсэн дүгнэлтэд тусгалаа.

Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийн төслийн тухай асуудлыг Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Мэргэшлийн үндэсний шаталсан бүтэцтэй холбоотой харилцааг боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл, бодлого, хууль тогтоомжид нийцүүлэх асуудлыг судлан санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгасан тэмдэглэл гарсан. 

Зарим их, дээд сургуулиудыг Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор болгон орон нутагт хөгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн тэмдэглэлээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгасан.

Сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад үүссэн нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр тус ажлыг эрчимжүүлэх, төслийн хугацааг сунгах арга хэмжээг зохих журмын дагуу авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгасан.  

 

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор Эдийн засаг, хөгжлийн сайдын 2022 оны А/167 дугаар тушаалаар баталсан холбогдох аргачлалыг баримтлан “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөлд боловсрол, шинжлэх ухааны салбарын асуудлаар тусгуулах санал”-ыг нэгтгэн боловсруулж, холбогдох баримт бичгийн хамт Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 1а/165 дугаар албан бичгээр Эдийн засаг, хөгжлийн яаманд хүргүүллээ.

Боловсролын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын Мэдээллийн Технологийн Төв БНСУ дахь албан ёсны түнш Ай-Корь компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичгийн хүрээнд БШУЯ-наас хэрэгжүүлж буй боловсролын салбарын цахим шилжилтийн бодлогын хүрээнд Google компанийн үүлэн технологийн үйлчилгээнд суурилсан Флекс хром үйлдлийн систем бүхий хромбүүк компьютер нийлүүлэх, Google ажлын орчныг Монголын ерөнхий боловсролын салбарт нэвтрүүлэхэд талууд хамтран ажиллахаар тохиролцлоо.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Монгол Улсын Ерөнхийлөгчийн захиа, даалгавар гардуулах ёслолын үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

 

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/571, А/637, А/218 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг хангуулахаар Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын ерөнхий газар, аймаг нийслэлийн Засаг дарга нарт Боловсрол, шинжлэх ухааны сайдын албан бичгийг хүргүүлсэн. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд бага насны хүүхэдтэй эцэг эхийг чадавхжуулах, хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, сэтгэлийн хөдөлгөөний хөгжлийг дэмжихэд чиглэсэн контентийг боловсруулах ажлыг хийж байна.

Дэлхийн банкны итгэлцлийн сан болон Японы Нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” олгох төслийн хүрээнд “ESEL хөтөлбөр” хэрэгжүүлж буй Политехник коллеж, МСҮТ-үүдийн туршлага солилцох уулзалтыг зохион байгуулж ESEL хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн сургуулийн онцлогоос хамаарсан зохицуулалт хийх хэрэгцээ, анхаарах асуудлууд, санал болгож буй арга зам, зөвлөмжийн талаар хэлэлцлээ. Хөдөлмөрийн зах зээлд хамгийн их шаардагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг зорилтот орон нутгийн өсвөр үеийнхэнд олгосноор тэдний сурлагын амжилтад ахиц гарч, хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэгдэнэ гэж үзэж байна.

Төрийн худалдан авах ажиллагааны системээр сургалтын байгууллагын болон суралцахуйн удирдлагын систем ашиглахаар гэрээ байгуулсан ерөнхий боловсролын 174 сургуулийн мэдээлэл солилцох гэрээг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/488 дугаар тушаалаар батлагдсан "Боловсролын салбарын мэдээллийн систем ашиглах, мэдээллийн сан бүрдүүлэх, зохицуулах журам"-ын дагуу баталгаажуулан, холбогдох эрхийг олгосон.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/527 дугаар тушаалаар байгуулагдсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад ашиглагдаж буй мэдээллийн систем, программ хангамжид мэдээллийн аюулгүй байдлын үзлэг хийх, харилцан мэдээлэл солилцох боломжийг судлах, мэдээллийн сангийн үнэн зөв, найдвартай байдалд дүгнэлт гаргах, зөвлөмж боловсруулах” чиг үүрэг бүхий Боловсрол, шинжлэх ухааны яам,  Цахим хөгжил харилцаа холбооны яам, И-Монголиа академи, Боловсролын мэдээллийн технологийн төв, Боловсролын үнэлгээний төв, Их сургуулиудын хамтарсан ажлын хэсгийн хурлыг хоёр удаа зохион байгуулж, урьдчилсан шийдлээ боловсруулан ажиллаж байна.

Үндэсний статистикийн хорооны даргын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах, зөвшөөрөх тухай” 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/137 дугаар тушаалаар батлагдсан маягтын дагуу Дээд боловсролын 2022-2023 оны хичээлийн жилийн албан ёсны статистикийн “А-ДБ-1-14” мэдээг нэгтгэн боловсруулж 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичгээр Үндэсний статистикийн хороонд хүргүүлсэн.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх салбар дундын уулзалт, хэлэлцүүлэг”-ийг 2023 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, холбоод, иргэний байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлсноос гадна уулзалтыг сар бүр тогтмол зохион байгуулж төрийн байгууллагуудын авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг танилцуулахаар боллоо.

Финланд улсын “Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудын сургалтад ашиглах боломжийг бүрдүүлж туршилтын хөтөлбөрт хамрагдах  багш, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа. “Eduten” платформ нь хиймэл оюун ухаан, тоглоомд суурилсан байдлаар боловсруулсан 200.0 мянга гаруй математикийн дасгал, даалгавруудын сантай. Багш нарын ажлын ачааллыг бууруулах, математикийн хичээлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх ач холбогдолтой ухаалаг систем бөгөөд туршилт-судалгаанд нийслэл, аймаг, сумын 9 сургуулийн 15 бүлгийн 520 сурагч хамрагдана. Туршилт-судалгааны үр дүнд үндэслэн тус платформыг цаашид ерөнхий боловсролын сургалтад нэвтрүүлэх боломжийг тодорхойлох юм.

GPE төслийн санхүүжилтээр ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтад 11 аймгийн 30 сургууль, 9 дүүргийн 15 сургуулийн хоолны мэргэжилтнүүд хамрагдлаа.

 

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

“Эрдэнийн судрыг дээдлэн залах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 149 дүгээр зарлигт "Эрдэнийн судар"-т тэмдэглэн үлдээсэн "монгол хүн", "гэр бүл", "төрт ёс", "эх нутаг", "монгол хэл", "эрдэм боловсрол", "ёс суртахуун", "өв соёл", "нүүдэлчин ухаан"-ыг хүүхдэд бага балчраас нь ойлгуулж, улмаар бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган сурагч, оюутан, залуучуудад танхимын болон танхимын бус сургалтаар бататган хөгжүүлэхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад даалгасны дагуу "Эрдэнийн судар"-ын холбогдох бүлгээс бүх шатны сургалтын байгууллагын сургалтын хөтөлбөрт монгол хүн, гэр бүлийн эрхэмлэх, авах гээхийн ухаан, сайн мууг ялган таних ухааны талаар суралцагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохируулан тусгах агуулга, арга зүйг боловсруулах бэлтгэл хангагдсан.

 

ТАВ.САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор батлагдсан журмын хүрээнд орон нутагт суралцаж буй их, дээд сургуулийн 2900 орчим суралцагчдад нийт 4.0 орчим тэрбум төгрөгийн тэтгэлэг, оюутны хөгжлийн зээлээр 2320 оюутанд 3.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор 2023 оны төсөвт тусгав.

“Боловсролын үнэлгээ, мэдээллийн нэгдсэн төвийн барилга /Улаанбаатар/” төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Шинжлэх ухаан инновацийн төвийн кластер”-ын архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн батлуулсан.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны тоног төхөөрөмжийн төсөл, арга хэмжээний төлөвлөгөө 2023 оны 1 дүгээр сарын 16-ний өдрийн А/14 дүгээр тушаалаар батлагдсан. 2023 оны тоног төхөөрөмжийн задаргааг нийт 41 төсөл, арга хэмжээ болгосон бөгөөд уг тушаал гарсантай холбогдуулан техникийн тодорхойлолт боловсруулах ажлын хэсэг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан.

Боловсрол, шинжлэх ухааны салбарын 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн нэгтгэл гаргахтай холбоотойгоор харьяа байгууллагууд болон их, дээд сургуулийн арилжааны банкны үлдэгдэл, салбарын байгууллагуудын нэмэлт санхүүжилтийн тооцоог Сангийн яамтай тооцоо нийлж, нотлох баримтын бүрдлийг хангах ажлуудыг хийлээ.

Боловсрол, шинжлэх ухааны салбарын 2023 оны батлагдсан төсөвт багтаан нийт 112 харъяа байгууллагуудын саналыг харгалзан төсвийн сар, улирлын хуваарийг төсвийн төлөвлөлтийн программд оруулж, зарцуулах эрхийг олгож төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах боломжийг бүрдүүллээ.

 

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

Яамны албан хаагчдын Мэдээллийн цагийн нэгдүгээр улирлын төлөвлөгөөг батлуулан мэдээллийн цагийг 3 удаа зохион байгуулж давхардсан тоогоор 200 гаруй албан хаагч оролцлоо.

Байгууллага, иргэдээс яаманд хандаж 568 хариутай бичиг, 71 шууд бичиг, 167 өргөдөл гомдол, нийт 806 бичиг ирүүлсэн байна. Үүнээс 347 хариутай албан бичиг, 87 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт ирсэн бичиг, өргөдөл, гомдлын 59 хувийг шийдвэрлэж хариу өгсөн байна. Мөн 184 албан бичиг, 118 өргөдөл хугацаандаа судлагдаж байна.

Яамнаас байгууллага, иргэдэд хандаж 440 албан бичиг хүргүүлсэн. Тус яаманд ирсэн болон явуулсан нийт 1246 албан бичиг, өргөдөл, гомдлыг албан хэрэг хөтлөлтийн программд бүртгэж, цахим санг нэмэгдүүллээ. Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай яаманд нийт 40 иргэний өргөдөл, гомдлыг хуваарилж, шилжүүлсэн байна. Үүнээс 15 буюу 37.5 хувийг нь шийдвэрлэж, 25 өргөдөл хугацаандаа судлагдаж байна.