Засгийн газрын 2019 оны 392 дугаар
тогтоолын хавсралт
ИННОВАЦИЙН ТӨСӨЛ БҮРТГЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмаар инновацийн төслийг хүлээн авах, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах, мэдээллийн санд бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Инновацийн төсөл (цаашид “Төсөл” гэх) нь Инновацийн тухай хуульд заасан инновацийн үйл ажиллагааны зарчимд нийцсэн байна.
1.3. Өмчийн хэлбэрээс үл хамааран аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага, дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, төрийн бус байгууллага, иргэн төсөл мэдүүлэх эрхтэй.
Хоёр. Төсөл, түүнд тавигдах шаардлага
2.1. Төслийн мэдүүлэг нь ерөнхий болон үндсэн хэсгээс бүрдэнэ.
2.2. Төслийн ерөнхий хэсэгт дор дурдсан мэдээллийг тусгасан байна:
2.2.1. төслийн нэр;
2.2.2. төсөл хэрэгжүүлэгчийн нэр, хаяг;
2.2.3. төсөл хэрэгжүүлэх хугацаа (эхлэх, дуусах он, сар, өдөр);
2.2.4. инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, төрөл;
2.2.5. төслийн танилцуулга;
2.2.6. оюуны өмчийн эрхийн мэдээлэл.
2.3. Төслийн үндсэн хэсэгт дор дурдсан мэдээлэл, баримт бичгийг тусгаж бүрдүүлсэн байна:
2.3.1. төсөл бүртгүүлэх тухай албан мэдэгдэл;
2.3.2. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний үнэмлэх)-ний хуулбар;
2.3.3. эрх бүхий байгууллагаас олгосон патент, ашигтай загвар, зохиогчийн эрхийн гэрчилгээний хуулбар;
2.3.4. төсөл хэрэгжүүлэх шаардлага, үндэслэл, судалгаа;
2.3.5. маркетингийн болон бизнес төлөвлөгөө;
2.3.6. үйл ажиллагааны төлөвлөгөө;
2.3.7. техник, эдийн засгийн үндэслэл;
2.3.8. төсөл хэрэгжүүлэхэд ашиглах техник, технологи, програм хангамж, зураг дизайны тодорхойлолт;
2.3.9. бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргаж, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн талаарх мэдээлэл;
2.3.10. зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулсан судалгаа;
2.3.11. хүний эрүүл мэндтэй холбоотой төсөл хэрэгжүүлэх бол Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан анагаах ухааны Ёс зүйн хяналтын хорооны шийдвэр;
2.3.12. байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх талаарх холбогдох мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт;
2.3.13. татвар болон банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;
2.3.14. бусад шаардлагатай мэдээлэл.
2.4. Төсөл, түүнд хавсаргасан баримт бичгийн үнэн зөв байдлыг төсөл мэдүүлэгч бүрэн хариуцна.
2.5. Төсөл нь Инновацийн тухай хуулийн 14.1, 15.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Гурав. Төсөл мэдүүлэх, бүртгэх
3.1. Төсөл мэдүүлэгч нь энэ журмын 2.2, 2.3-т заасан мэдээлэл, баримт бичгийг өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цаасаар болон цахимаар ирүүлнэ.
3.2. Төсөлд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах мэргэжлийн шинжээчийн ажлын хөлсийг төсөл мэдүүлэгч хариуцна. Шинжээчийн ажлын хөлсийг өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
3.3. Төсөл нь Инновацийн тухай хуулийн 14.1, 15.1 дэх хэсэг болон энэ журмын 2.2, 2.3-т заасан шаардлагыг хангасан эсэх талаар Инновацийн тухай хуулийн 7.1.14-т заасан журмын дагуу мэргэжлийн шинжээч үнэлгээ өгч, дүгнэлт гаргана.
3.4. Өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэргэжлийн шинжээчдийн үнэлгээ, дүгнэлтэд үндэслэн төслийг мэдээллийн санд бүртгэнэ.
3.5. Мэдээллийн санд бүртгэгдсэн төслийн энэ журмын 2.2-т заасан ерөнхий хэсгийн мэдээллийг өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудсаар олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
3.6. Төслийн бүртгэлтэй холбоотой лавлагаа, тодорхойлолтыг Иргэний хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгож болно.
3.7. Энэ журмын 2.2, 2.3-т заасан мэдээлэл, баримт бичиг дутуу, эсхүл өмнө нь мэдээллийн санд бүртгэгдсэн патент, ашигтай загвар, зохиогчийн эрхийн асуудлын хүрээнд боловсруулагдсан нь тогтоогдсон бол төслийг мэдээллийн санд бүртгэхгүй.
Дөрөв. Төслийг бүртгэлээс хасах
4.1. Төслийг дор дурдсан нөхцөлд бүртгэлээс хасна:
4.1.1. төсөл хэрэгжүүлэх хугацаа дууссан;
4.1.2. төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэлээс хасуулах тухай хүсэлт ирүүлсэн;
4.1.3. төсөл нь анх мэдүүлсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хэрэгжээгүй нь энэ журмын 5.1-д заасан хяналтаар тогтоогдсон;
4.1.4. төслийн үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон.
Тав. Төслийн хэрэгжилтэд хяналт тавих
5.1. Төслийн хэрэгжилтийн явц, хугацаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн байдал, үр дүнд өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
5.2. Өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих үүрэг бүхий мэргэжлийн шинжээч ажиллуулж болно.
5.3. Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайланг жил бүрийн 2 дугаар сард багтаан өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Зургаа. Бусад
6.1. Төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагааны мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах, ашиглахтай холбогдсон харилцааг Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуулиар тус тус зохицуулна.
6.2. Оюуны өмч эзэмшигчтэй холбогдон үүссэн харилцааг Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Иргэний хуулиар зохицуулна.
6.3. Төсөл бүртгэх үйл ажиллагаатай холбогдон үүссэн маргааныг өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч шийдвэрлэнэ. Гомдол гаргагч шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ.
------о0о------