Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаярын урилгаар Бүгд Найрамдах Чех улсын Боловсрол, залуучууд, спортын дэд сайд Ярослав Миллер Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 17-20-ний өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын эхний өдөр БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр Бүгд Найрамдах Чех улсын Боловсрол, залуучууд, спортын дэд сайд Ярослав Миллер тэргүүтэй төлөөлөгчийг хүлээн авч уулзаж, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Талууд цаашид боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хөдөө аж ахуй, биотехнологи, химийн салбарт судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг дэмжих тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус санамж бичиг байгуулагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд Чех улсын их, дээд сургуульд шинжлэх ухаан, технологи, мэдээллийн аюулгүй байдал, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах боломжтой болох юм.