БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2023 ОНЫ 3 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2023 ОНЫ 3 ДУГААР САРЫН  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2023 ОНЫ 3 ДУГААР САРЫН

 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүний дагалдах хуулийн төслийг Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэхтэй холбогдуулан Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаарх ажлын дэд хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 90 саналын томьёоллыг боловсруулан Улсын Их Хурлын ажлын хэсгийн 2023 оны 3 дугаар сарын 22-23-ны өдрийн хурлаар танилцууллаа. Боловсролын ерөнхий хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналын томьёололд нийцүүлэн “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл”-ийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг өргөн барьсан хуулийн төсөлтэй харьцуулсан байдлаар бэлтгэж Улсын Их Хурлын Байнгын хорооны зөвлөхөд хүргүүлэв.

Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төсөл, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өрчлөлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох судалгааны тайлан, үзэл баримтлалын төсөл, төслийн танилцуулгыг боловсруулсан.

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн "Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг зөвшилцөх тухай" асуудлыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн конвенцыг дэмжиж, зөвшилцөхөөр тогтсон. Энэхүү конвенцод манай улс нэгдэн орсноор дээд боловсролын мэргэшлийг шударга, ил тод, ялгаварлан гадуурхалгүйгээр хүлээн зөвшөөрч, дээд боловсрол эзэмших, суралцах, ажилд орох боломжийг олгодог нийтлэг зарчмууд хэрэгжинэ.

Засгийн газрын 2023 оны 77 дугаар тогтоолоор Азийн физикийн XXIII олимпиадыг 2023 оны 5 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар тогтож, Үндэсний хороог байгуулан, олимпиадын бэлтгэл ажил хийгдэж байна. Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит хуралдаанаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан олимпиадыг зохион байгуулах бэлтгэл ажлын явц, мэдээллийг танилцуулсан бөгөөд тус хуралдааны 14 дүгээр тэмдэглэлээр Азийн физикийн XXIII олимпиадын үйл ажиллагаанд зайлшгүй шаардагдах туршилтын бодлогын даалгаварт нийцэх, олон улсын байгууллагаас тавьсан тусгай шаардлага нууцлалыг хангасан тоног төхөөрөмжийг захиалах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эрх бүхий байгууллагуудтай хамтран шуурхай зохион байгуулж ажиллахыг даалгасан.

Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор “Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам” батлагдсан.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/105 дугаар тушаалаар БНСУ дахь Монгол сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгалаа.

Монголын хүүхдийн цогц хөгжлийн оношлогооны суурь судалгааны үр дүнд суурилан боловсруулсан "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 3-17 насны хүүхдийн хөгжлийн үзүүлэлт" Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/57 дугаар тушаалаар батлагдлаа.

Төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлд олгох санхүүжилтийн хэмжээг тооцох, хуваарилах аргачлалыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/120 дугаар тушаалаар баталсан.

Эрдэм шинжилгээний байгууллагын чадавхийг бэхжүүлэх, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгох зорилгоор төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийн жагсаалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны "Жагсаалт батлах тухай" А/51 дүгээр тушаалаар баталсан. Жагсаалтад 26 эрдэм шинжилгээний байгуууллагын 99 судалгааны үндсэн чиглэл, хамрах хүрээний 322 сэдвийн жагсаалт багтсан.

Засгийн газрын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” 350 дугаар тогтоолыг үндэслэн Монгол судлалын үндэсний орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/85 дугаар тушаалаар баталсан.

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд “Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуульд ажиллаж буй судалгааны багуудад 2022-2023 оны хичээлийн жилд олгох судалгаа дэмжих санхүүжилтийн хуваарь”-ийг Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/88 дугаар тушаалаар баталсан.

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны А/134 дүгээр тушаалаар “Монгол Улсын боловсролын салбарын цахим шилжилтийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлагдлаа.

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны А/118 дугаар тушаалаар “Хяналт шалгалтын баримт бичгийг бүртгэх, нэгдсэн дугаар олгох, хянах, хадгалах журам”, “Хяналт шалгалтын баримт бичигт нэгдсэн дугаар олгох бүртгэлийн дэвтрийн загвар”,  А/119 дүгээр тушаалаар “Боловсрол, шинжлэх ухааны хяналтын улсын (ахлах) байцаагчийн жилийн ажлын хөдөлмөрийн жишиг норматив” батлагдсан.

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны А/61 дүгээр тушаалаар “Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын орон тоо, албан тушаалын жишиг" шинэчлэгдэн батлагдлаа.

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны А/78 дугаар тушаалаар "Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журам"-ыг баталсан.

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны А/126 дугаар тушаалаар "Боловсролын үнэлгээний байгууллагаас 2022 онд зохион байгуулсан бага, дунд боловсролын чанарын үнэлгээний тайланд шинжилгээ хийж, бодлогын зөвлөмж боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн"-ийг баталлаа.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австрали улсад айлчилж Австралийн Боловсролын сайд Жейсон Клэйртэй албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр сайд нар Монгол, Австралийн боловсролын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Сайд Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын Ерөнхийлөгч Сью Лаянз, Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нарт бараалхаж боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, түүний дотор Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцагсдын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан GPE буюу Боловсролын төлөөх дэлхий нийтийн түншлэл байгууллагын Боловсролын ахлах зөвлөх, Монголын багийн ахлагч Лина Бенетаг хүлээн авч уулзлаа. Боловсролын төлөөх дэлхий нийтийн түншлэл байгууллагаас Монгол Улсын боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон 5.0 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Буцалтгүй тусламжийг тэгш хамран сургах боловсрол, сургуулийн үдийн хоол, хосолсон сургалтын чиглэлээр зарцуулах бөгөөд төсөл 3 жил үргэлжилнэ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Бүгд Найрамдах Финланд улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Лийна-Кайса Микколатай уулзаж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд инженер техникийн ажилтан бэлтгэх чиглэлээр Финландын сургуулиудтай хоёр талаас санхүүжилтийг тэнцүү гаргах байдлаар оюутан сургах, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөр”-т хамтран ажиллах Хелсинки их сургууль, Живаскилагийн их сургуультай их, дээд сургуулийн багшийн чадавхийг сайжруулах чиглэлээр багш солилцооны богино, урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсролын бүх түвшинд чанарын үнэлгээ, цахим шилжилт, санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх чиглэлээр санал солилцлоо.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Данийн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Томас Өструп Мөллэрийг хүлээн авч уулзан Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын 6 зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан ярилцлаа.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Бүгд Найрамдах Хорват Улсаас БНХАУ-д суугаа, Монгол Улсын Хэргийг хамаарагч Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Дарио Михэлинг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол-Хорват Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарт бодитой хамтын ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцон Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хорват Улсын Шинжлэх ухаан, боловсрол, спортын яам хооронд “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулж харилцан оюутан солилцохоор тохиролцлоо.

"Ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байрны орчин, үйлчилгээг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө"-г Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/129 дүгээр тушаалаар баталж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Боловсролын олон улсын ангилал, стандартын 1-10 хүртлэх ерөнхий, төрөлжсөн, нарийвчилсан чиглэл, хөтөлбөрийг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас гаргасан ISCO-08 ”Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт”-той харьцуулах замаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэх мэргэжлийн нэр, индексийг шинэчлэн тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсгийн өргөтгөсөн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Боловсролын олон улсын ангилал, стандарт, төрөлжсөн чиглэл, нарийвчилсан чиглэлийн дагуу мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын бэлтгэх хөтөлбөрийн нэр, индексийг тодорхойлсноор ажил, мэргэжилд нийцүүлэн мэргэжилтэй ажилтан бэлтгэж ирснийг хөтөлбөрт суурилсан боловсрол олгох дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлсэн шинэчлэл хийгдэх юм.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

2023 оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах Азийн физикийн олимпиадыг зохион байгуулах үндэсний хорооны анхдугаар хурал болж зохион байгуулалтын ажлын хуваарийг баталж, шаардлагатай санхүүжилтийг шуурхай шийдвэрлэхээр боллоо. Тус олимпиадад 30 гаруй орны 240 сурагч, 60 багш оролцоно.

“Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилгоор сургалт, судалгааны үйл ажиллагааг 2014 оноос эхлэн 10 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Тус төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөр болон магистрын хөтөлбөрт хамрагдаж Япон Улсад суралцах болзол хангасан 12 оюутанд батламж гардууллаа. Батламж гардсан оюутнууд Япон Улсад инженер технологийн чиглэлээр суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ ажиллана.

“Дээд боловсролын салбарын эрх зүйн зохицуулалтын зарим асуудалд” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалтыг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж  Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан, технологийн сангийн нэгжийн удирдлага, мэргэжилтэн, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач, багш зэрэг 100 гаруй төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны зохицуулалт, их, дээд сургуулийн профессор, багш, судлаачдын судалгааны бүтээлийн хуулбарлалт шалгах, хуулбарлалтын хувь хэмжээг тогтоох, Монгол Улсын хэмжээнд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн нэгдсэн мэдээллийн санг бий болгох, бүтээл хуулбарлалтын үйл ажиллагааг зохион байгуулах зохицуулалт, их сургуулийн профессор, дэд профессор цол олгохтой холбоотой тулгамдаж буй асуудал болон их, дээд сургуулийг хөгжүүлэх эндоумент сан байгуулах эрх зүйн зохицуулалт, шийдлийг хэлэлцэв.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 2023 оныг сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил болгон зарласан. Энэ хүрээнд чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээгээр доогуур байрт эрэмбэлэгдсэн 82 сургуулийг сонгож туршилтын хугацаанд менежментийн баг ажиллана. Орон нутагт ажиллах эхний баг Баян-Өлгий аймагт багш ажилтны ур чадварыг сайжруулах, монгол хэлний мэдлэгийг дээшлүүлэх, сургуулийн орчинд цахим хэрэглээг нэвтрүүлэх, хос хэлний хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, 6 настай сурагчдыг сургуульд элсэхэд дэмжлэг үзүүлэх, багш болон багш бус ажилтны харьцааг тэнцвэржүүлэхэд анхаарч багш, удирдах ажилтнуудад дэмжлэг үзүүлж ажиллалаа.

2023-2024 оны хичээлийн жилд нийслэл болон орон нутагт 3 ээлжинд шилжиж болзошгүй ерөнхий боловсролын сургуулиудын судалгааг гарган Боловсролын мэдээллийн удирдлагын системд тулгуурлан School mapping системээр шинжилгээ хийж нийслэлд 38, орон нутагт 14 сургуулийг жагсаалтыг гаргалаа.

“Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын чанарын үнэлгээ”-г 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулж мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын 69 байгууллагын 1600 гаруй суралцагч 340 гаруй багш, 140 гаруй удирдах ажилтан, 200 гаруй ажил олгогч, түншлэгч, 230 гаруй төгсөгч нарыг хамруулан санал асуулга, фокус ярилцлага бичгийн болон онолын шалгалт, мэргэжлийн хичээлийн ур чадварын үнэлгээ хийсэн. Мөн байгууллага болон дотуур байрны үйл ажиллагааг бодит байдал, баримт бичгээр суурилан шалгасан. Уг үнэлгээг БҮТ-өөс удирдан арга зүйгээр хангаж ажилласан бөгөөд нэгдсэн тайланг 2022 оны 4 дүгээр сард багтаан танилцуулна. 

Багшийн нэр хүндийг өсгөх, тэдгээрийн нийгмийн баталгааг дэмжих зорилгоор "Багш карт" бий болгох ажлын хүрээнд Төрийн мэдээлэл солилцооны ХУР системд "Багш" сервисийг хөгжүүлж байршууллаа.

E-Mongolia платформд төрийн мэдээлэл солилцооны ХУР системд байршуулан лавлагаа, тодорхойлолт олгон бусад байгууллагатай мэдээлэл солилцож байсан "Оюутан" сервист нэмэлт хөгжүүлэлт хийж Боловсролын салбарын мэдээллийн системд оюутнаар бүртгэгдсэн суралцагчдын мэдээллийг сервисээр олгож эхэлсэн.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг Боловсролын зээлийн сангийн цахим хуудсанд байршууллаа. Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд байршуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

Шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанд тулгуурлан шийдвэрлэх аяныг Говь-Алтай аймагт зохион байгууллаа. Тус аяны хүрээнд “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” эрдэм шинжилгээний бага хурал, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, “Миний кодын эхлэл” Хакатон,  “Старт ап менторшип хөтөлбөр” зэрэг арга хэмжээнүүд явагдлаа.

Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны мэдээллийн нэгдсэн систем, платформыг хөгжүүлэх ажлыг зөвлөх үйлчилгээний хүрээнд зохион байгуулж мэдээллийн нэгдсэн систем, платформын ерөнхий архитектур, бүтэц, дизайн, интерфэйс, зураглалыг гаргасан.

Боловсролын зээлийн сангаас дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүрээнд 37 суралцагчийн хүсэлтийг хүлээн авч журмын нөхцөл, болзлыг хангаж байгаа эсэхийг хянан баталгаажуулж, нийт 57.5 сая төгрөгийн санхүүжилт бүхий буцалтгүй тусламж олгох гэрээ байгуулсан. Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг авсан дотоодын их, дээд сургуулийн 44 суралцагчтай гэрээ байгуулах ажлыг зохион байгууллаа.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны салбарын чиглэлээр тусгагдсан зорилт арга хэмжээний 2023 оны 2 дугаар сарын биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ. Тус төлөвлөгөөнд 4 зорилтын хүрээнд 95 арга хэмжээ тусгагдсанаас зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, үр дүн гарсан 100 хувийн биелэлттэй 1, зорилт, арга хэмжээний хүрэх түвшинд бүрэн хүрээгүй боловч зохион байгуулалтын арга хэмжээ бүрэн авсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч эхэлж байгаа 90,0 хувийн биелэлттэй 5, тавьсан зорилт, арга хэмжээнд хүрэх зорилгоор өөрсдөөс хамаарах шийдвэрийг гаргасан, санхүүгийн асуудал шийдвэрлэгдсэн, дээд шатны байгууллагад өргөн барьсан буюу гүйцэтгэл нь тодорхой хэмжээгээр гарч эхэлж байгаа 70 хувийн хэрэгжилттэй 21, тухайн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн, ажил тодорхой хэмжээнд эхэлсэн 50 хувийн хэрэгжилттэй 29, эрчимжүүлэх шаардлагатай 30 хувийн хэрэгжилттэй 28, үр дүнгүй хэрэгжээгүй 1, хугацаа болоогүй 10 ажил байна гэж тус тус үнэлэгдлээ. Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг тодорхой үр дүнтэй хэрэгжүүлснээр 2023 оны 2 дугаар сарын хэрэгжилт 50.71 хувийн гүйцэтгэлтэй үнэлэгдсэн байна.

Сургуулийн өмнөх боловсролын сургалтад олон улсын хөтөлбөртэй нийцэх "Амьдралын мод" хөтөлбөрийг аймаг, нийслэлийн 8 цэцэрлэгт туршин хэрэгжүүлж байна. Туршилтын явцын үр дүнтэй танилцаж тус хөтөлбөрийн агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээг хэрэгжүүлж буй арга зам, давуу болон сул талыг хэлэлцэн багшлахуй болон суралцахуйд гарч буй өөрчлөлт явцын талаар мэдээлэл солилцох ажлыг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтад туршилтад хамрагдаж байгаа цэцэрлэгийн эрхлэгч нар, БШУЯ, БСҮХ, БҮТ-ийн холбогдох албан хаагчид оролцож туршилтын явцын талаар хэлэлцлээ.

Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих сүлжээний 2023 оны уулзалтыг НҮБ-ын Хүүхдийн сан, Лоринет сантай хамтран зохион байгуулж, 2023 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг танилцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтаар Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/571, А/638, А/216 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх” салбар дундын ээлжит уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгууллаа. Тус уулзалт, хэлэлцүүлгийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн яаман дээр зохион байгуулж  олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, эцэг, эх, иргэдийн төлөөлөл оролцон эрүүл мэнд болон боловсролын салбар, хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. Мөн дохионы хэл ба хуулийн хэрэгцээ, харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах бичгийн хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн тулгамдсан асуудлын талаар хэлэлцсэн.

Сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний түүхий эдийг ерөнхий гэрээгээр худалдан авах ажиллагааны тендерт оролцох аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч нарт мэдээлэл хүргэх зорилгоор ХХААХҮЯ, ТХААГ-тай хамтран 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр сургалт зохион байгуулж, сургалтад 52 хүн хамрагдлаа.

Үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих бэлтгэл ажлыг хангах, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төрийн албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг хангах зорилгоор “Цахимд үндэсний бичгээр бичвэр боловсруулах арга зүй” сургалт зохион байгуулж Төв, Говьсүмбэр аймгийн төрийн байгууллагын албан хаагч 6218 хүн хамрагдав. Төрийн жинхэнэ албаны тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн сургалт, төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны сургалтад монгол бичгийн хичээлийг нэмж тусгах, хэрэглээний орчныг бий болгох үйл ажиллагааны хүрээнд “Монгол бичгийн унших, бичих дэвтэр"-ийг хэвлүүллээ.

Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагчдын сургалтын тэтгэлэг авах хүсэлтийг хүлээн авч, нөхцөл болзол хангаж буй эсэхийг хянан, санхүүжилтийн тооцоог сургуулийн сургалтын албатай хийж, 54 суралцагчид олгох 97,5 сая төгрөгийн санхүүжилтийг баталгаажуулан гэрээ байгуулсан.

ТАВ.САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн сангийн нэгж нь 2023 оны 3 дугаар сард салбарын байгууллагуудын батлагдсан төсвийн хуваарийн дагуу олгосон санхүүжилт, зарцуулалтын эрхийн хүрээнд тухайн байгууллагын төлбөрийн шилжүүлгийн баримт, хяналтын хуудас, анхан шатны баримтуудын эх хувийг үндэслэн гүйлгээг хянан хүлээн авч 1888 ширхэг төлбөрийн баримтаар 42.2 тэрбум төгрөгийн төлбөр тооцоог хийсэн байна.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд батлагдсан "Хоол үйлдвэрлэлийн байрны барилга, их засвар /Улсын хэмжээнд/" төсөл, арга хэмжээний задаргааг нягтлан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/130 дугаар тушаал батлагдсан. Тушаал шинэчлэн батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны 2023 оны худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хүсэлтийг Сангийн яам болон Боловсролын ерөнхий газарт 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр хүргүүлж, холбогдох өөрчлөлтийг Сангийн Яамны худалдан авах ажиллагааны цахим системд мэдээлж, шилэн дансанд мэдээллийг байршууллаа.

Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.3-д “Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан барааг албан татвараас чөлөөлнө” гэсэн заалтын хэрэгжилтийн хүрээнд Харьяа байгууллагаас ирүүлсэн баримт бичигт хяналт шалгалт хийн Сангийн яаманд хүргүүллээ.

Монгол-Энэтхэгийн хамтарсан мэдээллийн технологийн боловсрол олгох Аутсорсингийн төвийг байгуулах төслийн хүрээнд "Lovely International Trust", "WAPCOS Limited", "P.K Saxena" байгууллагуудын санхүүжилтийн бичиг баримтыг боловсруулж санхүүжилтийн эрх нээлгэх хүсэлтийг Сангийн яам болон Энэтхэг Улсын Экспорт-Импортын банкинд уламжилсан.

Монгол улсын Засгийн газар болон Франц улсын Засгийн газрын хооронд байгуулсан “Геофизикийн салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд 590 еврогийн үнэ бүхий геофизикийн станцын сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөх бичгийг Сангийн яаманд уламжиллаа.

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны "Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжүүлэх төсөл арга хэмжээний 2023 оны зардлын хуваарилалтыг батлах тухай" А/11 дүгээр тушаалаар баталсан зардалд Эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиудад гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүл, мэдээллийн санг ашиглахад дэмжлэг үзүүлэх зардлыг тусган баталсан. Үүний дүнд гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүл, мэдээллийн санг ашиглах боломж бүрэн бүрдлээ.

Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын барилгын ажил хэвийн үргэлжилж, нийт 7 блок барилга барьж гүйцэтгэхээс 5 блокийг 2024 онд ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөлтийн дагуу барилгын ажил хийгдэж байна.

2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Боловсролын үнэлгээ, мэдээллийн нэгдсэн төвийн барилга /Улаанбаатар/”-ын батлагдсан барилгын загвар зураг болон архитектур төлөвлөлтийн даалгаврыг холбогдох байгууллагуудаар батлуулсан.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын 145 дансны төсвийн гүйцэтгэлийн мэдээг 2023 оны 02 дугаар сарын 28-ны байдлаар нэгтгэж, шилэн дансны цахим системд орууллаа.

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

Бичиг хэргийн эргэлтийн мэдээ: 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар байгууллага, иргэдээс яаманд хандаж 1525 хариутай бичиг, 394 шууд бичиг, 481 өргөдөл гомдол, нийт 2400 бичиг ирүүлсэн байна. Үүнээс 1278 хариутай албан бичиг, 398 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт ирсэн бичиг, өргөдөл, гомдлын 83.6 хувийг шийдвэрлэж хариу өгсөн. Мөн 247 албан бичиг, 83 өргөдөл хугацаандаа судлагдаж байна. Яамнаас байгууллага, иргэдэд хандаж 1283 албан бичиг хүргүүллээ.

Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай яаманд нийт 174 иргэний өргөдөл, гомдлыг хуваарилж шилжүүлсэн байна. Үүнээс 146 буюу 84,0 хувийг нь шийдвэрлэж, 28 өргөдөл хугацаандаа судлагдаж байна.

Засгийн газрын 2022 оны “Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг салбар яамдад шилжүүлсэнтэй холбогдуулан хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч эрх бүхий албан тушаалтнуудын 14 нэр төрлийн хэвлэмэл хуудсыг шинэчлэн боловсруулж, "Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам" -ын 5.9-д заасны дагуу Архивын ерөнхий газарт хүргүүлж албан бичгээр баталгаажуулсан.