“АМЬДРАЛЫН МОД” ХӨТӨЛБӨРИЙГ ТУРШСАН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ...
2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын "Амьдралын мод" сургалтын хөтөлбөрийн туршилтын төсөл сонгогдсон 8 цэцэрлэгт хэрэгжлээ.
Энэхүү төслийн хүрээнд тус сургалтын хөтөлбөрт шаардагдах сургалтын хэрэглэгдэхүүн болон арга зүйн сургалтыг зохион байгуулахаар Боловсролын ерөнхий газар "Эко гэр цэцэрлэг БСБ" гэрээ байгуулсан.
2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Амьдралын мод” сургалтын хөтөлбөрийг туршсан үр дүнг хэлэлцэхээр БШУЯ, БЕГ, БСҮХ, БҮТ, “Эко гэр цэцэрлэг” БСБ-ын удирдах ажилтан, мэргэжилтэн, туршсан 8 цэцэрлэгийн төлөөллийн оролцоотой уулзалт, хурал зохион байгуулагдлаа.
️Уг уулзалт, хурлаар:
1. “Амьдралын мод” сургалтын хөтөлбөрийн төслийн баг хамт олноос туршилтын үйл явц, хэрэгжүүлсэн үр дүн
2. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс туршилтын явцад хийгдсэн судалгаа, түүний үр дүн, давуу ба сул тал
3. Боловсролын үнэлгээний төвөөс туршсан 8 цэцэрлэгийн багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг өмнөх оныхтой харьцуулсан байдал
4. Туршсан 8 цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчийн санал, сэтгэгдлийг сонсож хэлэлцэв.
️“Амьдралын мод” хөтөлбөрийг туршин хэрэгжүүлсэний дараа гарсан зарим үр дүнгээс дурдвал:
- Багш нарын илүү цагаар ажиллах байдал долоо хоногт 77.5% нь 2-5 цагаар, 17.6% нь 6-11 цагаар буурсан. Энэхүү илүү цагаар ажиллах үзэгдлийг бууруулахад сургалтын төлөвлөлт, хэрэглэгдэхүүний бэлэн байдал, цахим хөтөч болон зохиолд суурилсан арга зүй хамгийн их нөлөөтэй байв. Долоо хоногт 2-11 цагийг 95.1% -иар бууруулж чадсан үр нөлөө нь багш нарыг гэр бүл, өөрийн хувийн хөгжил болон эрүүл мэнддээ зарцуулах цагийг нэмэгдүүлж ажлаа илүү сэтгэл хангалуун хийх боломж, үнэ цэнийг өгчээ.
- Хүүхдийн анхаарал төвлөрөлт 30 секундээс 1 минут хүртэлх хугацаагаар нэмэгдсэн.
- Харилцааны ур чадвар нэмэгдэж, бусадтай нээлттэй, чөлөөтэй харилцаж бусадтай мэндлэх байдал нэмэгдсэн.
- Өөрөө өөртөө болон аливаа зүйлд талархдаг сэтгэлгээнд өөрчлөлт орж байна гэж хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багш нар үзсэн байна.
- Эцэг эхийн оролцоо, дэмжлэг сайжирсан гэж 97.5% -тай үзсэн ба сургалтын хөтөлбөрийн агуулга, эцэг эхийн уулзалт, цахим хөтөч нөлөөлсөн гэж онцолжээ.
- Харин цаашид дараах асуудалд анхаарах шаардлагатай гэсэн үр дүн гарав.
1. Сургалтын хөтөлбөрийн агуулгуудаас:
- Математикийн энгийн төсөөлөл сургалтын чиглэлийн агуулгыг жигд хүндрүүлэх
- Хэл яриа сургалтын чиглэлийн багшийн үзүүлэн болон хэрэглэгдэхүүний төрөл зүйлийг олшруулах
- Хөгжим сургалтын чиглэлийн насны онцлогт тохирсон дуу сонгох, зохиох
- Хөдөлгөөн, эрүүл мэнд сургалтын чиглэлийн тоглоом төвт төлөвлөлтөөр хангах шаардлагатай.
2. Сургалтын технологи:
- Сургалтын шинэлэг технологи нэвтрүүлж байгаа тул хэрэгжүүлэгч багш нарын бэлтгэлийг урьдчилан сайтар хийх хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөв.
3. Хэрэгжилт:
- Хүүхэд төвт сургалтын арга зүйг илүүтэй ашиглахаар талаар сургалт, зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуулах
- Багшид зориулсан хэрэгжүүлэх гарын авлагын хүртээмжийг нэмэгдүүлэх
- Бүтээлч цагаан толгой дэд хөтөлбөрийн арга зүйн зөвлөмийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ байна гэж үзлээ.