БИОЛОГИЙН ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДААС МОНГОЛ УЛСЫН БАГ ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ТУСГАЙ БАЙР ХҮРТЛЭЭ.
2023 оны 07 дугаар сарын 03-11-ний өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан Олон улсын Биологийн 34 дүгээр олимпиадаас Монголын баг хос хүрэл медаль болон тусгай байрыг эх орондоо авч ирж байна.
Тодруулбал Шинэ-Үе сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Мишээл хүрэл медаль, Шинэ Эхлэл сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т.Намуун хүрэл медаль, Байгаль-Эх лицей сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Ирээдүй тусгай байр эзэлжээ.
Олон улсын биологийн 34-р олимпиадад Монгол улсаа төлөөлж МУИС-ийн Биологийн тэнхимийн профессор Л. Ариунцэцэг, профессор Б. Болдгив, дэд профессор Г. Баярмаа, дэд профессор Д. Нарангарвуу болон Улаанбаатар хотын Шинэ-Үе Сургуулийн 11-р ангийн сурагч Г. Мишээл, Байгаль-Эх лицей ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Г. Ирээдүй, Нэгдүгээр сургуулийн сурагч 12-р ангийн сурагч Л. Индра, Шинэ Эхлэл ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Т. Намуун нар оролцсон юм.
Нийт 80 орны 304 сурагч Биологийн шинжлэх ухааны “Амьтны анатоми, физиологи”, “Эсийн биологи”, “Экологи”, “Зан төрх”, “Генетик”, “Эволюци”, “Ургамлын физиологи” гэсэн чиглэлүүдээр онолын (нийт 168 хуудас), “Биохими”, “Биоинформатик”, “Экологи ба Зан төрх”, “Ургамлын молекул биологи” гэсэн чиглэлүүдээр дадлагын (нийт 66 хуудас) мэдлэгээ сорин өрсөлдсөн байна.
Сурагчид болон бэлтгэсэн багш нартаа халуун баяр хүргэе