“Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын чанарын үнэлгээний журам”-ын төслийн санал авч байна

A- A A+
“Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын  чанарын үнэлгээний журам”-ын төслийн  санал авч байна

“Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын

чанарын үнэлгээний журам”-ын төслийн танилцуулга

 

2023.10.12

Боловсролын ерөнхий хууль, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль тус тус батлагдсантай холбогдуулан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын чанарын үнэлгээний журам”-ыг шинээр боловсруулах хэрэгцээ үүссэн.

Иймд Боловсролын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6 дахь хэсэг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын  тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 26.5, 27 дугаар зүйлийн 27.7 дахь заалтыг тус тус заасныг үндэслэн энэхүү журмын төслийг танилцуулж байна.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын чанарын үнэлгээний журмын төсөлд тусгаснаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын чанарыг үнэлэх ажлыг 3 жил тутам  зохион байгуулж, боловсролын бодлого, төлөвлөлтийг сайжруулах зохицуулалтыг  тусгасан.

Мөн боловсролын чанарыг үнэлэх олон улсын судалгаанд 3 жил тутам 5, 15 настай хүүхдийг, унших чадварын үнэлгээнд ерөнхий боловсролын сургуулийн 4, 8 дугаар ангийн суралцагчдыг тус тус хамруулахаар тус тус тусгасан бөгөөд үндэсний болон олон улсын чанарын судалгааг нэг жил давхцуулахгүй зохион байгуулна.

Журам  5 бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүр дараах агуулгыг тус тус хамарсан:

Нэг. Ерөнхий зүйл: Энэ бүлэгт журмын зохицуулах харилцаа, боловсролын чанарын судалгааны зорилго, судалгааг зохион байгуулахад баримтлах зарчим, холбогдох зохицуулалтыг тодорхойлсон.

                 Хоёр. Үндэсний чанарын судалгааны хамрах хүрээ, арга хэлбэр: Энэ бүлэгт 3 жил тутам зохион байгуулах үндэсний чанарын судалгаанд хамрагдах сургууль, анги, түүврийн хэмжээ, олон улсын судалгааг сонгох болон судалгааг зохион байгуулах байгууллагыг тодорхойлсон. Судалгааг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын манлайлал дор Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага зохион байгуулна.

Гурав. Үндэсний чанарын судалгааны төлөвлөлт, зохион байгуулалт: Энэ бүлэгт Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага судалгааг зохион байгуулах бөгөөд судалгааны бэлтгэл ажлыг хангах, судалгааны мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнахтай холбоотой үйл ажиллагааны зохицуулалтыг тусгасан. Судалгааг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагын удирдлага, арга зүйгээр хангаж, мэргэжлийн байгууллага, судлаачдын оролцоог ханган зохион байгуулна.

Дөрөв. Олон улсын чанарын судалгааны төлөвлөлт, зохион байгуулалт: Энэ бүлэгт журмын хүрээнд тодорхойлсон олон улсын судалгааг сонгох, судалгааны бэлтгэл ажлыг хангах, судалгааг тухайн олон улсын судалгааны байгууллагын удирдамжийн дагуу зохион байгуулахаар тусгасан.

                Тав. Судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлагнах, үр дүнг ашиглах: Энэ бүлэгт судалгааны үр дүнд үндэслэн гаргах дүгнэлтийн чиглэлийг тодорхойлж, тайлан гаргах, танилцуулах хугацаа,  судалгааны үр дүнг хэрхэн ашиглах талаарх зохицуулалтыг тусгасан. Мөн олон улсын судалгааны үр дүнг бодлого төлөвлөлтөд ашиглах талаар тусгасан болно.

Зургаа. Бусад: Энэ бүлэгт судалгааг зохион байгуулахад шаардагдах дэмжлэг, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлсон.

            Энэхүү журмыг батлан хэрэгжүүлснээр сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын чанарыг хөндлөнгөөс тодорхой давтамжтай үнэлж, хариу арга хэмжээ авах үндэслэлүүдийг тодорхойлох боломж бүрдэх юм.

            Журмын төслийн талаарх саналаа mukhbileg@mecs.gov.mn, gantsetsegch@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

 

төсөл

 

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН

ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын зорилгын хэрэгжилтийг хөндлөнгөөс үнэлэх судалгаа /цаашид “Чанарын судалгаа” гэх/-г зохион байгуулахад үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.

1.2.Чанарын үнэлгээний зорилго нь хүүхдэд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны орц, үйл явц, гарцын түвшинд цогц үнэлгээ хийж боловсролын чанарын түвшинг тогтоох, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлж хариу арга хэмжээ авах, боловсролын бодлого, төлөвлөлт, чанар, үр дүнг сайжруулахад оршино.

1.3.Чанарын судалгаа нь үндэсний болон олон улсын гэсэн 2 хэлбэртэй байна.

1.3.1.Үндэсний чанарын судалгааг 3 жил тутамд ерөнхий боловсролын сургуулийн түвшинд зохион байгуулна.

1.3.2.Олон улсын чанарын судалгаа гэж улс орнуудын боловсролын чанарт хөндлөнгөөс хийдэг, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааг ойлгоно.

1.4.Чанарын судалгааг энэ журамд заасны дагуу Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага /цаашид “Боловсролын үнэлгээний төв” гэх/ зохион байгуулна.

1.5.Чанарын судалгааг зохион байгуулах үйл ажиллагаа нь технологид суурилсан, шударга, бодитой, хөндлөнгийн нөлөөллөөс ангид, судалгааны арга хэрэгсэл нь шалгуурт суурилсан, бичгийн шалгалтын сэдэв, даалгавар нь сургалтын хөтөлбөр, суралцагчийн танин мэдэхүйн түвшинд нийцсэн, судалгааны арга хэрэгслийн тохирц, найдвартай байдлыг хангасан, хувь хүний нууцлалыг хадгалсан байх зарчим баримтална.

Хоёр. Үндэсний чанарын судалгааны хамрах хүрээ, арга хэлбэр

2.1.Үндэсний чанарын судалгаанд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийг 100 хувь, төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийг түүврээр хамруулна.  

2.2.Үндэсний чанарын судалгааг доор дурдсан агуулгын хүрээнд холбогдох арга хэлбэрээр зохион байгуулна.

 

Судалгааны хамрах хүрээ

Судалгааны арга хэлбэр

Орц

  • Хүүхэд бүр суралцах боломжтой түгээмэл загвар бүхий сургалтын ээлтэй, хүртээмжтэй орчин бүрдсэн байдал
  • Сургуулийн гадна орчны тохижилт, гадна талбайд сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах боломж
  • Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хэрэглэгдэхүүн бүхий сургалтын орчин бүрдүүлэлт
  • Сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах дэд бүтэц бүрдсэн байдал /интернэт, цахилгаан, ... /
  • Бүлэг дүүргэлтийн зохистой байдал, хичээлийн байр, анги танхимын хүртээмжтэй байдал, ээлжийн коэффициент
  • Мэргэжлийн багшийн хангамж, ажлын байрандаа хөгжих, хичээлд бэлтгэх боломж, орчин нөхцөл
  • Удирдах ажилтны удирдахуйн болон манлайлах ур чадвар
  • Эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо, хамтын ажиллагаа
  • Сургалтын байгууллагын орчны аюулгүй байдлын болон эрүүл ахуйн стандартын хэрэгжилт
  • Хоол хүнсний орчин, үйлчилгээ, суралцагчийн эрүүл мэндэд үзүүлж буй дэмжлэг
  • Орчны ажиглалт
  • Асуулга
  • Ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлага
  • Баримт бичгийн шинжилгээ /захирлын сургуулийн, сургалтын менежерийн/

Явц

  • Сургуулийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
  • Хичээл, сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт /багшийн/
  • Ээлжит хичээлээр суралцах үйлийг чиглүүлсэн идэвхтэй сургалт явагдаж буй байдал /багшлах ур чадвар/
  • Сургалтын орчин, нөөц ашиглалт
  • Хичээлээс гадуурх үйл ажиллагааны төлөвлөлт, суралцагчдын оролцоо, сургууль дээр байх хугацаа
  • Багш бус ажилтны тухайн өдрийн төлөвлөгөөт ажлын явц
  • Хичээл ажиглалт
  • Фокус бүлгийн ярилцлага
  • Баримт бичгийн шинжилгээ /удирдах ажилтан,багш/
  • Багш бус ажилтны үйл ажиллагааны ажиглалт
  • Сургуулийн 1 өдрийн үйл ажиллагааны зураглал

Гарц/үр дүн

  • Сурах, сургах үйл ажиллагааны үр дүн /суралцагчийн эзэмшсэн цогц чадамж, хандлага, төлөвшил/, унших чадвар
  • Хэрэглэгч /суралцагч, эцэг эх, асран хамгаалагч/-ийн сэтгэл ханамж
  • Гадаад, дотоод үр ашиг
  • Бичгийн шалгалт
  • Асуулга
  • Фокус бүлгийн ярилцлага
  • Статистик шинжилгээ

2.3.Энэ журмын 2.2-д заасан бичгийн шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 11 дүгээр ангийн суралцагчдыг түүврээр хамруулна.

2.4.Түүврийн хэмжээг тухайн бүлгийн нийт суралцагчдын тооноос хамааруулан 10-40 хувь байхаар тогтооно. Хэт цөөн буюу 20 хүртэл хүүхэдтэй тохиолдолд суралцагчдыг 100% хамруулна.

Гурав. Үндэсний чанарын судалгааны төлөвлөлт, зохион байгуулалт

3.1.Үндэсний чанарын үнэлгээний судалгааны бэлтгэл хангах хүрээнд Боловсролын үнэлгээний төв доор дурдсан ажлыг зохион байгуулна.

3.1.1.судалгаа хийх товыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтох;

3.1.2.судалгаа зохион байгуулах удирдамж, аргачлалыг энэ журамд нийцүүлэн боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад танилцуулж, саналыг тусган батлах

3.1.3.энэ журмын 2.2-д заасан судалгааны хамрах хүрээ, арга хэлбэрт нийцүүлэн чанарын судалгаагаар сургалтын үр дүн /суралцагчийн эзэмшсэн цогц чадамж, унших чадвар/-г үнэлэх шалгуурыг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагатай хамтран боловсруулах

3.1.4.журмын 3.1.3-д заасан шалгуурын дагуу бичгийн шалгалтын даалгаврыг сургалтын хөтөлбөрт нийцүүлэн боловсруулах, судалгааны бусад арга хэрэгслийг болон холбогдох хууль тогтоомж, нийцүүлэн боловсруулах;

3.1.5.журмын 3.1.4-д заасан шалгалтын даалгавар, судалгааны арга хэрэгслийг турших, тохирц, найдвартай байдлыг хангах.

3.2.Үндэсний чанарын судалгаанд хамрагдах төрийн бус өмчийн сургуулийг түүврээр сонгох, чанарын судалгаанд хамрагдах нийт сургуулиудаас бичгийн шалгалтад хамрагдах сурагчдыг боловсролын салбарын мэдээллийн системд суурилан санамсаргүй түүврээр доор дурдсаны дагуу сонгоно.

3.2.1.бичгийн шалгалтад тухайн сургуулийн 5, 9, 11 дүгээр ангийн нийт суралцагчдын 10-аас доошгүй хувийг тус тус хамруулах;

3.2.2.тухайн бүлгийн нийт суралцагчийн тоо 60-аас хэтрэхгүй байх тохиолдолд суралцагчдын 25-аас доошгүй хувийг хамруулах;

3.2.3.бичгийн шалгалтад хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй суралцагч гарах тохиолдолд нөхөн хамруулах нөөц болгон 5 хүртэлх суралцагчийг түүврээр сонгох;

3.3.Асуулга, ярилцлагад оролцох багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийн түүвэр хийх аргачлалыг энэ журмын 3.2.2-д заасан удирдамжид тусгана.

3.4.Үндэсний чанарын судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулах судлаачдын багийг бүрдүүлж, удирдамж, арга зүйгээр хангах сургалт зохион байгуулна.

3.5.Судалгааны арга хэрэгсэл боловсруулах, турших, хэвлэх, савлах, нэгж байгууллагад хүргүүлэх, мэдээлэл цуглуулах, боловсруулах шатанд ажиллах албан тушаалтан шалгалтын материалын нууцлалыг хангаж ажиллана.

3.6.Боловсролын үнэлгээний төв нь чанарын судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг энэ журмын 3.4-д заасан судлаачид боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагатай хамтран энэ журмын 3.2.2-д заасан удирдамжийн дагуу зохион байгуулна.

3.7.Чанарын судалгааг цахимаар зохион байгуулж болно. Энэ тохиолдолд үнэлгээ зохион байгуулах цахим орчин бүрдүүлсэн байна.

Дөрөв. Олон улсын чанарын судалгааны төлөвлөлт, зохион байгуулалт

4.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Боловсролын үнэлгээний байгууллага хамтран сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын чанар, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн унших чадварыг үнэлэх олон улсын судалгааг тус тус сонгож, түүнд хамрагдах тухай шийдвэрийг гаргана.

4.2.Олон улсын чанарын судалгаанд 5, 15 настай хүүхдийг, унших чадварын үнэлгээнд ерөнхий боловсролын сургуулийн 4, 8 дугаар ангийн сурагчдыг тус тус 3 жил тутам хамруулна.

4.3.Боловсролын үнэлгээний байгууллага нь энэ журмын 1.6-д заасны дагуу сонгогдсон олон улсын судалгааны арга зүйг судалж, холбогдох бэлтгэл ажлыг хангах, судалгааг зохион байгуулах ажлыг тухайн судалгааны байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

4.4.Үндэсний болон олон улсын чанарын судалгааг нэг жилд давхцахгүй байхаар зохицуулна.

Тав. Судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлагнах, үр дүнг ашиглах

5.1.Боловсролын үнэлгээний төв энэ журмын 4.1-д заасны дагуу цуглуулсан судалгааны мэдээллийг нэгтгэн шинжилгээ хийж, сургалтын орц, явцын түвшинд боловсролын чанарт нөлөөлж буй хүчин зүйлс, тулгамдсан асуудлын доор дурдсан чиглэлээр тодорхойлж дүгнэлт гаргана:

5.1.1.хүүхэд бүр суралцах тэгш боломж бүрдүүлсэн байдал;

5.1.2.сургалтын орчин, сурах бичиг, хэрэглэгдэхүүн, нөөц материалын хүртээмж;

5.1.3.багшийн хангамж, тэдний хөгжлийг дэмжих үйл ажиллагаа үр дүнгийн хамаарал;

5.1.4.ээлжит хичээлээр суралцагчийн ялгаатай байдлыг харгалзсан, бүтээлч үйлийг дэмжсэн идэвхтэй сургалт төлөвлөн хэрэгжүүлж буй байдал;

5.1.5.улсын хэмжээнд болон аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд суралцагчийн эзэмшсэн цогц чадамж;

5.1.6.багш, удирдах ажилтны чадамж, суралцахуйн үр дүнгийн хамаарал;

5.1.7.суралцагчийн гэр бүлийн байдал суралцахуйн үр дүнгийн хамаарал.

5.2.Судалгааны дүгнэлт, тайланг судалгааг зохион байгуулснаас хойш 3 сарын дотор Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж, цаасан болон цахим хэлбэрээр хүлээлгэн өгнө.

5.3.Энэ журмын 4.2-д заасан дүгнэлтийг олон нийтэд танилцуулах ажлыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Боловсролын үнэлгээний байгууллага хамтран зохион байгуулна.

5.4.Боловсролын үнэлгээний байгууллагын мэдээллийн санд чанарын судалгааны өгөгдлийн сан үүсгэн, судалгааны дүгнэлтийг Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн болон боловсролын газар, хэлтэст тус тус хүргүүлнэ.

5.5.Боловсролын ерөнхий газар чанарын судалгааны үр дүнд үндэслэн багшид зөвлөн туслах ажлын агуулга, хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын орчин бүрдүүлэх, хичээл, сургалтын үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн арга хэмжээг үндэсний түвшинд хэрэгжүүлнэ.

5.6.Боловсролын үнэлгээний байгууллага, Боловсрол судлалын үндэсний хүрээлэн хамтран чанарын судалгааны үр дүн болон гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгийн хамаарлыг судалж, боловсролын чанарыг сайжруулах бодлогын зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.

5.7.Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн чанарын судалгааны үр дүнд үндэслэн сургалтын хөтөлбөрийг сайжруулах бэлтгэл хангах, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, багш бэлтгэх хөтөлбөрийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ.

5.8.Боловсрол, шинжлэх ухааны яам чанарын судалгааны үр дүн, бодлогын зөвлөмжид тулгуурлан боловсролыг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ.

5.9.Олон улсын судалгааны дүнг холбогдох байгууллага, олон нийтэд таниулах ажлыг Боловсролын үнэлгээний төв, судалгааны үр дүнд үндэслэн боловсролын бодлого, төлөвлөлтийг сайжруулах санал боловсруулах ажлыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн тус тус зохион байгуулна.

Зургаа. Бусад

6.1.Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага болон сургалтын байгууллага нь чанарын судалгааг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана.

6.2.Чанарын судалгаа зохион байгуулах зардлыг тухайн жилийн Улсын төсөвт тусган баталж, хэрэгжүүлнэ.

 

. . . 000 . . .