"СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИХ ХЯНАЛТЫН ЖУРАМ" -ЫН ТӨСЛИЙН САНАЛ АВЧ БАЙНА 2023-10-12

A- A A+

 

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Журам боловсруулах үндэслэл:

Монгол Улсын Их хурлаас 2019 онд баталсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.5-д Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журмыг мэргэжлийн хяналтын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах”-аар заасны дагуу “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам”-ыг боловсруулж, Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 28/А/108/А/180 дугаар хамтарсан тушаалаар баталсан. Уг журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5786 дугаарт бүртгэснээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

 Төрийн хяналтын байгууллагын бүтэц, тогтолцоонд өөрчлөлт орж чиг үүрэг харъяа яамдууд шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их хурлаас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг дагаж Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.5-д Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам”-ыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлахаар туссан.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны  403 дугаар тогтоолоор  Боловсролын ерөнхий газар байгуулагдан сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний  бодлогын хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий нэгжийг байгуулсан.

Дээрх хууль тогтоомжид нийцүүлэн “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам”-ыг шинэчлэн батлуулахаар санал авч байна.

Энэхүү журам нь холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоо, хамтын хяналтыг бүрдүүлэх замаар сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах,  салбарын чиглэлээр зөвлөн туслах, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд нэн чухал ач холбогдолтой болно.

          Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа Tsendsuren@mecs.gov.mn цахим хаягаар ирүүлж, хамтран ажиллахыг хүсье.

ТӨСӨЛ

СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНД
ТАВИХ ХЯНАЛТЫН ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

  1. Энэхүү журмын зорилго нь ерөнхий боловсролын сургууль түүний дотуур байрын/  цаашид сургууль гэх/ хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх, зөвлөн туслах, мэргэжил арга зүйн дэмжлэг замаар суралцагчдад чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан хоол, хүнсний үйлчилгээг үзүүлэхэд оршино.
  2. Өмчийн бүх хэлбэрийн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд  энэхүү журмыг мөрдөнө.

          1.3. Энэхүү журмын зохицуулалтад холбогдох төрийн захиргааны байгууллага, тухайн шатны Засаг дарга, орон нутгийн боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн газар хамтран сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, түүний орчин, аюулгүй байдалд хяналт, үнэлгээ хийх чиглэл, удирдлага зохион байгуулалт, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах арга хэмжээ хамаарна.

1.4.  Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хяналт, үнэлгээнд төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг татан оролцуулж болно.

        1.5. Энэхүү журмын зохицуулалтаас гадна сургуулийн хоол үйлдвэрлэл,  үйлчилгээнд орон тооны бус “Хяналтын зөвлөл”, байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх нэгж, албан тушаалтан холбогдох журмын дагуу хяналт тавьж ажиллана.

Хоёр. Удирдлага, зохион байгуулалт

2.1.  Төрийн захиргааны төв байгууллага:

2.1.1. Энэхүү журмын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.

2.1.2  Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан хяналт, шалгалтыг хамтран зохион байгуулж болно.

2.1.3 Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангахад салбар дундын бодлогын уялдаа холбоог хангасан төлөвлөлт, шийдлийг гаргаж хэрэгжилтийг удирдлагаар хангана.

2.1.4 Хяналт, үнэлгээний дүнг Боловсролын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан Мэргэжлийн зөвлөлд танилцуулан холбогдох шийдвэрийг гаргуулна.

  2.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга:

   2.2.1  Журмын 2.3.1-д заасан хяналт, үнэлгээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж,  салбар дундын зохион  байгуулалтыг удирдлагаар хангана.

   2.2.2   Хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бодлого, удирдлага зохион байгуулалт, хэрэгжилтийг ханган ажиллах төрийн болон төрийн бус байгууллага,   аж ахуй нэгж, олон нийтийн оролцоог хангасан орон тооны бус “Хүүхдийн хоолны зөвлөл”-ийг байгуулж, ахалж ажиллана.

    2.2.3. Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоодын үйл ажиллагааг дэмжиж чадавхжуулах, хүүхдийн хоол хүнсний хангамжид тохирлын баталгаанд хамруулсан  хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэхэд эрхзүйн таатай орчныг бүрдүүлнэ.

   2.2.4. Хүүхдийн хоолны норматив зардлын зарцуулалтад хяналт тавих, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлсэн тогтвортой худалдан авалт, ханган нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх.

  2.2.5  Сургуулийн хүүхдийн хоол тэжээлийн байдлын судалгаа, орчны үнэлгээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлж, гүйцэтгэл үр дүнг хянана.

 2.2.6. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх хууль, тогтоомжийг хэрэгжилтэд хяналт тавих,  шаардлагатай төсөв санхүүжилтийг шийдвэрлэнэ.

2.3 . Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага:

  2.3.1. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин, хоол, хүнсний хангамж, хүртээмж, чанар аюулгүй байдлын хяналт, үнэлгээг жил бүр  зохион байгуулж, тайланг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

2.3.2. Салбарын чиглэлээр хяналт, үнэлгээний  хуудсыг боловсруулан баталж, орон нутгийн байгууллагыг удирдлага, арга зүйгээр хангаж ажиллана.

      2.3.3 . Журмын 2.2.2-д заасан хяналт, үнэлгээг дараах чиглэлийг баримтлан хэрэгжүүлнэ. Үүнд:

                     2.3.3.1 сургуулийн хоол үйлдвэрлэлийн байрны орчин нөхцөл, стандартын хэрэгжилт;

               2.3.3.2 хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж,           хүрэлцээ;

               2.3.3.3. ханган нийлүүлэгчтэй хийсэн гэрээний хэрэгжилт;

                 2.3.3.4. нэг хүүхдэд ногдох үдийн хоолны норматив зардлын зарцуулалт, хоолны цэс төлөвлөлт, орц, шим тэжээлийн байдал; 

                 2.3.3.5. сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх журмын хэрэгжилт;

               2.3.3.6. усан хангамж, шүүлтүүртэй цэвэр усны хүрэлцээ;

                 2.3.3.7. мэргэжлийн хүний нөөцөөр хангагдсан байдал, ур чадвар, түвшин;

                 2.3.3.8. хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын тоног төхөөрөмжийн ашиглалтын байдал, хүрэлцээ, хүчин чадалд тохирсон эсэх;

               2.3.3.9  Эрүүл мэнд, хоол шим тэжээлийн боловсрол олгож байгаа байдал;

               2.3.3.10  удирдлага, зохион байгуулалт.

         2.3.4. Энэхүү журмын 2.2.1-т зааснаас гадна дараах чиглэлээр хяналт, үнэлгээ хийнэ. Үүнд:

                    2.3.4.1. сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хэрэгжиж буй  төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт;

              2.3.4.2.  сургуулийн орчин дахь хоол шим тэжээлийн байдал, эрүүл бус хүнсний зар сурталчилгаа, нөлөөлөл;

              2.3.4.3 Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу хяналт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллана.  

           2.3.4.4 Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой хяналт, үнэлгээний мэдээллийн сан үүсгэж, хөгжүүлнэ.

          2.3.4.5. Хяналт, үнэлгээний дүн мэдээлэлд үндэслэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.

               2.3.4.6. Холбогдох хууль тогтоомж, шийдвэр, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр сургалт мэдээлэл, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулна.

             2.3.4.7. Хуульд заасан бусад чиг үүрэг.

           2.4. Аймаг, нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуйн газар:

          2.4.1. Журмын 2.3.1-т  заасан хяналт, үнэлгээг хийж гүйцэтгэн , санал, дүгнэлтийг нэгтгэн 2.2.2-т заасан зөвлөлд танилцуулан хэлэлцүүлж, дүн танилцуулга, шийдвэрийг холбогдох төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

            2.4.2. Хяналт, үнэлгээний явцад хүний амь нас, эрүүл мэндэд хохирол  учруулах нөхцөл байдал илэрсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллана.

           2.4.3 Сургуулийн удирдлага, холбогдох ажилтан, суралцагчдыг хүүхдийн зохистой хооллолт, хүнсийг зөв сонгох, хэрэглэх, эрүүл хүнсний талаар тогтмол зөвлөгөө мэдээллээр хангах чиглэлээр сургалт сурталчилгааг хамтран зохион байгуулна.  

2.4.4. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой хоол, хүнснээс шалтгаалсан байнгын болон өвчлөлийн үеийн тандалт судалгааг хийж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, холбогдох байгууллагад үр дүнг мэдээлнэ. 

          2.4.5. Сургуулийн хүүхдэд олгож буй хоол хүнсэнд хүүхдийн хэвийн өсөлт хөгжилтөд шаардлагатай шим тэжээл, амин дэм, илчлэгийн норм хэмжээг хангуулахад зөвлөмж мэдээллээр хангана.

         2.4.6 Журмын 2.3.4.2-т заасан хяналт үнэлгээний ажлыг хамтран зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллана.

         .

                                                                Гурав. Бусад

      3.1.  Төрийн хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага  нь сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрсдэлийн үнэлгээний дүн, төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус хяналт шалгалтын мэдээллийг жил бүрийн 12 дугаар сард багтаан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж хамтран ажиллана

      3.2. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой хоол, хүнснээс шалтгаалсан хордлого, халдварын үед холбогдох тушаал, дүрэм, журмыг удирдлага болгон мэдээллийг шуурхай солилцож хамтран ажиллана.

     3.3. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, олон нийтэд чиглэсэн зөвлөн туслах, сургалт сурталчилгааны ажлыг  хамтран зохион байгуулна. 

     3.4. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь салбарын хэмжээнд дотоод хяналтыг төлөвлөн хэрэгжүүлж болно.

    3.5.  Энэхүү журмын хүрээнд хяналт тавих байгууллагууд нь төлөвлөлт, зохион байгуулалтын уялдаа холбоог хангаж ажиллана.

                                             Дөрөв. Хариуцлага

            4.1. Хяналт, үнэлгээний дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үүрэг даалгаврын биелэлт нь тухайн сургуулийн удирдлага, албан тушаалтны үр дүнгийн гэрээг дүгнэхэд харгалзан үзэх үндэслэл болно.

      4.2.  Хууль, тогтоомжийг мөрдөж ажиллаагүй хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

                                            ........... ооОоо ...........